Энэ жилээс эхлэн сурагчийн дүрэмт хувцсыг төрийн зүгээс нэгдсэн загвар, өнгөөр эх орныхоо үйлдвэрүүдээр оёулахаар болсон. Энэ нь үндэсний оёдлын үйлдвэрээ, монголын оёдолчдоо дэмжих төрийн бодлого юм. Сурагчийн дүрэмт хувцсыг ийнхүү монголдоо оёсноор ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид монголдоо үйлдвэрлэсэн, хонины ноосон цамц, чанартай формоор жигдэрч байгаа юм.
Ингэснээр Монгол оёдлын нэгдсэн холбоо сурагчийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийг хариуцан ажиллахаар болж, гадаадаас бэлдэц авчран чанар муутай хувцас нийлүүлдэг явдлыг зогсоохоор түүхий эд бэлтгэх үеэс эхлэн эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх дамжлагыг үндэсний компанийн оролцоотойгоор шийдэхийг чухалчихсан аж.
Оёдлын 139 компани энэ ажилд оролцож байгаа бөгөөд 3551 ажилчин ажлын байраар хангагдан ажиллаж буй гэнэ. Засгийн газраас дүрэмт хувцсанд зориулж 23 тэрбум төгрөгийг шийдэж, үйлдвэрлэгчид эхний ээлжинд ашгийн төлөө хөөцөлдөлгүйгээр чанартай, хямд үнэтэй хувцас нийлүүлэхийг зорьж байгаа гэнэ.
Харин энэ жилийн сурагчийн дүрэмт хувцас хэтэрхий үнэтэй байна гэж зарим эцэг эхчүүд үзэн, худалдан авахгүй байхыг уриалсан юм. Сурагчийн дүрэмт хувцас, нэмэлт сорочка, ноосон цамц /кардиган/, майктайгаа нийлээд 102-142 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь олон хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүндрэлтэй байна гэж үзэж байгаа юм. Эцэг эхчүүдийн хувьд сурагчийн дүрэмт хувцас байх нь маш зөв хэрэг хэмээн дэмжиж байгаа ч өндөр үнэтэй дүрэмт хувцас нийлүүлэгдсэнээр баян ядуугийн ялгаа улам ихээр гарах болно гэж үзэж байна. Учир нь энэ хувцсыг өмссөн хүүхдүүд нь баян харагдаж, харин дүрэмт хувцас худалдаж аваагүй хүүхдүүд нь ядуу харагдах магадлалтай болчихоод байгааг хэлж байна.
Тэгвэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал тэргүүтэй албаны хүмүүс ирэх аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд бэлэн байх ёстой сурагчийн дүрэмт хувцсыг оёх ажилтай өнөөдөр танилцлаа. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал хамгийн эхэнд дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох кардиган, майкны үйлдвэрлэлийн утас ээрэх үйлдвэрүүдээр очлоо. Сүлжмэлийн утас ээрэх зургаан үйлдвэр ирэх есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 60 хувь нь монгол хонины ноосноос бүрдсэн 34 тонн 640 кг ээрмэл утас бэлтгэх юм. Бидний хамгийн түрүүнд очсон “Мон Форте” ХХК гэхэд 5,7 тонн утас ээрэх даалгавартайгаар ажиллаж байгаа гэв. Эднийхээс “Төгс кашимер” ХХК, “Хантай хайрхан” ХХК кардиган буюу сурагчийн дүрэмт хувцасны ноосон цамц, майкыг нэхэх хар хөх утас авахаар гэрээ байгуулсан аж.
Энэ мэтээр үндэсний сүлжмэлийн үйлдвэрүүд, утас ээрэх үйлдвэрүүдтэйгээ гэрээ байгуулан, нягт хамтран ажиллаж байгаа юм байна.
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал хамгийн сүүлд Сүлжмэлийн үйлдвэрт очиж, “Тэмүжин Менч” ХХК-ийн ажилтай танилцлаа. “Тэмүжин Менч” компани энэ жилийн сурагчийн дүрэмт хувцасны сорочкан цамцыг дангаараа үйлдвэрлэх юм. Наймдугаар сарын 25 гэхэд нэгээс гуравдугаар ангийн сурагчийн дүрэмт хувцасны сорочкан цамцыг бэлэн болгохоор уртасгасан цагаар ажиллаж байгаа гэлээ. Ажил хугацаандаа амжина гэдгийг тус компанийнхан итгэлтэйгээр хэлж байлаа. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноос боловсруулах, утас ээрэх, сүлжмэлийн үйлдвэрүүдийн ажлын явцтай танилцаад тэдний богино хугацаанд хийх энэхүү нөр их ажилд амжилт хүсч, намар яамны нүүрийг улайлгахгүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг захилаа. Сурагчийн дүрэмт хувцсыг танилцуулах арга хэмжээ маргааш буюу наймдугаар сарын 9-нд 13:00 цагаас “Шилмэл загвар” агентлагийн байранд болох гэнэ.
Ямартаа ч есдүгээр сарын 1-нд бага ангийнхны хувцас хэрэглэгчдийнхээ гар дээр хүрсэн байх бол дунд ангийнхны хувцас есдүгээр сарын 20-нд, ахлах ангийнхны хувцас аравдугаар сарын 30 гэхэд бэлэн болгохоор Монголын үндэсний компаниуд цагтай уралдан ажиллаж байна.