Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн тэргүүн П.Цэгмид нарын урилгаар БНХАУ-ын үндэсний уран зургийн нэрт төлөөлөгч нар манай улсад ирж өөрсдийн үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ удаад Дэлхийн зураачдын холбооны ерөнхийлөгч Лю Да Вэй тэргүүтэй нийт арван уран бүтээлч ирсэн юм. Хятадын үндэсний уран зураг нь “Гүн би” буюу нарийн зурдаг арга техник, “Шие И” буюу бичилтэт арга барил гэсэн хоёр урсгалтай байдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд оролцогчид бүгд бичилтэт арга барилаар уран бүтээлээ туурвидаг аж. Энэхүү бичилтэд техник нь уран бүтээлчээс нөр их хөдөлмөр, тэвчээр, гарын уян хатан, хурд, амьсгал зохицуулалт зэрэг олон чадварыг шаарддаг хүнд төрөл юм. Эдгээр уран бүтээлчид манай үзэгчдэд өөрсдийн бүтээлээ танилцуулахаас гадна Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг аймгуудаар хийж манай ард түмний аж амьдрал байгалийн сайханыг өөрсдийн уран бүтээлдээ тусгахаар болсон байна. “Хятадын орчин үеийн урлаг” нэртэй уг үзэсгэлэн энэ сарын 6-15-ны өдрүүдэд Маршал арт галерейд тавигдаж байгаа бөгөөд Хятадын уран бүтээлчид ийнхүү манай оронд үзэсгэлэнгээ гаргасан нь хоёр орны соёлын халицаанд ахиц гарах, туршлага солилцох, ирээдүйн урлаг соёлын олон талт үйл ажиллагааг эхлүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байлаа.
Т.ДАРХАН