Цаачдын мэдээллийн төв байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Цаачдын мэдээллийн төв байгуулна

Дэлхий дээрх  цаа буга малладаг үндэстэн бүхий 10 орныг эгнээндээ нэгтгэсэн “Дэлхийн цаа буга маллагчдын холбоо” /Association of World Reindeer Herders/-ны тавдугаар их хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Гэнхэ буюу Гэгээн гол хошууны  Аолугуяа суманд  саяхан болжээ. Хөлөнбуйр аймгийн Гэнхэ хошуу нь Хайлаар хотоос зүүн хойш 340 км алс Хянганы нурууны төв хэсгийн баруун биед орших  ой, тайгаар хүрээлэгдсэн нутаг бөгөөд цаа маллагч Эвенки үндэстэн оршин суудаг байна.

Дэлхийн цаа буга маллагчдын холбооны их хуралд  Норвеги, Швед, Финлянд, Монгол,  ОХУ /нийт 12 мужийн төлөөлөгч/,  БНХАУ,  Шотланд улсын 310 орчим хүн оролцсон байна.  Манай улсаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгын цаачдид болон төрийн бус байгууллагын  төлөөлөл  оролцжээ.

Хурлын үеэр Монгол орны цаа бугыг хамгаалах өсгөн үржүүлэх, цаа бугын аж ахуйг сэргээн хөгжүүлэх, цаачин иргэдийн нийгмийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар холбогдох яамдууд, аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, ололт амжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. Энэхүү хурлаар тайгын цаа бугын аж ахуйг сэргээн, тогтвортой хөгжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэж Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаачдын мэдээллийн төвийг байгуулах тухай тухай тусгай заалтыг их хурлаас гарсан тунхаг бичигтээ багтаасан байна. Түүнчлэн Дэлхийн цаа буга маллагчдын холбооны удирдах зөвлөлийн долоон гишүүний нэгээр Монголын талаас Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул биологич С.Баттулга сонгогдсон нь Монгол орны цаа бугын асуудал, цаачдын нүүдлийн хэв шинжит ахуй, ёс заншил дэлхийн цаа буга маллагчдын анхааралд байгааг харууллаа гэж БОНХЯ-наас манайд мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж