
-Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засвар хэдэн хувьтай байна вэ. Зарим засварын ажлын гэрээг өнгөрсөн долоо хоногт хийсэн тухай мэдэлэл байна. Засвар оройтож эхэлж байгаагийн шалтгаан юу вэ. Үлдэж буй хугацаанд хийж амжих юм уу?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд засч сайжруулахаар төлөвлөсөн засварын ажил дунджаар 30 хувьтай байна. Засварын ажлыг гэрээнд заасны дагуу наймдугаар сарын 20-25-ны хооронд хүлээн авч амжина гэж тооцож байгаа. Энэ жилийн хувьд төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотойгоор зарим нэг сургууль цэцэрлэгийн засварын гэрээг саяхан үзэглэсэн тал бий. Үнийн дүн нь 80 сая төгрөгөөс бага хэмжээтэй засварын ажлууд долдугаар сарын 15-наас эхлээд жигдрээд явж байна. Тендерийг харьцуулалтын аргаар зарласан учир харьцангуй амархан шийдэгдсэн. Харин 80 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй засварын томоохон ажлын тендерийг нээлттэйгээр зарлан наймдугаар сарын 1-ний өдөр нээсэн. Нийтдээ 13-14 засварын ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн гэсэн үг.
-Энэ жилийн хувьд ямар төрлийн засвар үйлчилгээ зонхилж байгаа вэ. Сургууль цэцэрлэгт өнгө нэмэх төдий засвар хийгдээд, үндсэн сантехникийн шугам, дээврийн засвар зэрэг дорвитойхон засвар үлдээд байна гэсэн шүүмжлэл байдаг?
-Аль аль нь бий. Дээвэр ч засч байна, сантехникийн засвар ч хийж л байна. Дан барилгын засвар ч бий. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 110 сургууль, 170 цэцэрлэг байгаагаас энэ жилийн хувьд 53-т нь засвар хийж байна. Төсөвлөсөн хөрөнгийн хэмжээндээ тааруулаад хэсэгчилсэн засвар хийж байна. Аль нэг сургууль, цэцэрлэгийг сонгоод иж бүрэн засвар хийх боломж тэр бүр тохиодоггүй. Энэ жил гадна фасадыг заслаа гэхэд ирэх жил доторх шугам солих гэх мэтээр хэсэгчлэн засдаг.
-Хичээлийн шинэ жил эхлэхэд богино хугацаа үлджээ. Хүүхдүүдээ хүлээн авахаас өмнө засвар нь дуусч амжихгүй газрууд бий юү?
-Одоогоор засвараас болж хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй сургууль, цэцэрлэг байхгүй. Ажилгаа ихтэй зарим ажлыг хичээл эхэлсний дараа ч үргэлжлүүлэн хийх тохиолдол бий. Гадна шугамын ажлыг аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хийх боломжтой. Тэгэхээр тэр бүгдийг хуваарьт нарийвчлан зааж өгсөн байдаг.
-53 сургууль цэцэрлэгийн тендерт хичнээн компани ажиллаж байгаа вэ. Засварын ажлын чанарын хувьд юү хэлэх бол?
-Ганц нэгхэн газарт л давхардан ажиллаж байгааг эс тооцвол нэг сургуулийг нэг л компани засдаг гэж ойлгож болно. Урьд өмнөх он жилүүдтэй харьцуулан харахад манай засвар үйлчилгээний компаниуд санхүүгийн боломж, техник, ажиллах хүчний хүрэлцээний хувьд ч харьцангуй дээшилсэн. Энэ жилийн ажлыг чанартай гүйцэтгэвэл ирэх жил ажиллах боломж нээгдэнэ гэсэн ухамсар суусан нь харагдаж байна. Засварыг хийхдээ ч захиалагч талтайгаа харилцан ярилцаж шийдэх байдал нь ч дээрдсэн.
-Нураахаас аргагүй гэсэн дүгнэлттэй барилгуудын жагсаалтанд сургууль, цэцэрлэгүүд цөөнгүй харагддаг. Тэдгээрийг хэрхэн шийдэж байна вэ?
-Энэ жилийн хувьд монгол гуравдугаар сургууль, 11 дүгээр сургуулийн барилгыг буулгаж байгаа. Суурин дээр нь шинэ сургууль барих учир дээрх сургуулиудын сурагчид өөр газарт хичээллэнэ. Гуравдугаар сургуулийг ноднингоос хаасан. Сурагчид нь 4,16 дугаар сургуулиудад хичлээллэнэ. Гурван ээлжээр хичээллэхээс аргагүйд хүрч, хүүхдүүдэд жаахан хүндрэлтэй л байгаа. Гэвч барилгад дарагдсанаас түр хугацаанд өөр сургуульд хичээллэх нь дээр биз. Харин цэцэрлэгүүдээс энэ онд буулгахаар төлөвлөсөн нь үгүй. Гэвч нийслэлийн олонх цэцэрлэг, сургуулиуд 1950-1960 онд баригдсан, модон хучилттай, газар хөдлөлтийн ачаалал даах чадваргүй гэсэн дүгнэлт гарсан. Жараад онд баригдсан модон хучилттай барилга өдийд элэгдэлд орох нь мэдээж юм. Тиймээс дараа дараагийн он жилүүдэд шат дараалан шийдэхээс аргагүй. 2011 онд 31 дүгээр цэцэрлэгийг буулгаж, шинээр барьсан. 2012 онд 92 дугаар сургуулийг энэ онд ашиглатад оруулж байна. Мөн Баянгол дүүргийн 70 сургууль, 22 дугаар сургуулийн А байрыг буулгаж шинэ сургууль барьсан.
-Нэг сургуулийг хэдий хэрийн хөрөнгөөр барьдаг вэ?
-640 хүүхдийн суудалтай сургууль шинээр барихад 2-3 тэрбум төгрөг шаардлагатай болдог. Тийм болохоор шат дараагаар, ээлж ээлжээр шинэчилж байна.
-Хуучин сургуулийг буулгах байдлаар биш шинэ байршилд барьж, ашиглалтад оруулж буй хичнээн сургууль байна?
-Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Тахилт, Баянголын аманд Японы буцалтгүй тусламжаар шинэ сургууль барьж өгсөн. Энэ сургууль ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Мөн Дэлхийн банкны төслөөр Багануур дүүрэгт 640 хүүхдийн сургууль, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 92 дугаар сургууль ашиглалтад орно. Он дамжин баригдаж буй хэд хэдэн сургууль бас бий. Сүүлийн жилүүдэд энд тэнд сургууль барьж байгаа ч шинээр сургуульд элсэгчдийн тоо нэмэгдсээр байгаатай холбоотойгоор хүрэлцээ муу хэвээр байна. Тиймээс хойшдоо хүн гэдэг капиталыг үнэлэх үүднээс төрөлт нэмэгдсээр байгаа болохоор сургууль цэцэрлэгийг шинээр барьж байгуулахаас аргагүй болоод байна.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийг засдаг. Энэ жил хичнээн сургуульд энэ төрлийн засвар орсон бэ?
-Японы Элчин сайдын яамны “Өвсний үндэс” төслийн хүрээнд энэ жил гурван цэцэрлэг, хоёр сургуулийг засч байна. Чингэлтэй дүүргийн 83, Налайхын 23, Хан-Уулын 73 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн тав, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд засвар хийж байгаа. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Нидерландын хөрөнгө оруулалтаар 79 дүгээр сургуулийн ариун цэврийн өрөөг засварлаж байгаа. Мөн БХЯ-наас зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуулийн хүрээнд Налайх дүүрэгт нэг сургуулийн дээврийг засч байгаа.
-Тэгвэл нийслэлийн хөрөнгө оруулалтаар ямар ажил хийж байна?
-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил сургууль, цэцэрлэгийн засвар бол хийгдээгүй. Гэхдээ шинээр барих сургууль, цэцэрлэгийн зураг төсвийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Ирэх оны төсөвтөө хэд хэдэн сургууль цэцэрлэг барихаар хөрөнгө мөнгө төлөвлөсөнд нь бид бүхэн их баяртай байгаа. Ирэх оноос нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 10 орчим сургууль, цэцэрлэг барихаар НИТХ-аас шийдвэрлэсэн.
-Засварын чанарын хувьд хэлэх зүйл бий юү?
-Сургууль цэцэрлэгийн засварын чанарт манай боловсролын газраас гадна нийслэлийн хөрөнгө оруулалтынхан давхар хянадаг. Шаардлагад нийцсэн хэмжээнд засвараа хийлгэж байна. Өмнөх туршлагаас харахад муу материал сонгох, технологи зөрчиж хийх зэрэг бага сага алдаа гаргаж байсан. Түүнээс хийсэн засвар нь огт шаардлага хангаагүй тохиолдол гараагүй.
-Энэ жил сургууль, цэцэрлэгийн засварт хичнээн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Сургууль цэцэрлэгийн засварын ажлын нийт өртөгт гурван тэрбум 670 сая төгрөг төсөвлөсөн.