Өсвөрийн тамирчид “Наньжин”-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчид “Наньжин”-д өрсөлдөнө

"Наньжин 2013" Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадамд оролцох Монголын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны байранд боллоо.

Уг ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ССАЖЯ-ны Спортын Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, МҮОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ж.Отгонцагаан, Спортын бэлтгэлийн төвийн дэд захирал Ц.Одонбаяр, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа нар оролцлоо.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн "Энэхүү наадам нь Азийн хүүхдүүдийг зөвхөн спортоор өрсөлдүүлэх биш, урлаг соёлын томоохон арга хэмжээ байж, олон од тамирчидтай уулзуулах чухал арга хэмжээ юм. Тиймээс та бүхэн талбай дээр болон талбайн гадна идэвхитэй байж, олон найз нөхөдтэй болж, ирээдүйн шилдэг тамирчин болох итгэлийг олж авах нь чухал" гэдгийг онцолсон юм.

Наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар ширээний теннисний улсын хошой аварга М.Дэлгэрмаа ажиллахаар болж, түүний тугийг ССАЖЯ-ны Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо гардуулан өглөө.

Спортын наадамд спортын 10 төрлөөр 87 тамирчин оролцох юм. Наадамд нийт Азийн олимпийн зөвлөлийн 45 улс оролцох бөгөөд өсвөрийн тамирчид нийт 118 багц медалийн төлөө хүч сорино. Хоёр дахь удаагийн Азийн хүүхдийн спортын наадам БНХАУ-ын Наньжин хотноо 2013 оны 8 дугаар сарын 16-24-ий хооронд спортын 16 төрлөөр зохиогдоно. Энэхүү наадам нь нөгөө талаараа “Наньжин 2014” хүүхдийн олимпийн өмнөх хамгийн том туршилт, бэлтгэл ажлын шалгуур болох юм.

Азийн хүүхдийн спортын II наадамд Монголын баг тамирчид спортын 10 төрөлд 76 тамирчнаа сойж буй. Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МХАХ-ны ЕНБД Ч.Зоригтбаатар ажиллах үүрэг хүлээжээ. Сонирхуулахад, Монголын баг “Сингапур 2009” наадамд 27 тамирчнаа илгээж байсан юм.

Монголын багийн оролцох спортын төрлүүд:

  1. Хөнгөн атлетик
  2. Сагсан бөмбөг
  3. Туялзуур сэлэм
  4. Гандбол
  5. Жүдо
  6. Буудлага
  7. Ширээний теннис
  8. Талбайн теннис
  9. Хүндийг өргөлт
  10. Усан спорт

Вэб хуудас: www.nanjing2013.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж