Орон нутгийн төсвөө үр ашигтай зарцуулахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Орон нутгийн төсвөө үр ашигтай зарцуулахыг сануулав

Засгийн газраас сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг орон нутгийн удирдлагуудтай хийдэг цахим уулзалтыг өнөөдөр хийлээ. Цахим уулзалтаас өмнө аймгийн удирдлагууд тулгамдаж буй асуудлаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бичгээр хүргүүлж байх шийдвэрийн дагуу зарим аймгаас тулгамдаж байгаа асуудлаа ирүүлсэн байна. Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь зэрэг долоон аймаг ямар нэг тулгамдаж буй асуудлаа ирүүлээгүйг Ерөнхий сайд шүүмжиллээ. Учир нь аймагт бүр тулгамдаж буй асуудал байгаа, үүнийгээ хэрхэн шийдвэрлэх нь чухал, үүнээс гадна намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл базаах энэ цаг үед аймгийн удирдлагууд хариуцлагагүй хандаж байгааг хурлын эхэнд хэлсэн юм. Аймгуудаас бичгээр ирсэн саналд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариу өгч, шаардлагатай арга хэмжээг авч байгаа гэлээ.

Мөн цахим хуралтай холбогдуулан аймгийн удирдлагуудаас зөвхөн Ерөнхий сайд ярьж байна, асуулт асуух боломж бага байдаг гэсэн шүүмжлэл ирүүлсэн учраас энэ удаа аймгийн удирдлагуудад асуулт асууж, холбогдох албаныхнаас хариултаа авах боломжийг олгож байна гэсэн юм. Ингэснээр аймгийн удирдлагууд асуулт асууж, тодруулсан юм.

Орон нутгийн бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаархи гомдол олон ирж байсан юм. Тухайлбал, Сүхбаатар аймагт “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн санхүүжилт орж ирэхгүй байгаагаас бүтээн байгуулалтын ажил хойшилж байгааг тодруулахад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Тус аймагт долдугаар сард 4,7 тэрбум төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг энэ баасан гаригт шилжүүлнэ” гэлээ. Тус аймагт  нийт 9,9 тэрбум төгрөг өгөх ёстой бөгөөд бүтээн байгуулалтын ажилд санхүүжилт дуусгасан учраас авсан мөнгөө ашиглаагүй байгаа аймгуудын санхүүжилтийг ажил хийе гэж байгаа аймгууддаа түр шилжүүлж байх нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхий сайд Сангийн яаманд танилцуулсан юм. Мөн Увс аймагт ерөнхий боловсролын хоёр сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч тендер зарлагдаагүй байсаар өдийг хүрсэн гэдгийг аймгийн удирдлага дамжуулсан. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр эхний долдугаар сарын байдлаар “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн санхүүжилтаас аймгуудын дансанд 88,3 тэрбум төгрөг шилжүүлснээс аймгуудын дансанд үлдэгдэл 42,2 тэрбум төгрөг байгаа аж. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс энэ үлдэгдэл мөнгийг санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгаа аймгуудад олгохыг Сангийн яаманд даалгалаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ аймаг, орон нутгийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураалтад чухал ач холбогдол өгч ажиллахыг сануулж, аймаг бүр өөрсдийн төлөвлөсөн ажлаа бичгээр ирүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.  Мөн төрийн албыг иргэдэд хүндрэлгүй хүргэхийн тулд ТҮЦ машинуудыг нийслэлд ажиллуулж буй. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа учраас ирэх намраас орон нутагт суурилуулах болсныг цахим хурлын төсгөлд Н.Алтанхуяг сайд онцолсон юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж