Их хурлыг аравдугаар сард хийх санал оруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Их хурлыг аравдугаар сард хийх санал оруулжээ

МАН-ын Бага хурал хаалттай горимд үргэлжилж байна. Бага хурлын явцын талаар МАН-ын нарийн бичгийн дарга М.Оюунчимэг сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бага хурлыг нээж, намын дарга Ө.Энхтүвшин “Оноо, алдааны нэгэн жил: Ухаарал, цаашдын зорилт” илтгэл тавьсан бол залгуулаад “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат намыг шинэчлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, илтгэл тавьсан юм. Ингэснээр хурлыг хаалттай горимд шилжүүлсэн билээ.

МАН-ын нарийн бичгийн дарга М.Оюунчимэг “Бага хурлын хамгийн чухал асуудал нь Их хурлыг товлон зарлах юм. Удирдах зөвлөлөөс Их хурлыг ирэх аравдугаар сарын 27-нд хуралдуулахаар санал оруулж байгаа юм байна. Их хурлын товыг Бага хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон” гэлээ.

Мөн тэрээр МАН орон нутаг, Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулиудад ялагдсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч тооны хувьд ард түмэн МАН-д итгэх итгэл нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, УИХ-ын сонгуулиар 30 хувь, Орон нутгийн сонгууль 33, Ерөнхийлөгчийн сонгуулиар  42 хувьтай байгаа нь МАН-д итгэх итгэл нэмэгдэж байгаагийн илрэл. Тиймээс бид итгэл найдвараа алдахгүй ажиллах ёстой гэдгийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин илтгэлдээ онцолсныг дуулгасан юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж