Засаг даргаа “Зангиагүй уулзалт”-д урьжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Засаг даргаа “Зангиагүй уулзалт”-д урьжээ

Хэнтий аймгийн сэтгүүлчид өнөөдөр аймгийн Засаг даргаа “зангиагүй уулзалт”-д урьжээ. Бүтэн хоёр цаг үргэлжилсэн энэхүү уулзалтаар Засаг дарга Ч.Эрдэнэбаатар, сэтгүүлчдийн сонирхсон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн явц, хайгуул ашиглалтын лиценз, Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн нэрэмжит “Зүүн бүсийн Их Хурд” хурдан морины уралдаан-аймгийн наадам, ажилгүйдэл, жил дамнасан сүүний үйлдвэр хэзээ ашиглалтад орох тухай, соёл урлаг гээд олон  асуултад илэн далангүй хариулт өгчээ. Түүнчлэн хатуу хучилттай зам тавих нэрээр 260 сая төгрөг аваад алга болсон “Хан Сун” гэх компанийн тухай ярилцсан байна.
    
Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн төвд тогтмол үйл ажиллагаатай нэг телевиз, нэг богино долгионы радио станц ажилладаг аж. Мөн тус аймгийн Бэрх, Бор-Өндөр хот, Норовлин, Өмнөдэлгэр, Дархан, Батширээт, Биндэр сумдад УИХ-ын гишүүдийн багц болон төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр богино долгионы радио станцууд байгуулагдан иргэдэд мэдээлэл хүргэн ажилладаг байна.

Дашрамд дуулгахад, энэ жил тус аймагт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. Ажилгүйдлийг бууруулах зорилгоор Өндөрхаан хотын зарим баг руу бетонон зам тавих 80 сая төгрөгийн ажилд ажилгүй залуучуудаа оролцуулан цалинжуулж байгаа юм байна. Мөн Хэнтий аймгийн нийт газар нутгийн 27 орчим хувь нь хайгуулын, ашиглалтын лицензтэй байдаг байна. Өнгөрсөн жил Хэнтий аймагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн шугамаар 773 сая, жижиг бизнесийг дэмжих чиглэлээр нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг иргэдэд зээл хэлбэрээр тараажээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж