Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Барилгын бизнес эрхэлдэг танил маань ойрд тун ч бухимдуу явах боллоо.

Уг нь төрөөс орон сууц барихыг дэмжихээ зарлаж, найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр эх­лүүлсэн нь том боломж хэмээн харсан тэрбээр гаднаас хөрөнгө оруулагч олоод гайхуулахаар томоо байг гэхэд подхийсэн жишиг хороолол барихаар зүтгэ­сэн юм.Энэ ажилд нь ахиц гарах нь хэмээн тэр тун ч баяртай явсан.Хамгийн гол нь бусадтай адил барьсан сууцныхаа үнийг сүнсгүй нэмж, сүүмэлзэх ашгийнх нь сүүдэрт хууртан алгаа үрчиж түрийвчээ сэгсэрч суудаг нэгэн тэр биш л дээ.Дийлэхгүй том ажил авчихаад дэндүү ихийг амлах зан ч түүнд байхгүй.Нэг үгээр тэр хачирхалтай гэмээр “коммунист”.Гэр хороололд өссөн, олон охин нойтон хүүхэд­тэй айлын ууган хүү учраас араасаа дагасан дүү нараа ажил амьдралын захтай болгох гэж боломж бололцоо бүхнээ дайчлан зүтгэж жижиг компани байгуулсан нь өргөжин тэлж өдий хүрснийг ойр тойрныхон нь ч андахгүй.Оршин тогтносон арваад жилийнхээ хугацаанд голдуу том компанийн гүйцэтгэгчээр ажиллаж, овойж оцойтлоо байг ажилчдаа цалинжуулж, амьжиргаагаа залгуулаад боломжийн л явж.Гэхдээ түүнд таалагддаггүй нэг зүйл байсан.Тэднээр хийлгэсэн таван төгрөгийн ажлаа захиалагч нь бараг арав дахин нэмээд худалдчихдаг.Шат шатандаа нэмэгдсэн үнийн дарамт хэрэглэгчийн нуруун дээр хэтэрхий хүндэрч унадагт тэрбээр бухимддаг байсан юм.Тиймээс Солонгост хэдэн жил сурсан дүүгээрээ дамжуулаад хөрөнгө оруулагч олжээ.Хангуг ноёдтой гэрээ хэлэлцээгээ хийгээд төгрөг мөнгөө тохирчихсон болохоор барих газар, барилгын зураг төсөл, элдэв зөвшөөрөл энэ тэрийнхээ төлөө энэ зунжин таваргаж буй гэнэ.Зураг төсөл ч гарч, төсөв төлөвлөгөө нь ч бэлэн болжээ.Хамгийн гол нь тэдний барьсан орон сууцны үнэ бодит өртгөөсөө өндөр биш ч тодорхой хувийн ашигтай байх тохироог солонгос хөрөнгө оруулагчтайгаа хийж чадсан байжээ.Гэтэл цаасан дээр буусан хөөрхөн хорооллоо бодитоор нь босгоход асуудал тулгарав.  Хотын захад, бас хэд гурван цаас зарлагадаж байж газрын асуудлаа шийдээд Засаг даргаар нь захирамж гаргуулж нэг үгээр барилгаа барихад бэлэн болчихоод байсан гэнэ.Хотын захиргаанаас цуглуулдаг элдэв гарын үсгийнхээ араас явсан анхны өдрөөс л уур бухимдлынх нь утаа саагиж эхэлжээ.

Юуны өмнө Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх гэрээ байгуулах ёстой гэж.Уг гэрээгээр барих гэж буй орон сууцных нь тодорхой хувийг хот ямар ч үнэ төлбөргүй авна.Хэрэв үүнийг үл зөвшөөрвөл барилгаа барих тухай бодоод ч хэрэггүй болохыг тус газрын мэргэжилтэн тун ч эвлэгхэнээр ойлгуулсан гэнэ.Ингээд л тоо бодож гарч дээ.Тэднийх эхний ээлжинд есөн давхар, 172 айлын орон сууц барихаар төсөв, төсөл бүх зүйлээ хийлгэжээ.Барих орон сууцны нийт талбай нь 9500 ам метр. Хоттой хийх гэрээгээр энэ талбайнхаа 2,0 хувийг үнэ төлбөргүйгээр, дээрээс нь тохиролцсон орон сууцны нийт талбайг тэгшитгэх зорилгоор 28,4 ам метрийг өөрийн өртгөөр нь тооцож төгрөгөөр өгөх үүрэг хүлээхээр болжээ. 9500 ам метр талбайн 2,0 хувь гэхээр 59 ам метр талбайтай хоёр өрөөтэй орон сууц хоёр, 42 ам тетр талбайтай хоёр өрөө сууц нэг нийт гурван байр Нийслэлийн орон сууцны фондод нэмэрлэх тооцоо гарчээ. Үүн дээр өнөөх талбай тэгшитгэх журам гэдгээр 20 гаруй сая төгрөг бэлнээр тушаах ёстой гэнэ.Барилгын ажлаа эхлээ ч үгүй байхаас л ийн өрөнд орж эхэлсэн болохоор гаргасан зардал бүрээ зарах байрныхаа үнэ ханшид шингээж тооцохоос аргагүй болсон байна.Чанартай барилга бариад хямд үнээр хэрэглэгчид хүргэх мөрөөдөл нь цаасан дээрээ үлдэж амласан анхны үнээ нэмэхээс аргагүйд хүрснээс ийн бухимдуулж бачимдуулж байгаа аж.

Хамгийн гол нь нийслэл орон сууцны фонд бүрдүүлэх нэрээр барилгын компаниудаас үнэ төлбөргүйгээр татаас авч буйнхаа хариуд ямар нэг үүрэг хүлээхгүй.Ердөө л та энэ гэрээг хийхгүй бол хот танд ажил гүйцэтгэх зөвшөөрөл энэ тэрийг өгөх албагүй хэмээгээд тас тэгнээд хэвтчих ганцхан нөхцөл бий.Нэгэнт бүх зүйлээ жин тан болгоод ажлаа эхлэх гарааны зурхайд ирчихсэн хойно иймэрхүү тулгалт хийж буй учир буцах арга, бултах зам байхгүйг шийдвэр гаргагчид анхаасаа тооцоолсон байдаг бололтой хэмээн танил маань шогширч сууна.Энэ бол түүний тулгарсан анхны даваа.Үүнээс цааш адил төстэй татаасын даваа хэд хэчнээн гарч ирэхийг тэр мэдэхгүй байна гэсэн.Эцэст нь энэ нийгэмд бүгдийг шударгаар зөв хийнэ гэдэг хэцүү болжээ. Төрийн нэр барьж, хуулиар далайлган  иймэрхүү боловсон дээрэм хийгээд байхаар бизнесийнхэн ашгаа хомсдуулж, унацаа багасгахгүйн тулд үнээ нэмэхээс өөр гарц үгүй болдог юм байна хэмээсэн. Тиймээс анх ам метрийг нь 1,05 саяар худалдахад ажилчдаа цалинжуулаад, компани болоод хөрөнгө оруулагч чамгүй хөөрхөн ашиг олоод дараагийн 172 айлын сууцаа босгох анхны хөрөнгө оруулалтдаа толгой өвдөхгүй гэсэн бардам тооцоо нь баларч эхэлжээ. Үнээ хэвээр нь барихын тулд урдаас хамгийн хямдхан  материал оруулж ирэх нэг гарц байгаа ч баталгаа өгч чадахгүй ийм эрсдэлээс айж байгаагаа ч нуугаагүй. Бизнесийнхэнд толгойны өвчин авчирч буй иймэрхүү шийдвэр төрөөс олон гарвал хөлд нь жирийн иргэд өртөж, үнийн хөөсөнд дарлуулж үгүйрч хоосроод нийтээрээ модоо барих нь тодорхой аж.

Н.САРАНГЭРЭЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж