
Канадын Кампбеллтон хотын нэгэн амьтны дэлгүүрээс аварга могой зугтаж, дэлгүүрийн дээд талын орон сууцан дахь найзынхаа гэрт унтаж байсан ах дүү хоёрын амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Канадын цагдаагийн газраас мэдээлснээр өнөө өглөө 5 ба 7 настай хоёр эрэгтэй хүүхэд найзындаа унтаж байхдаа амьсгал хураасан байдалтай олдсон ба тэднийг аварга могой биеэрээ ороож, амийг нь хөнөөсөн хэмээн сэжиглэж байгаа юм байна. Цагдаа нарын үзэж буйгаар амьтны дэлгүүрээс зугтсан аварга могой орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин хүүхдүүдийн унтаж байсан өрөөнд хүрсэн гэнэ. Одоогоор цагдаа нар тэрхүү аварга могойг барьж, амьтны дэлгүүрт хэргийг мэдэгджээ. Амь үрэгдсэн хоёр хүүгийн цогцост өнөөдөр задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг нь бүрэн тодруулах аж.
Б.АНХТУЯА