НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
Хуулийн төсөлд:

  •  Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн
  • Импортоор нийлүүлэгдэх  төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зам, дохиолол, холбооны тоног төхөөрөмж
  • Хийн түлшээр ажилладаг, 1500 см/3 хүртэлх хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи суудлын автомашиныг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг тусгажээ.

Харин хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх,  үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзлээ.
Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан махыг татвараас чөлөөлснөөр “ченж”-үүдийн шат дамжлагыг багасгах, махны үнийг хэт хөөрөгдөхгүй байх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах талаасаа ч ач холбогдолтой юм.

ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА

    “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Эхний ээлжинд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт Шивэртийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулахаар чиглэлд тусгажээ.
Төрийн бус өмчийн сургуулиуд 5-10 мянган оюутантай болон нэгдэж, нийлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж газар олгохоор төлөвлөж байна.  
Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлнэ. Ховд аймаг дахь “Ховд” их сургуулийг баруун бүсийн, Дорнод аймгийн “Дорнод” дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон, Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургууль байгуулж хөгжүүлэхээр болжээ.
Хотхоны ашиглалтын өмнөх захиргааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэд байгуулан ажиллахаар тогтоод байна. Төр-хувийн хэвшлийн  түншлэлд тулгуурлан оюутны байрны тодорхой хэсэг, үйлчилгээний нийт байгууллагыг хувийн хэвшлийн хүч, хөрөнгөөр байгуулна.
Хотхонд Шинжлэх ухааны академийн зарим хүрээлэн, төвийг байршуулах нь шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн уялдааг системтэй болгож, үр дүнг сайжруулах нөхцлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзлээ.
Их сургуулиудын хотхон нь нэгдсэн том мэдээллийн төв буюу номын сан, биеийн тамирын танхим, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудтай байна.
Их сургуулиудын лаборатори, тэнхимүүдийн мэдэлд байгаа өндөр үнэтэй, нарийн багаж , тоног төхөөрөмжийг төвлөрүүлэн, нийт оюутан, багш, төрийн болон төрийн бус, бизнесийн бүх байгууллагын захиалга, хүсэлтээр үйлчилдэг “Нэгдсэн судалгааны болон туршилтын төв” байгуулахаар төлөвлөжээ.  
Их сургуулиудын хотхоныг 2010-2021 онд багтаан үе шаттай барьж байгуулах бөгөөд ингэснээр :

  • Дээд боловсролын хөрвөх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар дээшилж, олон улсын тэргүүлэх их сургуулийн жишигт ойртох нөхцөл бүрдэнэ
  • Эдийн засгийн хөгжлийн бодит хүч болох оюутан залуучуудын сурч боловсрох, хүмүүжиж төлөвших таатай орчин бүрдэнэ
  • Үндэсний их сургуулиудын сургалт, судалгааны орчин нөхцөл, ашиглалт сайжрана
  • Сургалтын мэргэжлийн давхардал арилж, бүтэц оновчтой болон, зах зээлийн эрэлтэд нийцсэн тогтолцоо бий болно
  • Сургалт – эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл – бизнесийн холбоо бодитойгоор хэрэгжиж эхэлнэ
  • Монгол Улсын өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хангах суурь нөхцөл сайжирна гэж үзэж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.        
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж