Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн намаа шинэчлэхээр нэгдсэн залуусын шаардлагаар МАН-ын Бага хурал өнгөрөгч даваа гаригт хуралдсан. Бага хурлын өмнө намын удирдлагууддаа хэд хэдэн шаардлага хүргүүлээд байсан “Шинэчилье” хорооныхон хамгийн чухал зорилгоо биелүүлсэн гэлээ.
Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлагуудыг шинэчлэх, Их хурлыг хуралдуулж, МАН-ын шинэчлэхээр шаардлага хүргүүлээд байсан бөгөөд МАН-ын 27-р Их хурлыг товлон зарласан нь шинэчлэх хорооны гол шаардлага биеллээ олсон гэж үзэж байгаа гэлээ. МАН-ын Удирдах зөвлөл, намын дарга огцрох хүсэлтээ намын Бага хуралд тавьсан ч Бага хурлын төлөөлөгчид энэ асуудлыг Их хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. МАН-ын Их хурлыг хуралдуулах нь намын удирдлага, Бага хурлын гишүүд буюу 310 гишүүн огцорч байна гэсэн үг гэдгийг “Шинэчилье” хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр онцоллоо.
“Шинэчилье” хорооны ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат “Манай хөдөлгөөний гол зорилго бол шинэчлэл хийх Их хурлыг хуралдуулах байсан. Энэ зорилгодоо бид хүрсэн. МАН-ын шинэчлэлд гишүүн бүрийн оролцоо чухал учраас Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн. Их хурлын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлж, 1143 болгосон, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигчийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гишүүдэд хариуцлага тооцох, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол намаас хасах гэх мэтээр хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэсэн “Шинэчилье” хөдөлгөөний шаардлагууд биеллээ олсон. Хамгийн чухал нь Их хурлыг товлох, үүнээс өмнө намын дүрмийн шинэчлэл хийх, Их хуралд анхан шатны байгууллагын төлөөллийг түлхүү оролцуулах, Их хурлын гишүүдийг сонгох журам гэх мэт олон үр дүн Бага хурлаас гарсан” гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-“Шинэчилье” хөдөлгөөнөөс Бага хурлын үеэр үнэхээр шинэчилье гэсэн дуу хоолой гарч ирсэнгүй гэсэн шүүмжлэл гараад байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-МАН шинэчлэлийн асуудлаар 90 гаруй жилийн хугацаанд маш олон удаа ярьсан. Шинэчлэл гэдэг бол нэг хүн санаа гаргаад түүнийгээ тулгана гэсэн үг биш гэж бид үзэж байгаа. МАН 220 гаруй мянган гишүүнтэй. Энэ олон гишүүдийнхээ саналыг авч, шинэчлэл хийх юм бол э амьдралын хөрсөнд буусан шинэчлэл болно гэж манай хөдөлгөөнийхөн үзэж байгаа. “Шинэчилье” хорооныхон ч гэсэн гишүүд, дэмжигчдийнхээ саналыг авч, саналаа нэгтгэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс бид өөрсдөө ямар нэг зүйл тулгах биш, гишүүд, дэмжигчдийнхээ саналыг авах нь зүйтэй гэж үзсэн.
-Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан, авлига, хээл хахуулын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцно гэлээ. Хариуцлага гэхээр намаас хасах уу, ямар хариуцлага тооцох юм бэ?
-“Шинэчилье” хорооны бас нэг шаардлага бол МАН-ын Хяналтын хорооны дүгнэлт байсан. Дүгнэлтийн дагуу хариуцлага тооцох асуудал яригдсан. Дүрмийн дагуу бол гишүүнчлэлээсээ татгалзах ёстой.