Ж. Чайлмерсийн шүүх хурлыг түр түтгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Ж. Чайлмерсийн шүүх хурлыг түр түтгэлзүүлжээ

Монгол улсад 21 сая ам.долларын хохирол учруулсан хэмээн буруутгагдан, шүүхэд дуудагдаж буй АНУ-ын иргэн Жорж Чайлмерстай холбоотой шүүх хурал  удаа дараа хойшилж байсан юм. Өнгөрөгч сард түүнийг шүүхэд дуудсан бичгийг өгсөөр байтал хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул оргон зайллаа гэж үзэн шүүх хурлыг түр  хойшлуулсан билээ. Харин энэ сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Жорж Чайлмерсийн хэргийг шүүх хурлын товыг гаргасан байсан бөгөөд шүүх хурлаас өмнө эрж хайж, олсон даруй батлан даалтад байгаа арга хэмжээг цагдан хорих шийдвэрийг гаргасан  юм.

Өнөөдөр сэжигтэн Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимдаа ирээгүй тул  шүүх хурлыг түр түтгэлзүүлжээ. Энэ талаар тодруулахаар түүний өмгөөлөгч Ц.Монголоос цөөн хэдэн асуултад хариу авлаа.

– Жорж Чайлмерс шүүх хуралдаа ямар учраас шүүх хуралдаа дахин ирсэнгүй вэ?
– Хэд хоногийн өмнө  миний үйлчлүүлэгч шүүх хуралд очих боломжгүй, мөн өөрийгөө гэм буруугүй гэж бодож байгаа талаар и-мэйлээр надад мэдэгдсэн гэдгийг нуугаад яахав.
Улсын мөрдөн байцаах газар болон Интерполтой хамтран олон улсад эрэн сурвалжилж байгаа юм билээ. Сэжигтэн шүүх хуралдаа ирээгүй тул түүнийг олтол шүүх хурлыг хойшлуулах буюу түр түтгэлзүүлэх шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргалаа.

-Сэжигтэн тэгвэл тантай холботой байгаа гэсэн үг үү? Монголоос гарч явсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Үгүй ээ, тийм биш. Ганц удаа л и-мэйл  илгээсэн. Тэгээд ч интернэтээр захидал
илгээсэн тул хаанаас бичсэнийг нь мэдээгүй. Монголоос гарсан үгүйг би хэлж мэдэхгүй.

-Түрүүчийн шүүх хуралдаа ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж, түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн. Энэ нь таны үйлчлүүлэгчийг гэм буруутайг нотолж байна гэж ойлгож болох уу?
-Шүүх хурлаас оргон зайлсан гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан эрэн хайж эхэлснийг би буруу гэхгүй. Тэр хүн буруутай, буруугүй нь хамаагүй шүүх хуралдаа ирэх ёстой байсан. Хамгийн гол нь шүүх хуралдаа сууж байж, шүүхийн тогтоол гарсны дараа л гэмт хэрэгтэн хэмээн буруутгах ёстой. Гэтэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн сэжигтэнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаад миний зүгээс дургүйцэж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж