Бараг жил бүр сургуулийн сурагчдад хувцас тараадаг. Тэгсэн атлаа тэр нь чанарын шаардлага хангадаггүй, эдэлгээ муутай байдгийг эцэг эхчүүд шүүмжилсэн.“Олны дунд хүүхдүүдээ адлуулахгүй тулд аргагүйн эрхэнд түүнийг нь авдаг.Одоо хүлцэнгүй байдлаа зогсооно” хэмээн маш их бухимдсан байлаа.Дүрэмт хувцсанд жил бүр халаасаа сэгсрүүлдэг эцэг эхчүүд олон нийтэд бухимдлаа хуваалцаж, салбар яамдад шаардах бичиг хүргүүлэх гэж буйгаа танилцуулахаар “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдийг урьсан юм.Яах аргагүй иргэдийн халаасан дахь хэдэн бор цаастай холбоотой юм болохоор амьдралд ойрхон байсан биз, хэвлэлийнхэн ч олноороо цугларсан байв.
Хуралд сурагчдын эцэг эхийг төлөөлж, 10 гаруй хүн хүрэлцэн ирсэн байв. Тэд “Боломжийн үнэтэй, чанартай дүрэмт хувцас сурагчдад санал болгохыг шаардаж буйгаа дуулгасан. Тэд “Одоогийн санал болгоод байгаа 99-157 мянган төгрөгийн хувцас нь баян ядуугийн ялгааг улам ихээр бий болгоно. Мөн багш сурагчийн харилцаанд ан цав гарах, багш нараар дүрэмт хувцасны мөнгө хураалгаж боловсролын цагаас хумсална хэмээн” үзэж байгаа гэнэ. Эцэг эхчүүд “Хэрвээ үнийг нь хямдруулахгүй бол хүүхдүүддээ битгий дүрэмт хувцас авч өмсгөөрэй” гэж уриаллаа.
Ингээд “Эцэг эхчүүдийн түр хороо”-г төлөөлөн ирсэн зарим хүний үгийг сонссон юм.
“Эцэг эхчүүдийн түр хороо”-ны зохицуулагч Б.Алтанжолоо:
-Хүүхдийн төлөө “За” гэж хэлэх дуртай монголчуудын хувьд тэднийхээ төлөө хийх зүйл бидэнд олон байгаа.Гэтэл хоёрын хооронд дүрэмт хувцас зэргээр бизнес хийх нь байж боломгүй зүйл.Бидэнд хамгийн эрхэм зүйл бол мэдээж бидний хүүхдүүд.Тэд сүүлийн жилүүдэд газ үнэрлэх, PC тоглоомонд донтох, авто осолд өртөх гээд маш олон сөрөг зүйлийг нь бид таслан зогсооход оролцох болмжтой.Гэтэл хотын гудамжаа камержуулж, тэдний сурах бичгийг хүртээмжтэй хэвлээд өгч чадахгүй байж өмсч зүүх зэргээр нь бизнес хийж боломгүй санагдах юм.Дүрэмт хувцас гэдэг зүйлийг бид үгүйсгэж байгаа юм биш.Аль ч улсад байдаг зүйл.Гэхдээ одоогийн санал болгоод байгаа ханш нь өнөөгийн нийгэмд бидний авч байгаа цалин хөлстэй огт авцалдахгүй байна шүү дээ.Өмнөх туршлагуудаас харахад чанаргүй хувцаснууд байдаг.Тэгсэн атлаа үнийг нь ингэтлээ өсгөж болохгүй шүү дээ.
“Эцэг эхчүүдийн түр хороо”-ны гишүүн Г.Төгсөө:
Биднийг хамгийн ихээр бухимдуулаад байгаа зүйл нь хүүхдүүдийг зун амрахад нь биеийн хэмжээг нь авч гарын үсэг зуруулсан байгаа юм.Тэгээд жилээс жилд чанаргүй хувцас өгдөг.Түүнийгээ дахин давтах гээд байгаа юм уу хаашаа юм долоохон компанид эрх олгосон байна.Үнэхээр тендер зарлаад улс орон даяар сурагчдыг дүрэмт хувцастай болгох гэж байгаа бол олон нийтэд зарлаад орцны хонгилд ганцаараа юм оёод сууж байгаа эмэгтэйг ч үүндээ хамруулах хэрэгтэй юм биш үү.Гэтэл тэгэхгүй байгаа нь сонин санагдаж байна.Дүрэмт хувцасны үнэ өндөр байх тусмаа баян ядуугийн ялгаа улам гарна.Яагаад гэвэл түүнийг худалдан авч чадахгүй хүмүүс нь хүүхдээ энгийн хувцастай хичээлд нь явуулна.Ингэснээр хүүхдүүдийн хооронд болон багш, сурагчийн харилцаанд ч цав суухыг үгүйсгэхгүй.
“Эцэг эхчүүдийн түр хороо”-ны гишүүн Р.Отгонцэцэг:
Бидний дунд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг таван хүүхэдтэй, аав ээж нь хоёулаа группт байдаг хүн ч байгаа.Тэдний амьдрал яах бол гэдгийг огт тооцоололгүй үнэ ханшийг нь тогтоосон.Тэд хоёр хүний группийн мөнгөнөөс хэдийг нь идэж хэдээр нь хүүхдүүддээ дүрэмт хувцас авч өгөх вэ гэдэг хэнд ч сонин биш байна шүү дээ.Яаж нэг нь нөгөөгийнхөө хувцсыг дамжуулж өмсөх юм.Гэтэл сурагчийн дүрэмт хувцас чанарын хувьд тийм ч сайнгүй байдаг шүү дээ.Одоо гурван жилийн баталгаа өгнө гэж яриад байгаа.Би л хувьдаа түүнд итгэхгүй байна.Өмдний шуумаг, цамцны ханцуйны оёдлыг тавиад өмсөөд байна гэдэг худал зүйл.Хүүхэд гар хөлний уртаас өөрөөр өсдөггүй биш.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин