аймгийн Улаанбадрах сумын иргэд Францын “Арева” корпорацийн охин
компани болох “Коже говь” компанийг тус суманд ураны хайгуул хийхийг
эсэргүүцэн, хайгуул хийлгэхгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн одоогийн байдлаар
учраад буй хохирлын талаар мэдээлэл өгөхөөр сэтгүүлчдэд хэвлэлийн хурал
хийлээ. Эдгээр иргэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд олон тооны мал
үхэж, төл ургийн гажигтай төрснийг ураны хайгуул хийн, ураны шар нунтаг
гаргасны улмаас үүссэн гэж үзэж байгаа гэнэ. Мөн Монгол Улсын Засгийн
газар ард иргэдээ бус Францын энэхүү “Арева” компанийн өмөөрсөн шинжтэй
шийдвэр гаргасныг буруушаан, ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Хэвлэлийн бага
хурлыг зохион байгуулагчид “Эх орон эд баялгаа бусдад өгч, улс
үндэстнээ гаталшгүй гай, гамшигт учруулж, Уран ашиглах гэрээ хийсэн
албан тушаалтнуудад шударга ёсонд нийцүүлэн, үхэх ёстойг үхүүлж, яллах
ёстойг ялласугай” гэдгийг төр засагтаа сануулахаар өлгөсөн байлаа.
Үүгээрээ уран олборлохыг зөвшөөрсөн төрийн албан тушаалтнууд эх орноосоо
урвасантай адил ялаар шийтгүүлэх ёстойг илэрхийлсэн гэнэ.
Улаанбадрах
сумын иргэд өнгөрсөн тавдугаар сард “Арева” корпорацийн “Кожеговь”
компанид ураны хайгуул хийх үйл ажиллагаагаа зогсоох, хайгуул хийлгэж
буй удирдлагуудтайгаа яаралтай уулзуулах шаардлага хүргүүлсэн байна.
Иргэдийн энэхүү шаардлагыг “Коже говь” компанийн удирдлагууд удаа дараа
хойшлуулсаар долдугаар сарын 31-нд уулзалт хийхээр болжээ. Энэхүү
уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Цөмийн энергийн газар,
мөн Дорноговь аймаг, “Коже говь” компанийн удирдлагууд нутгийн малчид,
хөдөлмөрчид оролцсон байна. Уулзалтаар Засгийн газрын төлөөлөн очсон
Цөмийн энергийн газрынхан нутгийн иргэдийг орчин үеийн дэвшилт, хөгжлийг
ойлгохгүй байгаа мэтээр хэлж, ураны хайгуул хийх ажлаа үргэлжлүүлэх
болно гэдгээ мэдэгдсэн гэж хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид хэллээ.
Харин
холбогдох байгууллагууд нь Улаанбадрах суманд очиж, шинжилгээ хийсэн ч
ямар ч хоргүй гэдгийг тогтоосон байна. Ургийн гажгаар үхсэн гэх тугал
кальцийн дутагдлаас болсон гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм.