МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Намын их хурлыг хуралдуулах цаг болсон. Орон нутгийн сонгуулийн дараахан хуралдуулна гэж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хойшлуулсан байсан. Энэ дагуу Бага хурал хуралдсан. Намын 27-р Их хурлаа ирэх аравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар товлолоо. Мөн Бага хурлаар улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ч ярилцсан. Бага хурлын гишүүдээс Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, 1143 гишүүнтэйгээр буюу өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр болсон. Ялангуяа намын анхан шатны байгууллагын төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү 1143 төлөөлөгчийг хэрхэн сонгох журмыг мөн Бага хурлаар баталсан” гэлээ.
Бага хурлаар ярьсан дараагийн онцлох асуудал нь улс орны нийгэм эдийн засгийн байдал, тэр дундаа төсөв мөнгө, эдийн засгийн байдал ард түмний аж амьдралд яаж нөлөөлөхийг чухалчилж ярьсан. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээлэл хийх ёстой гэдгийг Бага хурлаас шийдвэр гаргасан байна. Намын дотод асуудлаас илүү нам үүнд анхаарч ажиллах ёстой гэсэн бөгөөд намын бүлгийг ажилд нь оруулах, намрын чуулганы хэлэлцэх асуудал, бүлгээс намрын чуулганд өргөн барих төслүүдийг бэлтгэх зэрэг өмнө тавьсан зорилтоо сайн биелүүлсэн гэдгийг Ө.Энхтүвшин дарга онцолж хэллээ. Бага хурал намын шинэчлэлийг гол зорилго болгоогүй бөгөөд Их хурлыг товлон зарлах нь нэн чухал асуудал байсан гэлээ.