Гиннест бүртгүүлэх яах вэ, хүүхдийн амь

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Гиннест бүртгүүлэх яах вэ, хүүхдийн амь

Монголчууд маань түмэн морьтон жагсааж гурван мянган морь уралдуулна гээд сүйд. Маргааш Хүй долоон худгийн хөндийг хүлгийн төвөргөөн, морьтны уухай доргиож Гиннесийн номд бүртгүүлэх юм гэнэ. Чингисийн цэргийн довтолгоо тэртээ найман зууны тэртээгээс амилаад босоод ирэв үү гэлтэй л юм болох юм байх. Тэр олон агтын туурайгаар газрын хөрс эргэж, өвс ногооны үндэс хэгзэрч, тэнгэрт тулсан шороо тоос босч өмнөх зам байтугай урд яваа морьтой хүнийг ч харахуйяа хэцүү болж таарна. Монгол хүн л юм болохоор морио алхуулж гишгүүлж аялаг, намбалаг явахгүй л дээ. Заавал хатируулж, цогиулж, хэний хүүгийн өмнө, тэргүүн эгнээнд яваа зургаа Гиннесийн номд тавиулахаар улайрч таарна.

Гэхдээ Гиннесийн номд бүртгүүлэх яах вэ, хүүхдийн амь гэж юм байна. Түмэн агттаны жагсаал Гиннест орохын сацуу төчнөөн хүүхдийн амь нас, эрүүл мэнд, төдөн адууны үхлээр энэ бүхэн өндөрлөлөө гэж бичүүлбэл дэлхийн бахархал бус гутамшиг болно.

Гиннест орох гэж зүтгэх нь нөгөө талаар тийм ч хүсээд байх зүйл биш. Тэр жил 6000 бөх барилдуулж тэр номд ортол яалаа. Монголын зургаан мянган хагас нүцгэн эрийн зургийн хамт Энэтхэгийн 34 хуруутай хүүгийн тухай мэдээлэл орж бөхийн сүрийг дараагүй юү. Энэ жил бас хэчнээн бий биелгээчин Гиннест бүртгүүллээ ч гэв дээ. Бүжгийн дэглэлт, хуурын татлага нь жигдрээгүй, баахан хүүхэд халуун наранд шарж байж бичүүлэхээр болсон биш үү.

Хамгийн богино хугацаанд олон бургер идсэн хүн, хамгийн хол шүлсээ нулимагч, хамгийн их шар айргийг нэгэн аймаар залгилагч гээд зүсэн зүйлийн гаж гэхээр зүйлсийг нийтэлдэг Гиннест орлоо гээд Монгол орон хөгжих нь ч юу байхав. Зарим тэмцээний ялагч нь ялалтын мэдээгээ ч дуулж амжилгүй хорвоог орхидог энэ гаж үйлдлийн хөлд хүүхдийн амь л бүү үрэгдээсэй. Гиннест орохын төлөө өрсөлдөж хамгийн олон жоом идсэн хүн, хамгийн их шар айраг гүзээлэгч нар тэр дороо өөд болсон эмгэнэлт түүх бийг мартаж болохгүй.

Гиннест орох гэж зүтгэснээс түүх, соёлынхоо үнэт өвүүдээс ЮНЕСКО-д бүртгүүлэхэд санаа тавьсан нь дээр баймаарсан даа. Аль юм болгон “Манай өвийг Хятад бүртгүүлчихэж” гэж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх вэ дээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж