Лизингэд 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Лизингэд 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газраас “Хас лизинг” компанид 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байна. Уг бичиг баримтад гарын үсэг зурах ёслол дөнгөж сая “Iloft” хурлын танхимд боллоо. Энэ хөрөнгийг хөдөө орон нутагт байгаа үйлдвэр эрхлэгчид, тариаланчдад олгох юм байна. Лизингийн хэмжээ гадаадын тоног төхөөрөмж бол 100 сая төгрөг, дотоодод үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бол 50 сая төгрөг хүртэл байна. Зээл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, компаниуд орон нутагт байгаа Хас банкны салбарт төслөө танилцуулж, санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хамрагдах юм байна. Тус компанитай бэлтгэн нийлүүлэгч дотоод, гадаадын 80 орчим компани хамтран ажилладаг, тэдгээрээс техник, тоног төхөөрөмжөө сонгох ба гадаадаас сонгож Хас лизингээр дамжуулж худалдан авч болох ажээ.

Гарын үсэг зурах ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Бадарч болон “Тэнгэр санхүүгийн нэгдэл” группын захирал Ч.Ганхуяг, Хас лизинг компанийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нарын холбогдох хүмүүс байв.

Түүнчлэн “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт бага хурлын үеэр өөр нэгэн хөрөнгө оруулалтын гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон. Энэ нь толгой компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл” групп “Хас лизинг” компанийн хөрөнгийг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.  Өмнө нь Олон улсын санхүүгийн корпораци Хас лизинг” компанид мөн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж