Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” арга хэмжээ, 3000 морины уралдаан, арван мянган морьтны жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр морь унаж, төрийн их тугийг залж оролцоно хэмээн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр мэдээлсэн нь ташаа мэдээлэл ажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахгүй, Ерөнхийлөгчийн Тамгын газраас Морин спорт, уяачдын холбоо энэ талаар албан ёсоор зөвшөөрөл аваагүй юм байна.
Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч уг арга хэмжээнд оролцох боломжгүй, саяхан таалал төгссөн түүний ээжийг маргааш өглөө хөдөөлүүлэх юм.
Д.ЦЭЦЭГ