Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

МАН-ын гал унтрав

МАН-ын Бага хурлын VIII хуралдаан өчигдрийн гол үйл явдал байлаа. Энэхүү хуралдаанаар намын бүтэц, удирдлага өөрчлөгдөж, сонингийн эхний нүүрнүүдийн зураг намын шинэ даргын инээмсэглэсэн зураг байх болов уу гэж таамаглаж байсан нь үгүй байлаа. Есөн цаг гаруй үргэлжилсэн хуралдаанаар ерөнхийдөө МАН-ын Их хурлыг аравдугаар сарын 27-нд хийхээр товлоод л өнгөрөв. Ямартаа ч намын сценарчид Ө.Энхтүвшинг ирэх 11-р сар хүртэл байрандаа байж байх нь зүйтэй гэж шийджээ.
 
“МАН-ын Бага хурлыг наадмын өмнө хуралдуул”, “Бага хурлыг хуралдуулж шинэчлэлээ ярьцгаая” гээд байсан МАН-ын залуус үнэхээр жулдав. Тэд өчигдөр ганц гэр алга болсон тухай ярьсаар өдрийг барав. Бага хурлын үеэр шинэчлэлийн дуу хоолой хүчтэй гарч, түүнийг нь танхим дүүрэн алга ташилтаар дэмжсэн зүйл гарсангүй. Магадгүй гарсан бол дуулдсангүй.

МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн илтгэл нь өөрсдийн алдаагаа бусдад хэт их нялсан, намыг нь дэмжих хандлага өсөх хандлагатай байгаа зэрэг зарим дэгсдүүлэлтийг эс тооцвол бараг үнэнийг хэлчихэв.

“Тав дараалан ялагдсан хэрнээ, намын дарга нь төчнөөн аймагт ялсан гээд баахан амжилтын тухай ярина даа” гэж даапаалж байсан хүний сэтгэл нь ханасан байх. Ө.Энхтүвшин үнэхээр амжилтын тухай “МАН 2012 оны УИХ-ын сонгуульд 31,31 хувийн санал авч байсан бол орон нутгийн сонгуульд 40 хувь, Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч 42 хувийн санал авч хандлага нь өгсөх чиглэлд байна. Энэ нь Ард түмэн манай намаас нүүр буруулаагүй, биднийг дэмжсээр байна гэдгийг нотолж буй хэрэг. Үүнийг бага гэж голох хэрэггүй, чамлахаар чанга атгаад барьцаа лавшруулж, ололтоо ахиулах шаардлагатай” гэх зэргээр үргэлжлүүлэв.  

Мөн “Шинэчлэл нэрийн дор хуулиас  гадуур авирлаж” байна гэх үгийг Ардчилсан намынханд хандаж буй байдлаар хэлж буй боловч энэхүү сануулгын цаана шинэчлэлийн хөдөлгөөнийхөнд ч дайсан утга байлаа.

Ерөнхий агуулгаар нь ойлговол тав дараалсан ялагдлынх нь гол шалтгаан МАН-д биш, АН-д байж гэж ойлгогдохоор байв.  Бүр нэлээд занасан нь “АН өөрт олдсон давуу талыг ашиглан МАН руу бүх талаар довтлон улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлсээр ирлээ… Өөрийн нөхдөөсөө илүү өрсөлдөгчөө өөд нь татаж явсны үр дагавар, гашуун сургамжийг манай нам цааш цаашдаа мартаж үл болно” гэх үгсээс нэвт үнэртэнэ.

Шинэчлэгч залууст зориулсан үгс ч араас нь хөврөв. Гол санаа нь “залуус өөрсдийнхөө хүрээллийнхэнийг манлайлж, дагуулж чадахгүй байж яаж масст хүрч ажиллах билээ” гэдэг агуулга байв. Энэ санаагаа “хүн амын олонх болсон залуучууд руу онцгой анхаарахгүй бол бидний суурь болсон ахмадууд маань байгалийн хуулиар энгэрээ даган одсоор өдрөөс өдөрт цөөрч байна… Манай намын залуучуудын байгууллага хэзээ энэ гол ажил руугаа орох вэ” гэв. 

Нээрэн л ялагдсан удирдлагуудыг өөрчлөе гээд байгаа залуус нь өөрсдөө ялалтанд хүргэх зүйл хийхэд тодроогүй хэрнээ, хариуцлага хүлээлгэх, сандал суудалны сургаар онцгойрох гэж оролдож байгааг намын дарга шуудхан биш ч гэсэн хэлээдхэв. 

Харин Шинэчлэлийн хороог төлөөлөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат илтгэл тавив. Угаас жинхэнэ удирдагч нь биш байсан болоод ч тэр үү, гашуун, хүчтэй илтгэлд дөхөж ч очсонгүй. Бага хурал, бага хурал гэж шуугилдаж, үгээ хэлнэ, үгээ хэлнэ гэж хашгиралдаж байж Шинэчлэгчдийг төлөөлөн үг хэлэх боломжоо хөтөлбөрт оруулсныг нь бодвол, илтгэлд нь “үхсэн хойноо” гэх үг яг тохирно.

Намын бага хуралд У.Хүрэлсүх бараагаа ч харуулсангүй. “Тод магнай” кинон дээр Манж амбаны авчирсан хурдан морийг олонд харуулж шинжүүлэлгүй, даавуугаар бүтээж далдалдаг шиг, сунгаанд уралдуулалгүй өнжөөдөг шиг намын даргад өрсөлдөх У.Хүрэлсүх дахиад “битүү” хэвээр үлдэв. Хэдийгээр танхимаас намын даргад итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх нь ойлгомжтой байсан ч энэ хурлаар намын удирдлагын асуудал яригдахгүй гэдгийг мэдэж байсан болоод тэр энэхүү хуралд оролцсонгүй.

У.Хүрэлсүх ирээгүй ч С.Баяр ирэв. Борооныхоо шүхрийг хамгаалагчаараа бариулсаар Тусгаар тогтнолын ордноо зочилсон түүнийг хамгийн эхэнд М.Энхболдтой уулзсан гэнэ. Ямартаа ч олон хүний толгойг мэддэг түүнийг Бага хурлын нэгэн гишүүн “сонгуулийн үеэр алга болчихоод дараа нь гэмгүй царайлаад хүрээд ирдэг” гэж шүүмжлээд авав.

Ирсэн явснаа зарлуулж явдаг С.Баяраас гадна энэхүү хуралд Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч Б.Бат-Эрдэнэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлал, амбиц өндөртэй Ж.Сүхбаатар, Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч Анужин аав Р.Будын хамт гээд, үргэлжлүүлээд огцрох нь тодорхой болсон намын удирдлагууд болох Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар гээд олны танилууд цуглажээ. Мөн хурлын ирцийг бүрдүүлж, зүгээр  л байгаагаа харуулах гэж ирцгээсэн улс ч байлаа. Үүнд хотын дарга асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхоргил, Ч.Ганхуяг, Д.Хаянхярваа, А.Тлейхан, Р.Буд, Н.Ганбямба гээд үргэлжилнэ.

Намын шинэчлэлээс гадна Анужинийг өөрийн намынханыг биш өөр намынханыг нэвтрүүлэгтээ оруулж дэмжсэн гэх шүүмж, “Би МАН-д биш Монголын ард түмэнд зориулж бүтээлээ хийдэг” гэх тайлбар. “Ө.Энхтүвшин УЗ-ийн шийдвэрийг урдаа бариад даргын суудалдаа дахин үлдэх юм байна” гэх залуусын бухимдал, “Сүхбаатарын талбайн нэрний талаарх олон гомдол” –ууд үргэлжилсэн бөгөөд сунжирсан урт хариултаар хурлыг улам аядуу болгосоор, эрчийг сулласаар султгасаар хурал өндөрлөлөө.

Хэлж ярьсан нь их боловч, хэлэлцэж шийдсэн нь Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнтэй хамтран зохион байгуулах, Их хурлаа 1134 төлөөлөгчидтэйгээр “Шинэчлэл, эв нэгдэлийн Их хурал” нэртэйгээр хийхээр болсон төдий л байв.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж