
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ШУТИС-ийн оюутны хотхоныг нийслэлийн Налайх дүүргийн Шивэртийн хөндийд байгуулах шийдвэрийг гаргажээ. Мөн тус хотхоныг дагалдуулан Мэдээлэл технологийн хотхоныг барих аж. Ингэснээр Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн их, дээд сургуулийг нийслэлээс зайдуу байршуулж, хүн амын төвлөрлийг сааруулах том бодлогын эхлэл тавигдаж буй нь энэ юм байна. Бусад төрийн өмчит сургуулийн оюутны хотхон байршуулах газрын асуудлыг хот төлөвлөлттэй уялдуулан улмаар шийдвэрлэнэ. Харин хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын хувьд хоорондоо нэгдэж, 5000-10000 оюутантай болсон тохиолдолд оюутны хотхон байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж өгч байхаар болжээ. Энэ тухай мэдээллийг Засгийн газрын хуралдаан дууссаны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчдэд өглөө.
Г.Дарь