"ШУНХЛАЙ" ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.БАТХИШИГ:
-Болно. Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд тодорхой ханш дээр тохирч ханшийн эрсдэлээс хамгаалсан.
Тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр шийдэж өгсөн зэрэг нь импортлогч компаниудад үнээ тогтвортой байлгах, нэмсэн тохиолдолд эдийн засгаа хямраахгүй хэмжээнд байлгах зохицуулалтыг бий болгож чадсан гэж үзэж байна.
"М-ОЙЛ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Р.БАТБАЯР:
-Санал нэгтэй байна. Өмнө нь компаниуд 2-7 хоногийн л жижиглэнгийн шатахууны нөөцтэй байдаг байсан бол энэ удаад 30 хоног цаашлаад 60 хоногийн нөөцтэй байгаа нь жижиглэнгийн шатахууны үнийг ийм тогтвортой байлгахад нөлөөлж байна.
Дүгнээд хэлэхэд бодит сектороо дэмжсэн мөнгөний нийлүүлэлт бодитой өгөөжөө өгч байна.
"ХӨРС АВТОСЕРВИС" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ч.ГАНТУЛГА:
Монгол банкнаас хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөрт манай компани 2012 оны 11-р сараас хамрагдсан. Нийтдээ 930 сая төгрөгийн хөнгөлттэй зээл авснаар бидэнд ихээхэн дэмжлэг болсон. Банкны хүүтэй харьцуулашгүй бага хүүгээр дэмжлэг үзүүлсэн нь шатахуун татан авалтад сайнаар нөлөөлсөн. Түүнчлэн долларын хэлцэл хийж, ханшийн эрсдэлээс хамгаалагдаж байгаа. Манай компаний борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнэ засгийн газартай хийсэн хэлэлцээрт зааснаар барьж байгаа. Улс орны баруун бүс болох Ховд, Говь-Алтай, Баян-Өлгийд А-80 авто бензинийг 1600-1650 төгрөг, дизель түлшийг 1850-1900 төгрөгөөр борлуулж байгаа. Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол шатахууны үнийг энэ хэмжээнд барих боломжгүй байсан. Цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлбэл үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
"РЫСЖАН" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Х.ЖАНГААБИЛ:
Манай компани Баян-Өлгий аймагт 15 шатахуун түгээх станцаар жижиглэнгийн худалдаа хийж байна. Аймгийн төв дэхь агуулахаас Увс, Ховд, Говь-Алтай аймгийн хувь хүн болон компаниуд шатахуун бөөнөөр худалдан авдаг. Бид дэд хөтөлбөрт хамрагдахаас өмнө арилжааны банкнаас зээл авдаг байсан. Банкны зээл сарын 2 хувийн хүүтэй бол Монголбанкнаас олгосон зээл жилийн 3.8 хувийн хүүтэй. Эндээс харахад үнэ тогтворжуулах хөтөлбөр шатахуун нийлүүлэгчдэд бодит хувь нэмэр болсон гэдгийг хэлэх байна. Манай компани 2001 оноос хойш нефть импортлож байгаа. ОХУ Казакстанаас оруулж ирж буй шатахууны үнийг өнөөгийн түвшинд барихын тулд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж бодож байна. Бид энэ удаад 978 сая төгрөгийн хөнгөлттэй зээл авсан. Цаашид олгож буй зээлийн хэмжээг нэмэгдүүлбэл эх орны баруун бүсэд хямд үнэтэй шатахуун нийлүүлэх боломж бүрдэнэ.