Энэ өдөр Өмнөд Солонгосчууд ганц, хоёр илтгэл тавьсан шигээ өнгөрсөн бол хойд хөрш нь цэргийн сүр хүчээ гайхуулах зорилгоор сүрт жагсаал зохион байгуулсан юм. Ялалтын баяраа тэмдэглэхийн тулд оросууд нэг иймэрхүү маягийн парад зохиодог. Харин энэ удаад Хойд Солонгосын эрх баригчид оросуудаас санаа авсан нь бололтой.
Гэхдээ ингэхийн тулд олон улсын нэр хүндтэй агентлагуудын сэтгүүлчдийг эх орондоо урьж аваачсан юм. Баярын жагсаалын үеэр Пхенъяны төв талбайд 100 мянган цэрэг жагсаж, 1980-аад онд зүүн Германаас авсан байлдааны зориулалттай 500MD хэмээх нисдэг тэргээ анх удаа олон нийтэд үзүүлсэн юм. Түүнчлэн 300 гаруй нэр төрлийн байлдааны буу зэвсэг, пуужин зэргийг ч харуулсан. Гэвч харамсалтай нь баярын уур амьсгал намжаагүй байтал Хойд Солонгост байгалийн гамшиг болжээ.
Тус улсын ард иргэдийн амьжиргааг авч явдаг гол салбар болох газар тариалан нь бүхэлдээ шахам үерт автаж, ургац гэх юм үлдсэнгүй. Үүнээс болж цэргүүд нь зуны бэлтгэлээ хийхээ больжээ. Хойд Солонгосын генералууд цэргүүддээ үерт автсан барилга, байгууламжийг дахин сэргээх үүрэг ногдуулсан байна. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлсэн юм.
Хойд Солонгосын цэргүүд зуны өдийд сургуулилт хийдэг нь тохиолдлын хэрэг биш. Учир нь жил бүрийн наймдугаар сард АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт Хойд Солонгосын хил орчимд болдог. Өнгөрсөн оны наймдугаар сард Өмнөд Солонгосын хойд хил орчимд тус улсын 56 мянган цэрэг, Америкийн 30 мянган цэрэг оролцсон томоохон сургуулилт болж байв.
Тухайн үед Өмнөд Солонгосын тал “Энэхүү сургуулилт нь БНАСАУ-ын талаас дайрвал түншүүдийн батлан хамгаалах боломжуудыг сайжруулахад чиглэж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, тэд Хойд Солонгосыг бараг л өдөөн хатгаж байжээ. Үүнээс болж Хойд Солонгосын тал тэднийг дайнд бэлтгэж байна хэмээн буруушааж байв.
Тийм ч учраас АНУ болон Өмнөд Солонгосын түншлэлд хариу барих маягаар жил бүр энэхүү цэргийн сургуулилтыг Хойд Солонгосын тал хийдэг байжээ. Цэргийн хүчээ гайхуулах сонирхолтой тус улсын хувьд энэхүү сургуулилт маш чухалд тооцогддог гэсэн үг юм. Гэвч тэд энэ удаад цэргүүдээ бэлтгэл хийлгэхээс татгалзав. Учир нь эх оронд нь жинхэнэ аюул тохиож байна.
Өнгөрсөн сард орсон борооны улмаас Хойд Солонгост 6000 байшин, барилга сүйрч, 23 мянган хүн орон гэргүй болсон байна. Тус улсын телевизийн мэдээлснээс газар тариалангийн 13.3 мянган гегта талбай усанд автжээ. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийнхний тодорхойлсноор бол энэ удаагийн гамшиг Хойд Солонгосын эдийн засгийг нэгмөсөн хямрааж орхисон бололтой.
Хойд Солонгос төсвийнхөө талаас илүү хувийг цэрэг, армидаа зарцуулдаг тухай барууны хэвлэлүүд нэг бус удаа бичиж байв. Гэхдээ тус улсын албан ёсны мэдээгээр бол тэд төсвийнхөө 15.8 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг гэх.
Тэр нь Өмнөд Солонгосынхоос даруй хоёр дахин их гэх мэдээлэл ч бий. Хойд Солонгосын хүн ам 24.5 сая. Тэгвэл түүний 40 хувь нь буюу 9.4 сая орчим хүн цэрэг армид бүртгэлтэй явдаг байна. Уг нь тэд нь гол ажиллах хүч нь болох ёстой байв. Түүнчлэн Хойд Солонгосын байнгын цэргийн тоо 1.2 сая гэж үздэг.
Ардын цэргийн хүчнийхнийг нь хуурай замын болон усан цэргийн хүч, агаарын хүч, тусгай ажиллагаа болон пуужингийн хамгаалалтынхан хэмээн тав ангилдаг байна. АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр бол цэргийн тоогоороо Хойд Солонгост дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг. Цэргүүдийнх нь 20 хувь нь 17-54 насны эрчүүд байдаг аж. Харин нэг хүнд ногдох цэргийн тоогоороо бол Хойд Солонгос дэлхийд тэргүүлдэг. Тус улсын 25 иргэн тутамд нэг цэрэг ногддог байна.
Хойд Солонгосын Батлан хамгаалах яам нь цэргийн инженерчлэлээрээ алдартай. Үүнийг нь тус улсын цөмийн зэвсэглэлийн үйлдвэрлэлтэй холбон тайлбарлаж болно. Хойд Солонгосын “Коксан” хэмээх их бууг Иракт хүртэл ашиглаж байсан баримт бий. Тус улсын батлан хамгаалах салбарт зориулж 90 гаруй үйлдвэр ажилладаг.
Тэд нь жилд 200 мянган буу, 3000 их буу, 200 танк, 400 хуягт машин үйлдвэрлэдэг аж. Тэдгээрээс тодорхой хэсгийг нь Иран, Пакистанд худалддаг байна. Түүнчлэн жилд 100 орчим сая ам.долларыг зэвсгийн экспортоос олдог гэж байгаа.
Хойд Солонгосын хуурай замын цэрэг нь 4060 танк, 2500 хуягт танк, 17900 их буу, агаараас хамгаалах 11 мянган зэвсэг зэргийг эзэмшдэг. Харин тэнгисийн цэрэг нь хамгийн багадаа 915 онгоцтой, агаарын хүч нь 1748 онгоцтой, түүнийх нь 180 нь бөмбөгдөгч онгоц байдаг аж. Түүнчлэн Хойд Солонгос бусад оронтой харьцуулахад усан цэргийн хамгийн том флоттой, бас хамгийн том тусгай хүчинтэй аж.
Тусгай хүчин гэдэг нь дайн хэзээ ч дэгдсэн хамаагүй үргэлж бэлэн байдалд байдаг цэргийнхнийг хэлж байгаа юм. Тийм цэргийнх нь тоо 100 мянгад хүрдэг аж. Үүнээс гадна мэдээж хэрэг цөмийн зэвсэг, алсын тусгалтай пуужин зэргийг нь тооцож үзвэл Хойд Солонгос улс цэрэг армийнхаа хүчээр дэлхийд дээгүүрт тооцогдох юм. Гэхдээ хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн хувьд цөмийн зэвсгийг нь эс тооцвол бусад нэлээд хуучирсан гэж үздэг. Харин энэ нь зөвхөн барууныхны таамаглал эсэх нь тодорхойгүй.
Хойд Солонгосын пуужингийн тусгал л 10 мянган километрт хүрдэг гэж Японы мэргэжилтнүүд дүгнэсэн юм. Түүнээс гадна цэргүүд нь эх орныхоо төлөө амиа ч үл хайрлахад бэлэн, төрсөн цагаасаа үзэл суртлаар хүмүүжсэн хүмүүс байдаг. Гэхдээ ийм том цэрэг, армийн хүч энгийн ард олныхоо амьдралд нэмэр болох зүйл тун бага хийдэг байсан гэж барууны хэвлэлүүд дүгнэдэг билээ.
Харин одоо тэр нь бага ч атугай өөрчлөгдөж байж мэдэх юм. Гэхдээ барууны орнууд, АНУ-ыг айлгадаг цэргийн их хүч нь нимгэрэх нь юу л бол.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин