Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Испанийн шигшээ баг


Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он: 1909
FIFA-д элссэн он: 1913
Холбооны ерөнхийлөгч: Ангел Мария Вильяр
Ерөнхий дасгалжуулагч: Висенте дель Боске /Испани/
Багийн ахлагч: Икер Касильяс
Шигшээдээ олон тоглосон: Андони Субисаррета – 126    
Олон гоол оруулсан: Рауль – 44
Одоогийн чансаа: 2
Хамгийн өндөр чансаа: 1 /2008-2009 он/
Анхны тоглолт: Испани 1:0 Дани /1920 он/
Хол зөрүүтэй ялалт: Испани 13:0 Болгар /1933 он/
Хол зөрүүтэй хожигдол: Итали 7:1 Испани /1928 он/
Хоч: Ялагдашгүй Армада

Дэлхийн аваргын бүрэлдэхүүн:

Хаалгач: Виктор Вальдез, Пепе Рейна, Икер Касильяс
Хамгаалагч: Жерард Пике, Альваро Арбелоа, Серхио Рамос, Рауль Альбиоль, Карлес Пуйоль, Карлос Марчена, Жоан Капдевила
Хагас хамгаалагч: Серхио Бускетс, Хуан Мата, Хавьер Мартинес, Дэвид Сильва, Хесус Навас, Сеск Фабрегас, Андрес Иньеста, Хави, Хаби Алонсо, Педро
Довтлогч: Фернандо Льоренте, Давид Вилья, Фернандо Торрес

Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтаа ялалтаар эхлүүлж, ялалтаар өндөрлүүлсэн Испанийн шигшээд дүн өгнө гэвэл байж болох хамгийн өндөр оноог өгөх байх. 10 тоглолт хийж, бүгдэд нь ялалт байгуулсан тэд Европын бүсээс 28 гоолтойгоор хамгийн олон гоол оруулсан багуудын хоёрдугаарт бичигдсэн юм. Түүнчлэн “Ялагдашгүй Армада” хаалгандаа ердөө тавхан гоол алдсан билээ. Дэлхий дээр ийм хэмжээний шилдэг, авьяаслаг тоглогчдоор багаа бүрдүүлсэн баг тийм ч олонгүй.

Өмнөд Африк хүрэх замд:

Европын аварга испаничуудаас өрсөлдөгчид нь эмээж байв. Босния-Херзеговина, Бельги, Эстон, Армень болон Турк нарын харьцангуй сул багуудаас бүрдсэн Европын тавдугаар хэсэгт сугалаа татсан тэд нутгийнхаа дэвжээнд ч, айлын талбайд ч хожил авснаар дэлхийн аваргын эрхээ төвөггүй өвөртөлсөн юм.

Од тоглогчид:

Энэ багийн амжилт бүх л тоглогчдын ур чадвар, авьяас дээр бүрэлдэн тогтож, тэнцвэрждэг. Ахлагчийг нь авч үзвэл Икер Касильяс дэлхийн шилдэг хаалгачдын нэг. Тэрбээр чухал хэрэгтэй үед багтаа их зүйл өгч чадахуйц тоглогч. Харин дундын шугамд Хави гэж адтай тоглогч, дээр нь нарийн, торгон мэдрэмжтэй Давид Вилья, Фернандо Торрес нарын довтлогчид “Ялагдашгүй Армада”-гийн бүрэлдэхүүнд бий.

Дасгалжуулагч:

2008 онд испаничууд Европын аварга болсны дараа Висенте дель Боске шигшээ багийн дасгалжуулагчийн суудалд заларсан билээ. Тэр оны зун тивийн аварга болох замд хөтөлсөн Луис Арагонесийн хөлбөмбөгийн философи болон багийн бүрэлдэхүүний цөм дээр тулгуурлан Дель Боске ажлын гараагаа эхлүүлсэн юм. Тэрбээр өмнө нь клубын төвшинд агуу амжилт гаргаж байсан нэгэн. Тодруулбал, “Реал Мадрид”-ыг удирдан 2000, 2002 онд Аваргуудын лигт түрүүлж, 2001, 2003 онд Ла лигт, 2001 онд Испанийн супер цомд, 2002 онд Европын супер цомд мөн тэр жилдээ Тив хоорондын цомын тэмцээнд аваргалж байв.

ДАШТ-ий амжилт:

Испанийн шигшээ багийнхан нийт 12 удаа дэлхийн аваргад оролцож байлаа. 1974 онд Германд болсон дэлхийн аваргад шалгарч чадаагүй өнжсөнөөс хойш өдгөөг хүртэл нэг ч дэлхийн аваргыг өнжөөгүй юм. Дэлхийн аваргын түүхэнд испаничуудын гаргаж байсан хамгийн өндөр амжилт нь 1950 оны Бразилийн дэлхийн аваргад дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт ажээ.

Испаничуудын боломж:

Олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнд Испанийн шигшээ баг үргэлж л топуудын тоонд багтсаар ирсэн. Гэхдээ энэ удаад үүнээс ч илүү байгаа. Шилдэг тоглогчдоор багаа бүрдүүлж, нэгдмэл, нөхөрсөг баг бий болгосон тэд агуу амжилтаар дэндүү цангаж байгаа учир энэ жилийн дэлхийн аваргад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын тоонд маргаангүйгээр багтаж байгаа. Гэхдээ Марадонагийн хэлсэнчлэн “Найдвар тавьсан бүхэн дэлхийн аварга болдоггүй юм”.

Дэлхийн аваргын “Н” хэсэгт Чили, Гондурас болон Швейцарийн чансаа доогуур багуудтай сугалаа таарсан “Ялагдашгүй Армада” хасагдах шатанд өрсөлдөх эрхээ төвөггүй авах болов уу. Хөлбөмбөгийн хүрээнийхний дунд явуулсан санал асуулгаар тэдний шөвгийн наймд шалгарах магадлал 57 хувьтай байгаа бол хагас шигшээд 39,6, финалд 26,7 хувь, харин түрүүлэх магадлал 16,1 хувьтай байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж