Дэлхийн Гиннесийн холбооноос манай улсад 3000 морины уралдааныг зохион байгуулах зөвшөөрлийг албан ёсоор олгосны дагуу өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал болж байна.
Монголын үндэсний хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэх 3000 морины уралдаан, үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтны жагсаалд 11 мянга 500 орчим морьтон оролцсон тухай урьдчилсан мэдээлэл байна. Уг арга хэмжээнд оролцохоор 21 аймгийн бүх сумдаас төлөөлөл ирсэн, аймаг тус бүрээс дунджаар 200-500 морьтон ирж оролцож байгаа талаар зохион байгуулагчид хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Тод манлай уяач цолтой 16 уяач болон дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй олон алдартнууд оролцжээ.
10 мянган морьтны жагсаалд оролцогчид дөрвөн км газраас барианд орсон бөгөөд 16.00 цагаас монголчуудын морины их жагсаалын үйл ажиллагааг дүгнэж, Дэлхийн Гиннесийн байгууллагын шүүгч нар “Дэлхийн дээд амжилтын батламж” гардуулах юм байна.
Монголын морин спорт, уяачдын холбоо маргааш Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” Монголын үндэсний 3000 хурдан морьдын уралдааныг зохион байгуулна.
П.ДАРХАН
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ