Түүхт ойн баяр наадмыг түүчээлэгчид

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Түүхт ойн баяр наадмыг түүчээлэгчид

Монголын тулгар төр, Хүн гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил , Тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 112 жил, Ардын хувьсгалын 92 жил, Улиастай хотын 280 жил, Завхан аймгийн 90 жилийн ойнууд нэгэн зэрэг тохиож, Баруун бүсийн “Отгонтэнгэрийн хурд-2013” даншиг наадам, Монголын шашин соёлын “Соёмбо” их наадам давхацсан өргөн дэлгэр сайхан баяр Завхан аймагт боллоо. Энэхүү онцгой, түүхэн баяр наадамд 256 хүчит бөх уран мэх, ухаан бодлоо уралдуулан барилдаж, эрлийз болон зургаан насны шандаст хурдан хүлэг уралдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж түүчээлэгчдээ тодрууллаа.


Үндэсний бөхийн барилдаанд
улс, аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүд барилдсанаас шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар спорт хороо, “Хөтлийн цемент шохой” ХК-ийн бөх, улсын отгон гарьд Батнасангийн Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсан харцага Цэдэвийн Содномдорж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Сүлд спорт хороо, 415-р анги, “Химон” ХХК-ийн бөх, улсын залуу харцага Намсрайжавын Батсуурь, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат,  “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Хүч спорт хороо, “Шинэ Ази Майнинг” группын бөх, улсын начин Лувсанрагчаагийн Нямсүрэн нар шалгарснаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын отгон гарьд Батнасангийн Гончигдамба түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын залуу харцага Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ.

Харин үндэсний сурын харваанд Завхан, Орхон, Увс, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгууд болон Улаанбаатар хотоос Завхан нутгийн 90 жилийн ойг зорин ирсэн нийт 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорисноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУГТ, даяар дуурсах мэргэн, зууны шилдэг харваач Ш.Даваахүү 40 сумнаас 36 онож тэргүүн байр, Өмнөговь аймгийн харьяат, “Таван толгой транс” ХХК-ийн тамирчин, МУ-ын гоц мэргэн спортын мастер Ж.Баттөмөр 40-35 онож дэд байр, Завхан аймгийн Улиастай сумын уугуул, спортын мастер Л.Эрдэнэбат гутгаар байрыг тус тус эзэллээ. Эмэгтэй 20 гаруй харваач оролцсоноос Өмнөговь аймгийн харьяат, спортын мастер О.Чинзүрх 40 сумнаас 39 онож тэргүүн байр эзэлсэн бол Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа дэд байр, Өвөрхангай аймгийн харьяат, спортын мастер Б.Пунсалдулам гутгаар байранд шалгарлаа. Эрэгтэй өсвөрийн үндэсний сурын харваанд Өмнөговь аймгийн харваач Б.Даваахүү 1-р байр, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 9-р ангийн сурагч Т.Буяндэлгэр 2-р байр, Улиастай сумын сурагч Э.Баттогтох 3-р байр, эмэгтэй өсвөрийн сурын харваанд Ховд аймгийн Жаргалант сумын Цогт-Алтай цогцолбор сургуулийн сурагч Б.Цэгээнчимэг нэгдүгээр байр, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 12 жилийн сургуулийн сурагч С.Алтанцэцэг 2-р байр, Улиастай сумын Дэвшил сургуулийн 8-р ангийн сурагч М.Цэнд-Аюуш 3-р байрыг тус тус эзэлсэн амжилтыг үзүүллээ.

“Отгонтэнгэрийн хурд-2013” баруун бүсийн хурдан морины даншиг наадмын даага насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн уяач П.Сэргэлэнгийн хонгор даага түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уяач Д.Дагвадоржийн хонгор аман хүзүүнд хурдалж, Завхан аймгийн Улиастай сумын уяач Биндэръяагийн хүрэн айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын уяач Т.Ганзоригийн халиун алаг айргийн дөрөвт, Завхан аймгийн Улиастай сумын уяач Б.Баттогтохын хээр айргийн тавд хурдалсан бол их насны морьдын уралдаанд Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн хээр түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уяач Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд аман хүзүүнд, Завхан аймгийн Идэр сумын уяач С.Бат-Өлзийгийн хээр айргийн гуравт, Булган аймгийн Могод сумын уяач Н.Базаргарьдын хүрэн айргийн дөрөвт, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн сартай хонгор айргийн тавд тус тус хурдаллаа. Харин шүдлэн насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн уяач Батжаргалын халиун түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Б.Доржпүрэвийн буган халтар аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач С.Баатархүүгийн хар бор айргийн гуравт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Я.Санжмятавын хээр айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уяач М.Чилхаасүрэнгийн хүрэн халзан айргийн тавд, хязаалан насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Хулд сумын уяач Ч.Дэшчигцоодолын хонгор түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Д.Дөшийн хүрэн халзан аман хүзүүдэж, мөн Говь-Алтай аймгийн уяач Г.Гантөмөрийн хүрэн буурал айргийн гуравт, Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Энхбаярын бор айргийн дөрөвт, Ховд аймгийн Мөст сумын уяач Ц.Шагдарсүрэнгийн хүрэн айргийн тавд, соёолон насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын уяач Т.Ганзоригийн хүрэн түрүүлсэн бол Говь-алтай аймгийн Дарви сумын уяач Г.Алтангэрэлийн алаг аман хүзүүнд хурдалж, Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Н.Нацагдоржийн халзан айргийн гуравт, Завхан аймгийн Яруу сумын уяач Г.Батсайханы зээрд айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын уяач Д.Зандансүрэнгийн хонгор айргийн тавд тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж