Туялзуур сэлэмний ДАШТ-нд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Туялзуур сэлэмний ДАШТ-нд оролцож байна

Унгарын нийслэл Будапешт хотноо туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр эхэллээ. Энэ жилийн ДАШТ Олон улсын сэлэмний холбооны 100 жилийн ой тохиотой давхцаж байгаагаар ихээхэн онцлог болж байна. Энэ сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд 100 орны 835 тамирчин ганцаарчилсан болон багийн ерөө, фойл, сабр төрлүүдэд өрсөлдөж эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцож байна. Багийн ерөнхий дасгалжуулагчаар Д.Ганбаатар, дасгалжуулагч Д.Баянбайгаль, эрэгтэй хүнд сэлэм төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Ц.Жигжидсүрэн, эмэгтэй хүнд сэлэмд Э.Орхон, Б.Гэрэлмаа, Б.Цолмон, илд сэлэмд Ю.Ариунзаяа нар багтжээ.

Тэмцээний эхний өдөр манай эмэгтэй гурван тамирчин эхний төрөлдөө оролцсоноос хүнд сэлэмний төрөлд Б.Цолмон Японы тамирчинг 5:4-ийн харьцаагаар хожиж, эхний ялалтаа авчээ. Харин манай туршлагатай тамирчны нэг Э.Орхоны хувьд олимпийн хүрэл медальт АНУ-ын тамирчинд 4:5-ийн харьцаагаар ялагдсан байна. Өнөөдөр эрэгтэй тамирчдаас эхний төрөлдөө орох юм.


ЗҮҮЛТ: Дэлхийн хамгийн сонгодог спортуудын нэг туялзуур сэлэмний спорт нь XVI зууны үед баруун Европ тивд үүссэн түүхтэй. Үүнээс хойш урлаг, бие хамгаалах урлагийг хослуулан хөгжсөөр өнөөгийн боловсронгуй хэлбэрийг олсон юм. 1896 онд улс түмний эв найрамдлыг бэлгэдсэн олимпийн наадам анх удаагаа Грекийн Афин хотноо зохион байгуулагдахад албан ёсны хөтөлбөрт нь багтсанаас хойш бүх олимпийн наадамд багтжээ. Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдаж, тухайн жилдээ ДАШТ-нд нэг тамирчин илгээж байсан бол энэ жил эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна. 2011 онд Италийн Сицили аралд болсон ДАШТ-нд амжилттай оролцож, Монголын туялзуур сэлэмний анхны ялалтыг тулаанч Э.Баярбат, Э.Орхон авчирсан байна. Мөн энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Баттөмөр, эмэгтэйчүүдээс Э.Орхон нар анх удаа хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авчээ.

Монголын туялзуур сэлэмний холбоо 2015 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг аваад байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж