“Бороо гоулд”-ын дараа орох алтны хамгийн том орд хэмээн үнэд хүрч
байсан “Олон овоот”-ын нөөц батлагдсан хэмжээндээ хүрээгүйгээс бизнес нь
дампуурсан хэмээн “Жаст”-ын Ш.Батхүү мэдэгдсэн нь ашигт малтмалын
салбарт анхаарал татсан асуудал үүсгээд буй.
Үүнтэй холбогдуулан Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийнхөн ашигт
малтмалын нөөцийг нэмж бүртгэдэг, эс бөгөөс “Монгол газар” компани Олон
овоотыг “Жаст” группт шилжүүлэхдээ нөөцийг нь хуурамчаар батлуулсан
гэсэн хардлага бий болгоод байгаа юм. Тиймээс бид “Монгол газар”
компанийн ерөнхий геологич асан Ц.Баярсайхантай уулзаж ярилцлаа. Тэрбээр
Олон овоотын нөөцийн тайланг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж
батлуулсан хүний нэг юм.
-Олон овоотын батлагдсан нөөцийг хэмжээндээ хүрээгүй, хуурамч
гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Та энэ ордын нөөцийг
батлуулсан ерөнхий геологчийн хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?
-Олон овоотын хайгуулын ажлыг би удирдаж ажилласан. 2004 онд анх эхэлсэн
хайгуулын үр дүнгээр 40х40 метрийн тороор 15 мянган тууш метр
өрөмдлөгийг “Межик дриллинг” гэдэг Австралийн компаниар гүйцэтгүүлсэн.
Энэ компани одоо ч Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх шинжилгээг
“Эс Жи Эс” гэдэг лабораторд хийж гүйцэтгэсэн. Хайгуулын энэ ажлын
урьдчилсан үр дүнгээр ордыг бодитой болон боломжит зэргээр 18,5 тонн
алтны нөөцтэй гэж тооцоолсон юм. Үүнд тулгуурлаад 2005 онд үндсэн
өрөмдлөгийг дахин гүйцэтгэж, дүүргэлтийн цооногуудыг өрөмдсөн.
Хайгуулын торыг 40х20 метрийн нягтралаар өрөмдөж нөөцийн үнэмшлийн
зэрэглэлийг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэсэн. 2007 онд мөн нэмж өрөмдсөн.
Эдгээр ажлуудын нийт үр дүнг гаргахад зөвхөн Олон овоотын ордод 62
мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн. Дүүргэлтийн цооногийн ажлын
үр дүнгээр ордын нийт нөөц нь хэмжээгээр биш ч 1-2 тонноор өссөн. Харин
ордын нөөцийн үнэмшил буюу металлын хэмжээ нь бараг 40 хувиар өссөн. Энэ
бол геологийн нөөц өссөн гэсэн үг. Бид нөөцийг хоёр аргаар тооцсон.
Эхнийх нь шууд зайн хамаарал. Үүгээр 5 сая тонн орчим хүдэр, 3.89
граммын агуулгатай нийтдээ 21.2 тонн геологийн нөөцтэй нь тогтоогдсон.
Дараа нь үүнийгээ агуулгыг тэгшитгэх замаар дриллингийн аргаар 5.3 сая
тонн хүдэр3.62 грамм/тоннын агуулгатайгаар тооцоход 19.3 тонн алттай нь
тогтоогдсон.
Тэр үед буюу 2006-2007 оны үед гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж эрдэс
баялагийн нөөцийг гаднын компаниудын шаардлагад нийцүүлж
баталгаажуулдаг байсан.Өөрөөр хэлбэл манай эрдэс баялагийн мэргэжлийн
зөвлөлийн баталсан үнэлгээнд үндэслэн гадныхан зээл өгөх, хамтран
ажиллах шийдвэр гаргадаггүй байлаа, одоо ч тэгдэггүй. Тиймээс энэ
шаардлагад нийцүүлэх зорилгоор бид өөрсдийн тооцоолсон нөөцийг “Вардроп
инженеринг” гэдэг Канадын компаниар давхар тооцуулсан. Энэ компани бол
олон улсад 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани.
Тэд мөн хоёр аргаар нөөцийг тооцоолсон. Бидний тооцоолсон аргаас гадна
алтны хэт агуулгыг хязгаарлалттай болон хязгаарлалтгүй гэсэн хоёр аргаар
тооцсон. Ингэхдээ 40 граммаас дээш агуулгыг хязгаарлан тооцоод 7,1сая
тонн хүдэр 2,9 грамм/ тоннын дундаж агуулгатай нийт 660 мянган унц буюу
22,2 тонн алтны бодитой геологийн нөөцтэй гэж баталсан. Манай
тооцоолсноос нэмэгдсэн. Үүнээсээ боломжит зэрэглэлийн нөөцийг 1,3 сая
тонн хүдэр 1,5 грамм/тонн дундаж агуулгатай нийтдээ 62,5 мянган унц
алттай гэж тооцсон. Ингээд 40 граммын хязгаарлалттайгаар авч үзэхээр
722,5 мянган унц алттай гэж тооцсон.
-Хэдэн тонн алт гэсэн үг вэ?
-23 орчим тонн алт гэсэн үг. Харин 40 граммаар хязгаарлаагүй тохиолдолд
алтны нөөц нь 7,1 сая тонн хүдэр 3,5 грамм/тонн дундаж агуулгаар
тооцоход 797 мянган унц алттай нийтдээ 872 мянган унц алттай гэж
тодорхойлсон. 872 мянган унц алт гэдэг 27 тонн алттай тэнцэнэ. Өөрөөр
хэлбэл хязгаарлалттай, хязгаарлалтгүйн хооронд 5 тонн алтны зөрүү гарч
байгаа юм. Манай тооцоолсноос 5-6 тонноор илүү нөөцтэй гарсан гэсэн үг.
-ЭБЗ –ийнхөн хайгуулын нөөцийг өсгөж, багасгаж бүртгэдэг гэсэн
хардлага нийгэмдбий болсон. Ийм боломж бий юу. Танай компанийн хайгуулын
тайланг ЭБЗ шалгаж, нягталж баталгаажуулсан гэдэгт эргэлзээ үүсээд
байгаа?
– Хайгуулын нөөцийг өсгөж багасгах боломж ЭБЗ-д байхгүй шүү дээ. Үнэхээр
тэгэж бодож байгаа бол шалгадаг газраар нь шалгуулах хэрэгтэй байх.
Миний хувьд хийсэн ажлаа хэний ч өмнө хамгаалж чадна.
-Тэр үед ЭБЗ-ийн хичнээн гишүүн танай тайланг хэлэлцэхэд оролцсон бэ?
-ЭБЗ-ийн 13-14 гишүүн байсан.
-Олон Овоотын нөөцийг олон улсад нэр хүндтэй, туршлагатай компаниар баталгаажуулсан гэж Та хэлсэн. Үүнийг ЭБЗ дээр хэлэлцсэн үү?
-Үгүй. Тэр үед манай урьдчилсан хайгуулын үр дүнгийн нөөцийг л
хэлэлцсэн. Гадаадын нэр хүндтэй хөндөнгийн компаниарнөөцийн тооцоо
хийлгэж, тайлан гаргуулсан нь манай компанийн хувьд томоохон алхам
болсон. Өөрөөр хэлбэл энэ тайланг л үндэслэж дэлхийн нэр хүндтэй Голдман
сакс, Иточу энэ тэр бидэнтэй хамтран ажилласан гэж би боддог.
-Жастынхан Олон овоотыг авсныхаа дараа геологийн болон ашиглалтын нөөцөө хянаж баталгаажуулсан юм болов уу?
-Олон овоотын ордын хайгуулын ажил бүрэн гүйцэт дуусаагүй шүү дээ. Одоо
хүртэл үргэлжилж байгаа. Хүдрийн биетүүд хоёр талаараа нээлттэй
байгаа. Ялангуяа баруун хойд, баруун талаараа нээлттэй, мөн доош болон
зүүн тийш хайгуулын цооногоор хил хязгаарыг нь тогтоогоогүй, үргэлжлэх
боломжтой байгаа. Нэмэлт хайгуулын ажлын үр дүнгээр нөөц нэмэгдэх боломж
маш их юм шүү.
-Танай компани тухайн үед Олон овоотын ордоо Жастад худалдахдаа
10 гаруй лицензит талбайг шилжүүлсэн юм билээ. 100 гаруй мянган га
талбай байх шиг байсан. Тэгэхээр одоо яригдаад байгаа 24 тонн алтны нөөц
энэ нийт талбайн хичнээн хувьд нь яригдаад байгаа юм бэ?
-960 метр урттай,200 метр өргөнтэй талбайд хийсэн хайгуулын үр дүнгийн
тухайд л тогтоогдсон нөөцийн асуудал яригдаж байгаа. Нийт хайгуулын
талбай буюу таны хэлээд байгаа 111 мянган га талбайгаар нь авч үзвэл энэ
бол өчүүхэн бага хувь нь. Бидний тэдэнд шилжүүлж өгсөн бүлэг ордуудын
хувьд Олон овоотоос гадна нэмэгдээд Мөрөгцөг, Бурхан дэлийн орд, Гоёот
улааны гээд дагалдсан олон орд, илрэлүүд бий. Эдгээр дээр эхнээс нь
хайгуулын ажил хийж ихээхэн хэмжээний жонш, шохойн чулууны ордтой болсон
гэж дуулсан.
– Таны хэлээд байгаа ийм том ордод одоо 4 тоннын нөөц үлдсэн гэж
Жастын Батхүү захирал хэлээд байгаа шүү дээ. Та үүн дээр ямар байр
суурьтай байна. Ямар тайлбар өгөх вэ?
– Би Батхүү болон Бадамцэцэг захиралд өмнө нь олон удаа хэлж байсан.
Алтны орд ашиглана гэдэг бол зүгээр нэг нүүрсний орд ашиглахтай адил
биш, тухайн металлын үнэ болон бусад дэд бүтэцтэй хамааралтай
инженерийн тооцоо болон эдийн засгийн тооцооны үндсэн дээр үйлдвэрлэл,
ашиглалт явуулдаг. Тийм учраас анхнаас нь их бодолтой ашиглах ёстой
шүү, хамаа намаагүй хөрс хуулаад байж болохгүй гэж хэлж байсан. Нөөцтэй,
нөөцгүй тухай мэргэжлийн бус хүн үндэслэлгүйгээр ярих нэг хэрэг, харин
үндэслэл тооцоогоо гаргаж ирээд, хөндлөнгийн шинжээчээр хянуулж байж л
энэ тухай ярих ёстой. Гэтэл Батхүү захирал тэгэхгүй байна.
-Үүнийг тэгээд олборлож болохгүй юм уу?
-Болно. Бид анх шилжүүлэхдээ л хил хязгаарыг нь тогтоогоод өгсөн.
Үүнээс цааш яаж олборловол ашигтай,яавал ашиггүй гэдгийг нь хэлж өгсөн.
Олборлолтын нөөц байгаа.
-Жастынхан танайхаас авсан 16 лицензийнхээ заримыг ашиглалтынх
болгосон. Та нарын шилжүүлсэн лицензэт талбайд ганц алт төдийгүй өөр
баялагтай гэж геологчид ярьдаг юм билээ. Үнэн үү?
-Ханын хэцийн алтны хүдрийн дүүрэг гэж битүрүүн хэлсэн. Энэ дүүрэг 25 км
үргэлжилдэг. Дээрх 16 лиценз бүгд энэ дүүрэгт хамрагдаж байгаа. Мөн
Авдрантын орд гэж хайлуур жоншны орд бий. Энэ ордод социализмын үед
Чулуун, Батболд гэдэг геологчид эрэл үнэлгээний ажил хийгээд нэг сая
орчим тонн жонштой гэдгийг баталгаажуулсан. Үүн дээр Жастынхан сая
хайгуул хийгээд 3 сая тонн жонштой гэдгийг баталсан байна билээ.
Тэгэхээр дээрх алт дээр жонш нэмэгдээд ирэхээр эдгээр 16 лицензийн
хэмжээнд маш сонирхолтой хайгуулын талбай шилжүүлж өгсөн байгаа.
-За баярлалаа.
-Эцэст нь ний нуугүй хэлэхэд Батхүү захирал технологийн алдаа гаргаад
бизнес нь амжилтгүй болсонд үнэхээр харамсаж байна. Мэргэжлийн хүний
хувьд энэ асуудалд дүгнэлт хийхэд” Жаст” сүүлийн гурван жилийн
хугацаанд 31 сая тонн хөрс хуулж 400-гаадхан мянган тонн хүдэр
олборлосон байна билээ. Хөрс болон хүдрийн харьцааг тооцож үзэхэд
78х1-ийн харьцаатай байна. Энэ бол тун харамсмаар үзүүлэлт. Уг нь
хөрс,хүдэрийн харьцааг тэнцүүлж, 10 орчимд хязгаарлаж байсан бол Олон
овоотын төсөл ийм байдалд орохгүй байсан. Бид олборлолт явуулж байхдаа
хөрс хуулалтын хамгийн дээд хязгаарыг 13х1-ийн харьцаатай барьж байсан.
Тэгэхэд бид амжилттай ажиллаж байсан. Харин одоо 78х1 гэдэг бол үнэхээр
хариуцлагагүй явдал.
-Энэ харьцаа алдагдсан нь юутай холбоотой гэж бодож байна.
-Энэ бол технологийн алдаа. Өөр юм байхгүй.
-Илэн далангуй ярилцсанд баярлалаа.
Олон Овоотын лицензүүдийн нэг болох Баян-Овоогийн жоншны орд буюу
Авдрантын жоншны ордын талаар “Геотрейд” компанийн захирал, Монгол Улсын
мэргэшсэн инженер Д.Энхбаатартай ярилцлаа. Учир нь тэрбээр энэ ордод
хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг бичиж өгсөн, дараа нь ордын
нөөцийг нягтлах шинжээчээр ажилласан, бүр сүүлд “Олон Овоот гоулд”-ын
захиалгаар баялагийн үнэлгээг нь хийсэн хүн.
-Олон Овоотын 16 лицензийн нэг талбайд жоншны асар их баялаг
нөөцтэй орд байгаа тухай таны нийтлэлийг уншсан. Нөөцгүй, хоосон Олон
Овоотод юун жоншны орд илэрчихэв гэдэгт хариулт өгөх байх гэж Таныг
зорьж ирлээ?
-Дорнодын Эрээнцаваас эхлээд Өмнөговь аймгийн Мандал-Овоо хүртэлх бүс
нутагт жоншны маш олон орд илэрсэн. Цаашид ч илрэх нь гарцаагүй. Өнөөг
хүртэлх хайгуул судалгаагаар илэрсэн Монголын хамгийн том орд зургаан
сая тоннын нөөцтэй. Тэгвэл Баян-Овоогийн хайлуур жоншны орд батлагдсан
гурван сая тонн нөөцтэй.
Ер нь өмнөд говийн Ханан хэцийн район бол Монголд байхгүй эрдэс
баялагтай. Үүний дотор байгаа баялагийн нэг бол хайлуур жонш. Ханан
хэцийн районд орших Баян-Овоогийн хайлуур жоншны орд буюу Авдрантын
хайлуур жоншны ордод 1989-1992 онд хамгийн цэгцтэй хайгуул судалгааг
Дорлигжав, Баасандорж, Батболд нар хийж, 2.9 сая тонн нөөцтэй байж
магадгүй гэсэн тооцоо гаргасан.
Харин 2009 онд Олон Овоот “Жаст”-ын Ш.Батхүүд шилжсэний дараа надтай
хамт “Монголросцветмэт”, Хажуу улаанд хамт ажиллаж байсан П.Энхбаяр
захирлаар очоод намайг урьсан. “Жоншны илрэл байна, хайгуул хийх үү яах
вэ” гэж. Би тэнд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр очсон. Талбайг нь
үзээд “Энд 4-5 сая тонн нөөц байна. Эргэлт буцалтгүй хайгуул хий” гэдэг
анхны дүгнэлтийг бичиж өгсөн. Тэр дүгнэлт одоо ч байгаа. Насаараа
хайгуулч хийж яваа надад Энхбаяр итгэдэг учраас урьсан биз.
Ингээд тэнд шууд хайгуулын анги байгуулж Н.А.Озонов гэдэг хүнээр
ахлуулаад 2010 оны 6-7 дугаар сарын үед хайгуулын ажлаа эхлүүлсэн. Би
хэрэв андуураагүй бол 200 гаруй суваг малтаж, 11 мянган тууш метр цооног
өрөмдсөн. Хайгуулын үр дүнд гурван сая тонн нөөц илрүүлсэн байдаг.
-Ордын нөөцийг баталгаажуулах шинжээчээр бас Та ажилласан юм билээ. Энэ талаар тодруулна уу?
-Хайгуулын ажлаа дуусгаад 2012 онд нөөцөө хамгаалах тайлан оруулж ирсэн.
Нөөцийг баталгаажуулахдаа ЭБЭХЯ, Ашигт малтмалын газраас шинжээч
томилдог. Энэ дагуу Монгол Улсын зөвлөх инженер Д.Эрдэнэтэй хамт миний
бие томилогдож ажилласан. Яг шинжээчээр томилогдох үед Олон Овоот
Г.Алтангийн мэдэлд очсон.
Ингээд бид хоёр шинжээчээр ажиллаж, бүгдийг анхнаас нь үзэж нягталсан.
Баян-Овоо буюу Авдрантад гурван сая тонн нөөцтэй гэдгийг Эрдэс баялагийн
мэргэжлийн зөвлөл баталж, Ашигт малтмалын газар ордыг бүртгэж нөөцийг
баталгаажуулсан.
Үүнээс хойш хагас жилийн дараа 2012 оны дунд үед шиг санагдаж байна.
Г.Алтан надтай уулзах хүсэлт тавьж, “анхны дүгнэлтийг та гаргасан,
шинжээчээр ажилласан, одоо энд өөр нөөц байгаа эсэхийг үзэж өгөөч”
гэсэн. Тиймээс манай компани “Олон Овоот гоулд”-тай хамтран ажиллах
гэрээ байгуулж эрэл үнэлгээний ажил хийж баялагийн үнэлгээг нь тогтоож
өгсөн юм.
-Эрэл үнэлгээний ажлаар нөөцийн хэмжээ өссөн байсан. Баталгаа нь хэдэн хувьтай вэ?
-“Геотрейд” компанийн эрэл үнэлгээний ажлаар ордын баялгийн үнэлгээг
дахин дөрвөн сая тонноор нэмэгдэнэ гэж тогтоосон. Миний тайлан байгаа.
Тэгэхээр өнөөдрийн байдлаар тус талбайд нийт долоон сая тонн жонш байна
гэсэн үг. Монгол орны хамгийн өмнөд цэгт нээгдсэн хамгийн том орд.
Үүнээс урагш жонш байхгүй. Энэ бол Монголын өмнө зүгт нээгдсэн хамгийн
том жоншны ордуудын нэг. Долоон сая тонн жонш гэдэг бол геологийн нөөц.
Баян-Овоогийн ордын гурван сая тонн нь батлагдсан нөөц. Дөрвөн сая тонн
нь таамаг баялаг. Таамаг баялаг илэрсэн талбай дээрээс дор хаяж хоёр сая
тонн үйлдвэрлэлийн ач холбогдолтой жонш гарна. Үүнийг би баталгаатай
хэлнэ.
-Ордыг ашиглахад хэр хэмжээний хөрс хуулах бол?
-Хөрс хуулалт шаардлагагүй. Жонш нь газрын гадаргуу дээр ил байгаа. Нөөц
нь 100-500 мянган тонн бол жижиг, 500 мянгаас нэг сая бол дунд, нэг
саяас дээш бол том ордод тооцдог. Авдрантын ордод 250 метр хүртэл
өрөмдөхөд л жоншны илэрц байгаа. Тэгэхээр батлагдсан гурван сая тонн
нөөцтэй, баялагийн үнэлгээ нь дөрвөн сая тонн энэ орд үнэхээр асар том
орд юм шүү.
Өнөөдөр дэлхийн зах зээлд өндөр зэрэглэлийн жоншны баяжмал тонн нь 400
ам.доллар, Монголын зах зээлд байгалиас гарсан 92 хувийн агууламжтай
жонш 250-300 мянга, 85 хувийн агууламжтай нь 160-200 мянга, 75 хувийн
агууламжтай нь 80-120 мянган төгрөгийн ханштай байна. Жоншны үнэ
хэлбэлзэл багатай. Үнэ ханш, эрэлт хэрэгцээ талаас нь бодсон ч ордын үр
өгөөж маш их.
-Гэхдээ л зарим нэг хүн Олон Овоот юу ч үгүй хоосон гээд байх юм…?
-Байгаа юмыг байгаа гэж хэлэх ёстой. Цаана нь ямар ч эрх ашиг, сонирхол
байсан хамаагүй. Ядаж л тэнд юу ч байхгүй гээд баялагийг нь үгүйсгээд
байхаар байгаль дэлхий хүртэл гомдох байлгүй дээ.
-Сүүлийн асуулт. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл нөөцгүй
газрыг нөөцтэй гэж баталдаг болж гэх шүүмжлэл хүчтэй байна. Энэ тухайд
Таны байр суурь…?
-Би бол шинжээч хүн. Одоо зөвлөл 16 хүнтэй, үүний 70 хувь нь
мэргэжлийнхэн. Тиймээс нөөцгүй газрыг нөөцтэй гэж батлахгүй байх. Тэгээд
ч энэ чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан юм шүү дээ. Байгаа байхгүй тухай
хэвлэлээр маргах нь зохимжтой биш, шинжлэх ухааныг доромжилсон хэрэг шүү
дээ.
Б.НЯМ