МИАТ Эрээн хот руу эхний нислэгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

МИАТ Эрээн хот руу эхний нислэгээ хийлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн Боинг 737-800 онгоц БНХАУ-ын  Эрээн хотын чиглэлд өчигдөр (08.07-нд) үдийн 13 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрлөө.  Энэ нь МИАТ компанийн Эрээн хот уруу хийж буй анхны  захиалгат нислэг юм. МИАТ компаниас БНХАУ-ын  Эрээн хот уруу хийх нислэгийг нээж МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан үг хэллээ. Тэрээр “Манай улс өмнөд хөрш БНХАУ-тай эдийн засаг, нийгмийн харилцаагаа эрчимжүүлэхийн хэрээр иргэдийн харилцан зорчих явдал  өсч, хоёр орны нийслэл  болон томоохон хотууд төдийгүй хил орчмын хот уруу нислэг хийх хэмжээнд харилцаа өргөжин тэлж, энэ чиглэлд МИАТ компани анхлан захиалгат нислэг үйлдэх болсондоо баяртай байна. МИАТ компани цаашид ч аюулгүй, чанартай үйлчилгээгээр зорчигчиддоо үйлчилж, шинэ чиглэл, шинэ үйлчилгээгээр бэлэг барьж, улс эх орныхоо хөгжилд өөрийн их хувь нэмрийг оруулах болно ” гэв.

Энэ өдрөөс эхлэн МИАТ компани Боинг 737-800 агаарын хөлгөөрөө Эрээн хот уруу долоо хоногт гурван удаа буюу даваа, лхагва, бямба гаригт тогтмол нислэг үйлдэнэ. Улаанбаатар Эрээн хотын хоорондох нислэг нэг цаг 10 минут үргэлжилэх аж. Урьдчилсан байдлаар 11 дүгээр сарын 20 хүртэл нислэг хийхээр Хятадын талтай тохиролцоод байна. Жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим монголын иргэн Эрээн хот уруу зорчдог гэсэн судалгаа байдаг бөгөөд эдгээр зорчигчдын нэлээд хэсэг нь МИАТ компаниар үйлчлүүлнэ гэж тус компани тооцож байна.

Шинэ чиглэлийн нислэгийн тасалбар нь Улаанбаатар-Эрээн чиглэлд нэг талдаа 208 мянга, хоёр талдаа 371.000 төгрөг бөгөөд эхний 5 нислэгтээ ОНЦГОЙ ХЯМДРАЛ зарлан нэг талдаа 149.800,  хоёр талдаа 272.600 төгрөгөөр нисэх боломжтой болоод байна.

Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй бөгөөд Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал юм. Энэ нисэх буудал нь 2800 м-ийн урттай 45 м-ийн өргөнтэй цемент бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, перронтой, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж