Энэтхэг улс жонш, нүүрс экспортлох сонирхлоо илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Энэтхэг улс жонш, нүүрс экспортлох сонирхлоо илэрхийлэв

Монгол, Энэтхэгийн гуравдугаар бизнес уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Бүгд найрамдах Энэтхэг улсын Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Сантха Шийла Найр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Б.Батхүү, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга З.Баттүшиг нар товч мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлдээ манай улсын уул уурхайн салбар ньтэргүүлэх чиглэлд тооцогддог онцгой салбар гэдгийг танилцуулахын ялдамд боловсруулах үйлдвэрийн чиглэлээр Энэтхэг улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгасан юм. Өнгөрсөн оны дүнгээс харахад манай улсын ДНБ-ний 22,1 хувь, аж үйлдвэрийн 64,5 хувь, экспортын 84,8 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн байна. Уул уурхайн салбарын хувьд байгаль орчинд хор хөнөөлгүй, ил тод, хариуцлагатай байх зарчмыг барихын дээр боловсруулах үйлдвэрийн чиглэлээр түлхүү анхаарахаа зочдод танилцууллаа. БНЭУ-ын хувьд өөрийн оронд түгээмэл бус, тухайлбал нүүрс, уран зэрэг эрдэс баялгийг илүүтэй сонирхож байгааг хатагтай Сантха Шийла Найр онцолсон юм. Мөн хайлуур жонш, коксжих нүүрс экспортлох, хар төмөрлөг алт зэргийн олборлолтод хөрөнгө оруулах хүсэлтээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Ингэхдээ ганц нэг жижиг аж ахуйн нэгжийн хэлбэрээр бус төрийн өмчит томоохон компанийг ажиллуулах нь зүйтэй гэсэн саналыг ч хэлж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж