Үлдэж буй цөөн хоногт сургууль, цэцэрлэгийн засварыг хийж дуусгаж амжих эсэх, засварын чанар ямар байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийг засдаг. Энэ жил хичнээн сургуульд энэ төрлийн засвар орсон бэ?
-Японы Элчин сайдын яамны “Өвсний үндэс” төслийн хүрээнд энэ жил гурван цэцэрлэг, хоёр сургуулийг засч байна. Чингэлтэй дүүргийн 83, Налайхын 23, Хан-Уулын 73 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн тав, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд засвар хийж байгаа. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Нидерландын хөрөнгө оруулалтаар 79 дүгээр сургуулийн ариун цэврийн өрөөг засварлаж байгаа. Мөн БХЯ-наас зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуулийн хүрээнд Налайх дүүрэгт нэг сургуулийн дээврийг засч байгаа.
-Энэ жил сургууль, цэцэрлэгийн засварт хичнээн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Сургууль цэцэрлэгийн засварын ажлын нийт өртөгт гурван тэрбум 670 сая төгрөг төсөвлөсөн.