
Спортын “Score” студиэс ерөнхий боловсролын сургуулиудын 16 хүртэлх насны сурагчдын дунд “Алтан дагина -2010” хөлбөмбөгийн тэмцээнийг Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн шинэхэн ногоон талбайд зохион байгуулсан билээ. Нийт гурван сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдсан тус тэмцээнд нийслэлийн сургуулиудаас гадна хөдөө орон нутгаас Налайх дүүрэг, Баянхонгор, Завхан аймгууд оролцсон байна. Оролцогч багууд нийт дөрвөн хэсэг хуваагдан өрсөлдсөн бөгөөд хэсгээсээ эхний хоёр байраар шалгарсан багууд шөвгийн наймд өрсөлдсөн байна. Цаашид бүх тоглолтууд хасагдах системээр болж, аваргуудаа тодруулжээ.
Гурав хоногийн турш зохиогдсон уг тэмцээнд 72 дугаар сургуулийн баг түрүүлж, аваргын цом, нэг сая 300 мянган төгрөгөөр шагнуулсан бол хоёрдугаар байрт 40-р сургууль шалгарчээ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод 45, 97 –р сургуулиуд өрсөлдж, 45-р сургууль ялалт байгуулсан байна. Дашрамд сонирхуулахад, өндөр шагналын сантай, маш дэг журамтай зохиогдсон “Алтан дагина- 2010” хөлбөмбөгийн тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.
Score studio.