Тунхаглалыг санал нэгтэй батлав

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Тунхаглалыг санал нэгтэй батлав

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний дээд хэмжээний гуравдугаар уулзалтын Тунхаглал батлагдлаа.
АХАИБЗ-ий гишүүн орнуудын харилцан сонирхол, тулгарч буй нийтлэг сорилтуудыг анхааралдаа авч, Ази тивд тогтсон эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны хэлхээ холбоог цаашид бэхжүүлэх шаардлагатай болохыг энэхүү Тунхаглалаар санал нэгтэй батлав.

Нийт найман бүлэг, 41 зүйлтэй энэхүү Тунхаглалын эхний хоёр бүлэг нь дэлхий нийтийн асуудлуудыг шийдвэрлэхэд АХАИБЗ-ий гишүүн орнуудын гүйцэтгэх үүрэг оролцоог тусгасан байгаа. Терроризмын эсрэг, цөмийн зэвсгээс ангид, хар тамхины хууль бүс худалдаа наймааг хазаарлахын төлөө, аливаа салан тусгаарлах үйл ажиллагааны эсрэг байгаагаа АХАИБЗ-ний гишүүн орнууд тунхаглаж байна.  Мөн дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй эдийн засгийн хямралыг даван туулах шийдвэртэй санал санаачлагууд, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгах, эрчим хүчний хангамж, аюулгүй байдал, бүх нийтийг хамарсан халдварт өвчний тархалтыг намдаах зэрэг дэлхий нийтийн санааг зовоож байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд үр дүнтэй оролцож, хүчин чармайлт гаргах тухай тунхаглав.
Ойрхи Дорнодын байдал, тэр дотроо Афганистаны тусгаар тогтнол бүрэн эрх, нэгдмэл байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа Тунхаглалын гуравдугаар бүлэгт нотоллоо.

Мөн Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөн  байгууллагыг бэхжүүлэх тухай Тунхаглалд тусгав.
Монгол Улсын хувьд, энэхүү Тунхаглалд хоёр чухал заалтыг  батлуулж чадсан том амжилтаар дээд хэмжээний уулзалтыг өндөрлөж байна. Тэдгээр нь
“5. Бид цөмийн зэвсгээс ангид Төв Азийн бүс нугат байгуулагдсаныг болон цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын статусыг бүс нутгийн аюулгүй байдал, харилцан итгэлцэлд хувь нэмрээ оруулсан итгэлцлийн чухал арга хэмжээ гэж баяр хүргэж байна”

“36. Монгол Улсын Улаанбаатар хотноо далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны Төв байгуулагдсаныг сайшааж, АХАИБЗ-ий улс орнуудыг хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн заалтууд юм.
Ийнхүү үндсэн баримт бичгийг баталснаар, итгэлцэл бэхжиж, АХАИБЗ-ий үйл ажиллагаа урагшлан хөгжсөн гэж гишүүн орнууд санал нэгтэй дүгнэж байгаагаа дээд хэмжээний уулзалтын хаалтын хуралдааны үеэр илэрхийлж байлаа. АХАИБЗ-ий үйл явцыг цаашид хөгжүүлэх нийтлэг хүсэл зоригтой байгаагийн илрэл нь Истанбулын Тунхаглал болж байна  хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж