Бага хурлын эрхэм гишүүд ээ,
Журмын хүндэт нөхөд өө,
Та бүхэндээ сайн сайхны ерөөл дэвшүүлж амар амгаланг тань айлтган халуун мэнд дэвшүүлье.
Энэ оны VI сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах өрсөлдөөнөөр сонгуулийн нэгэн цикл өндөрлөж байна. Ийм учраас түүнд улс төрийн бодитой үнэлэлт дүгнэлт өгөх явдал манай намын хувьд хойшлуулшгүй зорилт мөн. Мэдээж хэрэг, сонгуулиудын эцсийн үр дүн бидний хүсэн хүлээсэн хэмжээнд байгаагүй гэдгийг би эхлээд хэлэх ёстой. Гэхдээ манай намын 230 шахам мянган гишүүн, бас дээр нь дэмжигч олон мянган хүний хамтын тэмцэл учраас сэтгэлийн хөдлөлөөр юм уу, эсвэл тодорхой зорилгын үүднээс хандаж дүгнэлт хийж болохгүй гэж үзэж байна. Тухайлбал сонгуулийн үеийн улс төрийн нөхцөл байдал, биднээс үл хамаарсан хүчин зүйлс, ахиц ололт буюу цаашид бататгах сайн талууд, алдаа эндэгдэл, авах сургамж, цаашдын зорилт, нам оршин тогтнох ирээдүй цагийн улс төрийн авир араншин, хандлага, эрх баригчдын зүгээс хийж болзошгүй алхмууд гээд тал бүрээс нь иж бүрэн хандаж үнэлж, дүгнэж чадвал МАН, бид бүгдээрээ хожино. Эс чадваас дахин том алдаж мэднэ.
Эхлээд улс төрийн нөхцөл байдлын талаар яръя.
2012 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН амаргүй нөхцөлд ажиллаж байна. Энэ жилүүд МАН-ын хувьд хамгийн хүнд үе болж түүхэнд бичигдэх цаг ч ирж магадгүй.
Олонхийг бүрдүүлсэн гол хүчин АН өөрт олдсон давуу талыг ашиглан МАН руу бүх талаар довтлон улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлсээр ирлээ. Энэ бол тэдэнд нэг жилийн өмнө төрсөн санаа биш, бүр 1996 оны сонгуулийн дараа нэгэнт ил болсон бодлого юм. Тэр үед манай намын бодлогоор тавигдсан боловсон хүчнүүдийг хоморголон халах, удирдлагуудыг тагнаж чагнах, Лениний музей, намын архив бусад өмч хөрөнгийг хураан авах зэрэг одоогийнхтой төстэй оролдлогуудыг хийж байсныг Та бүхэн мартаагүй байх аа. Өнөөдөр энэ нь улам түрэмгий, хонзогносон шинжтэй, 1996 онд чадаагүйгээ заавал гүйцээнэ гэж шүд зуусан төрхтэй, илүү зохион байгуулалттай, цогц бодлого, үйл ажиллагаа болж хувирсан нь тодорхой харагдаж байна.
“Шинэчлэл” нэрийн дор хуулиас гадуур авирлаж намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг хоморголон халахаас гадна ард түмнээс Ардын Намд өгсөн мандатыг булаан авах, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг урвуулан татах, хуулиар олгогдсон бүрэн эрхээ парламентад хэрэгжүүлэх боломж нөхцлийг хаах, “зөвхөн МАН-ынхан авлигачид” гэдэг кампанит ажлыг өрнүүлж баривчлах, хорихоор айлгах, Ардын Намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж, биднийг санхүүгийн хувьд улам доройтуулах, мэдээллийн дарангуйллыг тогтоох зэрэг бүх чиглэлээр довтолсоор байна. Түүгээр ч үл барам МАН-ын түүхийг бүдгэрүүлэн баллуурдах вандалист үйлдлүүд газар авч байна. 1921 оны ардын хувьсгалын ач холбогдлыг үгүйсгэн жил бүрийн 7 дугаар сарын 11-ний үндэсний баяр наадмыг огт өөр агуулгатай мэтээр өөрчлөх, хөшөө, дурсгалуудыг буулгах, Д.Сүхбаатарын талбайг алга болгох зэрэг балмад ажиллагаанууд нь энэ намын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ялангуяа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн ач холбогдлыг үгүйсгэн тэр тухай ойлголтыг ялангуяа залуу үеийнхний тархи толгойноос арчих далд санаанаас үүдэлтэй юм. Ийм үед Тусгаар тогтнолын ордны үүдэнд саяхан хүртэл байсан гэр Д.Сүхбаатарын талбай дээр олон болж баригдсан бол цагаа олсон, оновчтой шийдэл байх байлаа гэж бодсоноо энэ дашрамд хэлье. Ерөнхийдөө, эрх баригчдын ааш араншин иймэрхүү байна. Найман оны намрын хүйтэн борооноор хаана буухаа мэдэхгүй нүүж, гунадаж явахад нь “монголын үрс ялгаа юу байхав” хэмээн урин залж гэрийнхээ талыг зайчлан өгч дөрөв шахам жил хамт аж төрсний хариу нь ингэж тусч байна.
Өөрийн нөхдөөсөө илүү өрсөлдөгчөө өөд нь татаж явсны үр дагавар, гашуун сургамжийг манай нам цааш цаашдаа мартаж үл болно.
Хуулийг уландаа гишгэн, хүч түрэн дарангуйлсан ийм нөхцөлд хоёр сонгуулийг зохион байгуулсан.
Хүч түрэн дарангуйлсан гэж юуг хэлээд байна вэ?
-УИХ-д МАН-ын бүлгийг албан ёсоор байгуулж зарлах ажлыг саатуулж, гишүүдийг Байнгын хороонд орж ажиллах хууль ёсны эрхийг нь хязгаарлан, ингэснээрээ гол гол шийдвэрүүдийг өөрсдийн төлөвлөснөөр олонхиор хүч түрэн гаргаж амжив.
-Хоёр сонгуулийн хуулийг батлахдаа зөвхөн АН-ын нэр дэвшигчдэд ашигтай байх хувилбарыг муйхарлан зүтгүүлж санасандаа хүрэв. Ганц жишээ хэлэхэд, сонгуулийн тойрог хэсгийн хороодыг төрийн албан хаагч гэдэг нэрийдлээр хааяагүй АН-ыг хүчтэй дэмжигчдээр бүрдүүлэв.
-Төрийн жинхэнэ албан хаагчдыг янз бүрийн халхавчийн дор АН-ын сурталчилгаа, зохион байгуулалтын ажилд бүрэн дайчлан ажиллуулав. Тухайлбал арми, хилийн цэргийн бие бүрэлдэхүүний саналыг авахдаа дээрээс өгсөн тушаал удирдамжийн дагуу дарга нарынх нь хатуу хяналтын дор зохион байгуулав.
-Шүүх, прокурор, цагдаа, АТГ, Сонгуулийн ерөнхий болон салбар хороод, шударга өрсөлдөөнийг хангах байгууллага бүгд эрх баригчид, тэндээс нэр дэвшигчдийн төлөө дуулгавартай үйлчиллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн бид үед хууль илт зөрчиж байгаа талаар төв, орон нутагт 100 гаруй удаа дээрх байгууллагуудад хандахад огт авч хэлэлцэхгүй байсан бөгөөд харин ч гомдол, санал гаргахаа зогсоохыг сануулж, сүрдүүлж байлаа.
-Эрх баригчид МАН-д хандив өгч болзошгүй хүмүүсийг хатуу хяналтад авч, араас нь тасралтгүй мөрдөн шиншилж, харин өөрсдөө эрх мэдлээ урвуулан ашиглаж санхүүгийн илт давуу байдлыг бүрдүүлж, мөнгөний хүчин зүйлийн ид шидийг үзүүлэв.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан сурталчилгааны хувьд дэндүү тэнцвэргүй бөгөөд хөндлөнгийн зарим байгууллагын судалгаагаар 90:10 гэсэн харьцаатай явж өнгөрлөө. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тусгай зөвшөөрлийг нь хураана, эфирийг хаана гэж айлган эрхшээлдээ бүрэн оруулсан нь сая сонгуулиар харагдлаа.
-МАН-ын саналыг хуваах зорилгоор МАХН-аас заавал нэр дэвшүүлэх ажлыг зориуд зохион байгуулж, нэр дэвшигчийг нь ч захиалж санхүүжилтээр ханган сурталчилгааны цагуудыг нь АН ихэнхдээ ашиглалаа. Манай нэр дэвшигчийг гүтгэж гүжирдсэн, хар нэвтрүүлгүүдийг Н.Удвалын цагаар цацаж байсныг олон түмэн харсан. Нэг ёсондоо, сумаа тавиад нумаа нуусаар сурталчилгааны хугацааг дуусгалаа.
Сонгуулиуд ийм хүч тэнцвэргүй нөхцөлд явагдсан гэхэд харин ч манай намд боломж их байгаа нь харагдлаа.
2012 оны орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид 9 аймаг, 4 дүүрэг, 156 суманд олонх болж ялалт байгуулсан. Үүнээс өмнө 180 орчим суманд манайх олонх байсан, одоо 20 гаруйгаар буурлаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 8 аймаг, 2 дүүрэг, 201 суманд ялалт байгуулав. Орон нутгийн сонгуульд Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай аймгууд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргүүдэд, Ерөнхийлөгчийн сонгуульд Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгууд, Багануур, Багахангай дүүргүүдэд ялалт байгууллаа.
Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр аймгууд, Багануур, Багахангай дүүргүүд дээр амжилт тогтвортой байлаа. Дээрх аймаг, дүүргийн намын байгууллага, тэнд ажилласан бүх хүнд баяр хүргэж, амжилт хүсье. Ялангуяа Говь-Алтай аймаг 90 оноос хойш явагдсан бүх сонгуульд манай намыг дэмжиж ирснийг энд онцлон тэмдэглэх ёстой.
Бас Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтад манай нэр дэвшигч Д.Сумъяабазар гялалзсан амжилт гаргаж УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг дурдахгүй өнгөрч болохгүй.
Журмын нөхөд өө!
Алдаа бол удирдлага буюу цөөн хүнээс үүдэлтэй, харин амжилт, ололт бол баг, хамт олон, магадгүй мянга мянган хүний бүтээл байдаг билээ. Тийм учраас ахиц, ололтын талаар хэдэн зүйлийг тэмдэглэе.
-Намын байгууллагууд, улс төрийн шинэ нөхцөл байдалд дасан зохицож үйл ажиллагаа, арга барилаа өөрчилж, ялангуяа гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэх талаар сонгуулиас сонгуульд мэдэгдэм ахиц, дэвшил гаргаж байгааг хэлэх ёстой. Үүний үр дүн ч тодорхой харагдаж байна.
МАН 2012 оны УИХ-ын сонгуульд 31,31 хувийн санал авч байсан бол орон нутгийн сонгуульд 40 хувь, Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч 42 хувийн санал авч хандлага нь өгсөх чиглэлд байна. Энэ нь Ард түмэн манай намаас нүүр буруулаагүй, биднийг дэмжсээр байна гэдгийг нотолж буй хэрэг. Үүнийг бага гэж голох хэрэггүй, чамлахаар чанга атгаад барьцаа лавшруулж, ололтоо ахиулах шаардлагатай. Ер нь цаашдын улс төрийн өрсөлдөөн сараас сард, жилээс жилд улам амаргүй болох төлөвтэй учраас сөөм сөөмөөр, алхам алхмаар тасралтгүй урагшлахыг л хичээх хэрэгтэй байна.
-Аливаа сонгуульд нийт сонгогчдын 20-30 хувийг эзэлж байдаг, судлаачдын нэрлэдгээр, “хөвөгч хэсэг”-ийн болон бусад намын гишүүд, дэмжигчдийг татах зорилт тавихын өмнө Ардын Намынхаа гишүүд дэмжигчдийг бүрэн оролцуулах ажлыг хийх ёстой байх аа. Энэ тал дээр сонгуулиас сонгуульд ахиц гарч буйг бас онцлон тэмдэглэе.
УИХ-ын сонгуулийн өмнө манай намын зарим дүн мэдээгээр гишүүдийн тоо 260000-д хүрлээ гэж байсан. Үгүй юмаа гэхэд хамгийн багаар бодоход, 230000 орчим байв. Гэтэл УИХ-ын сонгуульд МАН-ын төлөө өгсөн санал нь 353923. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Тийм учраас би энэ оны 2 дугаар сард намынхаа гишүүд дэмжигчдэд хандаж бичсэн захидалдаа намын гишүүн бүр сонгуульд заавал оролцохоос гадна ядахдаа 2-3 хүнийг ухуулан дагуулж саналыг өгүүлэх ажлыг зохион байгуулахыг тэмдэглэж байсан. 230 мянган гишүүн тус бүр өөрөөсөө гадна нэг сонгогчийг татахад 460 мянга болж 353 мянгатай харьцуулахад даруй 100 мянгаар өсөх байсан жишээтэй. Тэгвэл сая Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигчийн төлөө 520380 хүн саналаа өгсөн нь ахиц мөн. Энэ бол гэнэт гийсэн аз, аяндаа цугласан оноо биш, нэр дэвшигчээс эхлээд нам нийтээрээ хөдөлж зүтгэж, тэмцсэний үр дүн гэж дүгнэж байна.
-Сүүлийн сонгуулиудынхаа дүнг намын байгууллагууд шат шатандаа шүүн ярилцсаар ирсэн. Одоо ч ярьж байна. Чанартай, чанаргүй гэх шүүмжлэлийн тухайд бол жич асуудал. Ярьж, бодитой үнэлэлт, дүгнэлт өгөхийг оролдсоор ирсний үр дүнд өмнөх алдаагаа давтахгүй, нэг мэхэнд хоёр удаа унаж болохгүй гэдэг сургамж-ухаарал намын ажилтнууд, гишүүдэд бий болж байгааг миний бие олж харж байна. Саяхны нэг жишээг дурдахад, Н.Хүлэгсайхан нарын хэсэг оюутан, Бага хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Алтай, Г.Түвдэндорж тэргүүтэй залуучуудын төлөөлөл надтай зориуд уулзаж, МАН улс төрийн том хүчин хэрнээ эв нэгдэлгүйгээсээ болж алдаж ирсэн. Энэ хүнд цаг үед нам урд урдынхаасаа илүү улам нягтрах ёстой. Намаа, бие биеэ муулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд задгай цацаж суух нь хүчийг улам сулруулж өрсөлдөгчдийн бахыг хангах, нааш довтлох орон зай, боломжийг тэдэнд бүр илүү олгодог. Намын удирдлага үүнд анхаараач гэж сануулж хэлсэн билээ. Бидний залгамж үе, энэ намыг цаашдаа авч явах залуучуудын дотроос ингэж чин сэтгэлээсээ хандаж тийм эрүүл байр суурин дээр байгаад Намын даргын хувьд үнэхээр баярласан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн, өмнөх сонгуулийн үед гарсан алдаа доголдолуудыг нэгбүрчлэн судалж давтахгүйн төлөө төв, орон нутгийн сонгуулийн штабууд ч онцгой анхаарч ажиллалаа. Төв штабын удирдлага, нэр дэвшигчийн хооронд үл ойлголцол гаргахгүй байх, кампанит ажлын үед олон толгой үүсэхээс сэргийлэх, нэгдмэл удирдлагыг хангах, сурталчилгааны явцад тактикийн ноцтой алдаа (олон нийтийн санал бодлыг мэдрэхгүй, судалгаагүй хандах,хэтрүүлэх, харлуулах эсвэл үлбийлгэх, баримт нотолгоогүй материал цацаж эргэж сөрөг цохилтонд орох, хугацааг буруу сонгох гэх мэт) гаргахгүй байх уялдаа зохицол дэглэм журмыг тогтоон ажилласан болно. Аль ч аймаг дээр очсон, ялчих юмсан гэсэн эрмэлзэл, зүтгэл манай намын байгууллага, гишүүд, дэмжигчдэд дүүрэн байсан.
-МАХН-тай орон нутгийн сонгуульд нэг эвсэл болж оролцох, Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ хамтатгах талаар бидний, ялангуяа Намын даргын санаачилга, оролдлого хэрэгжээгүй ч бас огт үр дүнгүй гэж хэлэхгүй. Үүний цаана өнөөдөр энэ хүчний толгой, цээжинд яваа нөхдийг татах гэхээсээ илүү, хоёр намын ялгааг ойлгоогүй төөрөлдөн яваа ахмадууд, улс төрийн сонгуулийн дүнгийн ноцтой үр дагаврыг сайн тооцохгүй “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байя гэдэг хуваах сэтгэлгээгээр ханддаг хэсэг, товчхондоо, урд өмнө манай намын идэвхтэй гишүүн, дэмжигч явсан нөхдийгээ наашлуулах гэсэн бодлого агуулагдаж байсан юм. Энэ бодлого бас ч талаар өнгөрөөгүй гэж үзэж байгаа. МАХН-ын дотор “МАН-ын нэр дэвшигчийг дэмжих хөдөлгөөн санаачилга өрнөсөн бөгөөд зарим дүүрэг, суманд сонгуулийн сурталчилгааг хамтраад зохион байгуулсан нь хүмүүст илүү хүрч байсан.
2012 оны УИХ-ын сонгуулиар 252115 хүний буюу 22,31 хувийн санал авч байсан МАХН орон нутгийн сонгуулиар 10 гаруй хувь, саяын сонгуулиар 6,5 хувийн санал авлаа. МАХН-аас нүүр буруулсан 15 орчим хувийн тодорхой хэсэг нь наашилсан гэдэг нь ойлгомжтой. Яг хэдэн хувь бэ гэж асуувал өнөөдөр хэн ч хэлж чадахгүй боловч, социологийн судалгаа, ярилцлага, бусад тандалтаар ийм шилжилт гарч байгаа гэдэг нь нотлогдсон зүйл. Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бусдын хэрэгт хуруу дүрж, гишүүдийг нь урвуулах гэж байгаа юм бишээ. Зүрх сэтгэл нь хэвээрээ ч мэдээлэл дутмагаас төөрөлдөн яваа тэр нөхөддөө хүрч, үнэнийг ойлгуулах тухай би энд ярьж байгаа юм.
-Шийдвэр гаргах эрхийг аль болох анхан шатны нэгж рүү шилжүүлэх, гишүүд дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар зарим шинэлэг алхмуудыг хийхийг эрмэлзсэн.
Сум, дүүрэг, аймгийн Хурлын сонгуульд чухам хэн хэнийг дэвшүүлэхийг шат шатандаа шийдвэрлэдэг байх, дээрээс хутгалдан оролцож чиглүүлдгийг зогсоох бодлого баримталсан. Аймгийн Засаг дарга, Хурлын тэргүүлэгчдийн дарга нарыг сонгож томилоход дээрээс тулгаагүй. Орон нутгийн ард иргэд нь чухам хэнийг арай илүү дэмжих хандлагатай байгааг л гол шалгуур болго гэж ерөнхий чиглэл өгч байсан нь буруудаагүй. Ерөнхийлөгчид ямар хүнийг нэр дэвшүүлэхийг эхлээд хэдэн албан тушаалтнуудын хүрээнд ярьдаг байсан өмнөх практикийг халж шалгуур болоод тодорхой хүний талаар гишүүд дэмжигчид, олон нийтээс асууж, тэдэнтэйгээ зөвлөлдөж байж асуудлаа шийдвэрлэх зорилгоор “Эв нэгдлийн элчийг ард нийтээр тодруулъя” хэлэлцүүлэг зохион байгуулсан нь, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэхэд тустай ажил болсон.
Удирдах Зөвлөл, Бага хурал дээр ч шударга өрсөлдөөнийг хангах, хэн нэгэн эрхтэн дархтан тухайлбал, Намын дарга давуу эрх эдлэх ёсгүй гэсэн байр суурийг миний бие баримталсан. Үүнийг би өнөө яриад буй шинэчлэх гэдэгт хамаарна л гэж ойлгож байгаа.
Бидний хамгийн сайн тогтож ярих ёстой асуудал бол алдаа дутагдал, шалтгаан, засч залруулах арга замын тухай юм. Гэхдээ би энэхүү багц асуудлаас зарчмын гэж хэлж болох зарим хэсгийг одоо хөндөж чадах бөгөөд манай гишүүд цаашид лавшруулан тал бүрээс нь цогц байдлаар авч үзэх шаардлагатай.
Нэг. Гишүүд, дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлэх, сонгогч олон түмний гүнд орж зүрх сэтгэлд нь хүрч нөлөөлөн, бодлого зорилтоо ойлгуулан татах ажил хангалтгүй байсан. Уг нь бид энэ талаар хааяагүй ярьж бид биедээ сургамжилж байсан ч, хэрэг дээрээ тэр талын арга ухаан дутмаг хэвээр байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн уулзалтууд, сурталчилгааны нээлт, хаалт хотод ч, хөдөөд ч олон хүнийг хамарсан, өнгө хэлбэр талаасаа ерөнхийдөө цоглог, зохион байгуулалт муугүй мэт байсан ч, тэдгээрт нөгөө л гишүүд, дэмжигчдийн идэвхтэй хэсэг оролцож байлаа. Бидний зорилго болгоод тавиад байсан хөвөгч хэсэг, залуучууд, нам бусчууд урдын адил үндсэндээ гадна талд үлдсэн. Сурталчилгааны эхний өдрүүдээс ийм дүр зураг мэдрэгдсэн боловч үлдсэн 20 гаруй хоногт олигтой засч өөрчилж чадсангүй.
Уулзалт, хурал, цуглаанаас гадна олон нийтэд нөлөөлөх олон янзын арга, зохион байгуулалтын хэлбэрүүд, сүлжээ бий. Тэр талын ажлыг сайн хийж чадсангүй, хөрөнгө санхүүгийн хувьд ч боломж хомс байлаа. Харин өрсөлдөгчид маань нам бусчууд руу нэвтрэх далд сүлжээнүүдийг үүсгэн, эд материал, мөнгө тараах, амлалт өгөх хэлбэрээр ажиллаж гаршсаныг орон нутагт ажилласан манай нөхөд мэдээлж байна.
Хоёр. Намын анхны шатны байгууллагуудаа бэхжүүлэх ажлыг энэ хугацаанд олигтой хийж чадсангүй. Аймаг, дүүрэг, сумдын намын хороод үүрийн дарга, дэд дарга, тэргүүлэгчдийг шинэчлэх хүрээнээс хэтрээгүй гэхэд болно. Шинээр сонгогдсон дарга нарын маань ихэнх нь туршлага дутмаг учраас ажил руугаа гүнзгий орж чадаагүй. НАШБ гэдэг маань өнөөдөр ихэнхдээ сэтгэл нь байвч хүч нь мөхөсдсөн хэдэн ахмадууд, зарим газарт туршлагагүй, өөрөө байр сууриа олж чадаагүй, нөлөө, хүрээ багатай залуучууд байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үед миний бие нэг талаар хүч нэмж туслах зорилготой, нөгөө талаар үүр гэж ямар байгууллага байна вэ, сонгуулийн үед ямар түвшинд ажилладгийг тодруулахын тулд 20 гаруй хүнтэй багийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Р.Содхүүгээр ахлуулан Баянголын 1-6-р хороонд богино хугацаагаар ажиллуулсан юм. Тэд тайландаа НАШБ-ыг бэхжүүлэхгүйгээр цаашид олон түмэнтэй ойртох боломжгүй. Гишүүд ч ихээхэн шүүмжлэлтэй байна. Сонгууль болохоор биднийг санадаг, бусад үед холбоо тасардаг. Сонгуулийн үед амласан хөлс мөнгөө ч өгдөггүй гэсэн шүүмжлэл их гарсныг тусгажээ. Энэ бол нийтлэг дүр зураг гэж бодож байна.
Гурав. Сонгуулиудад гол үүрэг гүйцэтгэх ёстой идэвхтэн сонгуультнууд маань бүгд сэтгэлээ өгч зүтгэсэн гэвэл үнэнд нийцэхгүй. Үүнийг намын Удирдах Зөвлөл, Бага хурлын зарим гишүүдтэй юуны түрүүнд би холбон дурдаж байна. Саяын сонгуулийн эхэнд Улаанбаатар хотод байгаа Бага хурлын гишүүн 127 хүнийг цуглуулах гээд хэд хэдэн удаа зар тараахад нэг удаа хамгийн дээд тал нь 23 хүн ирж байх жишээтэй. Аймгийн намын хорооны квотод хотоос орж сонгогдчихоод өөрөөр хэлбэл тухайн орон нутгаас нь орох ёстой хүмүүсийг хасч оронд нь дарга нараар шахуулан байж багтчихаад аймагтаа очдоггүй, намын хороондоо тусладаггүй, тэр ч байтугай Бага хуралдаа ирдэггүй гишүүн цөөнгүй байгааг аймгуудад очиход ихээхэн шүүмжилж байсан.
Намын төлөөллийн төв байгууллага цаашдаа ингэж ажиллах юм бол хариуцлага, үр дүнг хэнээс нэхэж шаардах юм бэ?
Намын XXVII Их хурлын төлөөлөгч сонгох, Бага хурал, Удирдах Зөвлөлийг бүрдүүлэх, ажил албан тушаалд дэвшүүлэхдээ энэ асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Намын Хяналтын болон Ёс зүйн хороо оролцоог хүн нэг бүр дээр гүйцээн гаргаж мэдээлэх нь зүйтэй байх аа.
Дөрөв. Манай нам залуучууд, оюутнуудтай ажиллаж, тэднийг татаж чадахгүй байна гэж ярьсаар олон сонгуулийн нүүрийг үзэж ирлээ. Тэдэнд улс төр, намуудын талаарх мэдээлэл их хомс, авах сонирхол нь ч барагтайхан учраас ардчилал гэдгийг Ардчилсан нам л гэж ихэнх нь ойлгодог, тэгэж ойлгуулж чадсан бололтой. Энэ буруу хандлагыг зогсоож хүн амын олонх болсон залуучууд руу онцгой анхаарахгүй бол бидний суурь болсон ахмадууд маань байгалийн хуулиар энгэрээ даган одсоор өдрөөс өдөрт цөөрч байна. Бид энэ хандлагыг эртнээс харж дэргэдээ залуучуудын болон оюутны байгууллагыг байгуулсан билээ. Манай эдгээр байгууллага хэзээ энэ гол ажил руугаа орох вэ?, хэдийд НАМЗХ, НАМОХ монголын залуучуудын олонхийг дагуулж чадлаа гэдгийг сонсгож нотлон харуулж намынхаа магнайг тэнийлгэх вэ? Дээрх 2 байгууллага үндсэн энэ асуудал руугаа хүчээ нэгтгэн, ханцуй шамлан орохыг хүсч байна. Энэ талаар ойрын үед өөр өөрсдийн хурлаар нухацтай ярилцах байх гэж найдаж байна. Цэгцтэй төсөл, хөтөлбөр боловсруулаад гаргаад ирвэл намын удирдлага бүрэн дэмжинэ.
Журмын нөхөд өө!
Цаашдаа бид юун дээр анхаарч, яаж ажиллах ёстой талаар тогтож яръя. Бид бүгдээрээ сайтар тунгааж, шүүн хэлэлцэж санал онолоо нэгтгэх асуудал бол яах аргагүй энэ мөн.
Юуны өмнө, энэ цагийн төрх араншинг мэдэрч, ялалт, ялагдлын мөн чанарыг ухаарч, өрөөлийг бас өөрсдийгээ олж харцгаая.
“МАН түүхийн тавцангаас арчигдлаа”, “энэ намыг татан буулгая”, “сэхэл авах нь өнгөрлөө”, “сэвсэн дээр нь хэдэн хүн чарлалдаж байна” гэхчлэн хонзогногсод, тэдний гар хөл бологсод амаа цангатлаа гуаглаж байна. Мөхөөсэй тараасай гэж зарим хүн ханцуй дотроо залбирч байна. Үүн дээрээ тулж ярих юм бол, сонгуульд ялагдлаа. Ялагдана гэдэг мөхнө, сүйрнэ гэсэн үг биш. Олон намын тогтолцоог зөвшөөрье, тэгээд өрсөлдөцгөөе, “ард түмний олонхийн дэмжлэгийг авсан нь эрх баригч, ялагдсан нь сөрөг хүчин болно” гэж Үндсэн хуулиндаа тунхаглаад манай намын үнэмлэхүй олонхийн саналаар түүнийг батлаа биз дээ. 2000 онд Ардчилсан нам парламентад ганцхан суудал аваад дарга даамлууд нь далайн чанадад арилаад өгөхөд зарим хүн “ардчилсан хүчин түүхийн тавцангаас үүрд арчигдлаа” гэж бас л бичиж байсан. Ээлжилж төр барих нь ардчилсан нийгэмд байдаг үзэгдэл билээ.
Ард түмний дэмжлэг хэвээр байгаа цагт бид алдаанаас сургамж авч сайн ажиллаж чадвал 2016, 2017 онд манай гудамжинд галын наадам болж л таарна.
Тийм учраас арай уужуухан сэтгэж, бухимдал багтраанаасаа гарч дараа, дараагийн ажил төрөлдөө орцгооё.
Нөгөө талаас бүдэрсэн дээр нь түлхчихье гэсэн бодлого, түрэмгийлэл өдрөөс өдөрт эрчимжинэ гэдгийг өглөө бүр бие биедээ сануулж, эв нэгдлээ урд урдынхаас илүү бэхжүүлье. Бие биеэ шүүмжилцгээе, гэхдээ хэмлэхгүй байя.
Ер нь Намын даргын ажлыг авснаас хойш намын эв нэгдлийг бодож элдэв бүлэглэл, талцлыг дэмжихгүй гэдгээ дандаа хэлж, өөрөө ч ямар нэгэн хүрээлэл үүсгэхийг огт хүсэлгүй явж ирсэн. Ойр ойрхон болсон хоёр сонгуульд амжилттай оролцох үндсийн үндэс нь эв нэгдэл л гэж ойлгож, зөөлөн нь хатуугаа дийлнэ гэсэн зарчмаар ажилласан. Үүнээсээ болж би өөрийн командгүй, сул дорой, үлбэгэр энэ тэрээгээрээ цоллуулж яваа хүн. Энэ бол яахав, бага хэрэг. Нам маань л бүрэн бүтэн байх ёстой, тэгэх тусмаа энэ хүнд цаг үед гаднаас ирэх дайралт, довтолгооныг дотоодын баг цул эв нэгдлийн хүчээр няцааж чадна гэдэг итгэл үнэмшил маань улам гүнзгийрч байна.
Хоёрдугаарт, шинэчлэлийг хийе, гэхдээ юуг, яаж хийх вэ гэдэг дээр нэгдмэл ойлголттой болмоор байна. Энэ оны эхээр манай хэсэг нөхөд намын дахин сэргэлтийн тухай асуудлыг хөндөж МАН үндэсний ардчилсан үзлийг авах ёстой гэсэн санал дэвшүүлсэн. Би энэ саналыг хуваалцахгүй, өөрөөр хэлбэл шинэчлэл гэж ярингуут намын нэр, үзэл онолтойгоо ноцолддогоо зогсооё хэмээн намын гишүүд, дэмжигчиддээ бичсэн захидалдаа тэмдэглэсэн.
Харин бид зүүн төвийн улс төрийн хүчин гэдгээ, ардчилсан социалист үзэл санааны агуулга мөн чанарыг гишүүд, дэмжигчид, олон түмэнд сайтар ойлгуулж чадаагүй явж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхээр, сэтгэлгээ, арга барил, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэх асуудал үлдэж байгаа юм. Энэ бол цагаа дагаад байнга үргэлжилж байх үйл явц гэж ойлгож байна.
Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс сүүлийн үед тавьсан хэд хэдэн шаардлагуудаас харахад арга барил, үйл ажиллагаа, зохион байгуулалтын шинэчлэлийг нэлээд хөндсөн байна лээ. Бидний бодол, байр суурь олон зүйл дээр ойртож байгааг энэ нь харуулж буй хэрэг. Бүтэц, зохион байгуулалтаа боловсронгуй болгохын тулд МАН-ын Дүрэмдээ томоохон нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Ингэхдээ Сөрөг хүчин болсон энэ үед бүтэц, зохион байгуулалт нь харьцангуй цомхон, уян хатан, маневарлах чадвар сайтай, хоорондоо нягт уялдаа зохицуулалттай, олон нийт рүү нэвтрэх гарц өргөнтэй, нээлттэй байх ёстой юм.
Тухайлбал:
-Намын Бага хурал, Удирдах Зөвлөлийн тоог цөөлж, зохистой хэмжээгээр тогтоон чанаржуулах;
-Идэвх, оролцоог нь харгалзан Удирдах Зөвлөл, Бага хурлын гишүүдийг сэлгэдэг сольдог зарчим нэвтрүүлэх;
-Бага хуралд орон нутгаас сонгогдох бүрэлдэхүүний талаар дээрээс чиглүүлж оролцдогийг үлэмж хязгаарлах;
-Намын Удирдах Зөвлөл төлөөллийн шинжтэй байгууллага болсныг өөрчилж, “бодлогын үйлдвэрлэл явагддаг уураг тархи” байхаар зохион байгуулах;
-Нарийн бичгийн дарга нарын тоог эргэн харж чиг үүргийг нь оновчтой болгох;
-Удирдах Зөвлөлийн болон УИХ дахь бүлгийн ажлын албуудын үйл ажиллагааг нягт уялдуулах;
-Намын аппаратын бүхий л бүтэц, зохион байгуулалт, нэгж хэсгүүдийн болон шинээр байгуулагдсан Хяналтын танхимын нягт хамтын ажиллагааг хангах;
-Гишүүд, дэмжигчдийнхээ үйл ажиллагааг чөлөөтэй, өргөн хүрээтэй болгохын тулд “мэргэжил сонирхлын бүлэг”, “клуб”, “хамтлаг” гэх мэтийн бүтцүүдийг жинхэнэ ёсоор байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
-Намыг санхүү, үйл ажиллагааны менежментээрээ сайн дэмждэг “сан”-гуудыг байгуулж, намын ажлын зарим хэсгийг, ялангуяа сургалтын үйл ажиллагааг хариуцуулдаг болох;
-Нам дэргэдээ байнгын ажиллагаатай, мэргэжлийн хүчтэй ПИАР-ын баг байгуулах.
Журмын нөхөд өө,
Энэ хүртэл би ихэвчлэн намынхаа дотоод амьдралын асуудлуудыг ярилаа. Цаашдаа бид үргэлж зөвхөн энэ асуудлыг л тойрч яриад, маргаж мэтгэлцээд суугаад байж таарахгүй. Энэ сэдэв олон түмэнд үргэлж сонирхолтой биш ээ. Магадгүй, залхааж ч мэднэ. Бид үнэхээр ард түмэнтэй ойр байя, дэмжлэгийг нь авъя гэвэл тэдний амьдралын амин чухал асуудлуудыг анхаарлынхаа төвд цаг ямагт байлгаж ажиллах шаардлагатай болно.
Эрх баричгдын үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгаж, улс орны нийгэм-эдийн засгийн байдал, хандлагын талаар дүн шинжилгээ хийн олон нийтэд байнга мэдээлж, үргэлж ард түмний эрх ашгийг хамгаалах талаар дуугарч, хөгжлийн бодлогын чиглэлүүдээр оновчтой хувилбаруудыг зэрэгцүүлэн тавьж идэвхтэй, хурдтай ажиллаад байвал тэд манай намыг илүү дэмжих болно. Жишээ нь бид намынхаа Их, Бага хурлуудын тухай удтал ярилцсаар суугаа энэ цаг үед эдийн засаг, нийгмийн байдал, хүмүүсийн ахуй амьдрал ямархуу байна вэ?
-Монголчуудын их найдвар тавьж байсан Эрдэнэс-Тавантолгой компани аль эрт дампуурсан гээд саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарлачихлаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогслоо. Энэ жил 35 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар дөнгөж 6 орчим сая тонныг гаргасан гэсэн мэдээтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт дайжсаар байна. Төсвийн орлого олон зуун тэрбумаар тасрах нь тодорхой боллоо. Ганц жишээ хэлэхэд нүүрсний экспортоос 2,7 их наяд төгрөгийг, Оюутолгойгоос 470 орчим тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолсон нь бүтэшгүй боллоо. Ам.долларын ханш хар зах дээр аль хэдийн 1550 руу дөхчихлөө, цаашид улам өсөх хандлагатай байна. Яагаад гэвэл Монголбанкнаас интервенц хийх нөөцийн хэмжээ эрс багассаар байна. Чоно борооноор гэгчээр хүмүүс наадаж, амарч байгаа үеийг далимдуулан цахилгааны үнийг нэлээд хэмжээгээр нэмээд авлаа. Энэ нь суурь үнэ учраас бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэд хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй. Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний амьдралд хүндээр тусах нь гарцаагүй учраас УИХ дахь Ардын Намын бүлэг ажилдаа орж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн холбогдох хууль, тогтоолын төслүүдээ яаралтай боловсруулж өргөн барих шаардлагатай байна. Ялангуяа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санал, тооцоо судалгаагаа дуусгаж УИХ, Засгийн газарт өргөн барих, үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн биелэлт, түүнчлэн 8 хувийн орон сууцны зээл яг очих ёстой эзэддээ хүрч байгаа эсэхэд хяналт тавих зэрэг асуудлууд руу анхаарлаа хандуулмаар байна.
Ер нь бидний үйл ажиллагааны гол чиглэл улс орон, ард түмэн рүү хандсан байх ёстой шүү гэдгийг дахин тэмдэглэе.
-Боловсон хүчний бодлого дээр алдаа гарсаар байна. Орон нутгийн сонгуульд намын нэрээр сонгогдсон зарим хүн намын эрх ашиг, зорилго бодлогоо умартан өрсөлдөгчийнхээ сүрдүүлэг, эсвэл арга ятгалгад автан сөрж ажилласан. Ялсан хэд хэдэн газарт Засаг дарга, Хурлын даргаа алдсаныг дурдахгүй өнгөрч болохгүй.
Жишээ нь бид 156 суманд олонх болсон атлаа нийт 140 Засаг дарга, 144 Хурлын даргатай байна. Энэ дотор олонх болж чадаагүй зарим суманд Засаг дарга, Хурлын даргыг авсныг оруулан тооцсон болно. Мөн Нийслэлд 4 дүүрэг ялсан хэрнээ Чингэлтэйгээс бусдад нь Засаг даргаа томилуулж чадсангүй.
Энэ бол нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгохдоо алдсан, дотоодын эв нэгдэл цул байж чадаагүйтэй холбоотой. Мөн намын итгэлийг хүлээж хариуцлагатай ажил, албан тушаалд томилогдсон хэд хэдэн хүн авлигын хэрэгт холбогдож, намын нэр хүндэд сөргөөр нөлөөллөө. Сонгуулийн дүнд ч муугаар туслаа.
Намаасаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан хариуцлагатнууд ч байна. Энэ бүхэнд ноцтой дүгнэлт хийж, буруутай нөхдөд хариуцлага тооцон, боловсон хүчний нөөцөө шинэчилж, ажил, албан тушаалд дэвшүүлэхдээ туйлын хянуур хандах сургамж урган гарч байна.
Намын даргаар сонгогдсоноос хойш зарим нөхөд надад хэсэг хүнийг, ялангуяа олигархиуд, авлигачдыг чавчаад өгөөч, ер нь туг тахих хэрэгтэй болсон, нийгэм хүсээд байна гэж зөвлөдөг юм. Би хариуд нь өнөөдөр бид бүгдээрээ буланд шахуулчихсан байж хэнээрээ туг тахих билээ дээ. Олигархи, авлигач гэдгийг би биш, шүүх тогтооно гэж хэлдэг байсан нь үнэн. Нөгөө хадмын сэтгэлийг бодсоор хөл хүндтэй болчихлоо гэдэг шиг эв нэгдлийг бодсоор ингэж хэлж байсан хэрэг. Эргээд санахад боломжтой зарим нэг арга хэмжээ авах арга замыг хайх байжээ гэж санах юм.
Гэхдээ яаж, ямар хэлбэрээр вэ гэдэг дээр тулахаар эрх баригч биш Намын даргад бэрхшээл байнга тулгарч байсан. Сөрөг хүчин болсон үеийн Намын дарга гэдэг бол, ялангуяа манай намын Дүрмээр хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна шүү дээ гэж би нэгэн удаа нөхөддөө хэлж байсан.
Нөхөд өө!
Хариуцлагын тухай ярих шаардлагатай учраас, сүүлийн 2 сонгуулийн дүнд дүгнэлт хийж миний бие Намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа өчигдөр намын Удирдах Зөвлөлд танилцуулсан. Намын Удирдах Зөвлөл үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Намайг сонгосон энэ Бага хуралд эрх нь бас байгаа тул надад ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээлгэхэд би бэлэн байна.
Харин дараагийн хүнээ дарга шиг Дарга болгож дэмжиж тусалж, эрх, үүргийг нь тодорхой болгох шаардлагатай шүү гэдгийг өчигдөр намын Удирдах Зөвлөлд бас хэлсэн.
Түүнчлэн, хүмүүсийн нэрлэснээр сонгуулийн “хар” машинд өнөө хэр асар их эргэлзээ хэвээр байгаа тул ирэх намар хуулийн төслийг өргөн барих, түүнд саналыг гар тооллогоор давхар нягтлах заалтыг оруулах, сонгуулийн орчин үеийн арга технологид суралцах, энэ чиглэлээр залуучуудыг гадаадад зориуд сургаж бэлтгэх, намын өмч хөрөнгийг хамгаалах, санхүүжилтийн зарчим, арга механизмыг тодорхой болгох, намдаа хандив өргөсөөр ирсэн хүмүүсээ үл мартан асуудлыг нь шийдэхэд онцгой анхаарах бодлого, журам гаргах, хийсэн бүтээснээ олон түмэнд ойлгуулж чаддаг байх, энэ талын сурталчилгааг бодлоготой, төлөвлөгөөтэй болгох зэрэг олон асуудал хариугаа нэхсээр бидний өмнө тулгарч байна. Ганц жишээ хэлье.
Эрх баригчид Нийслэлийн хэдэн газарт цэцэг суулгаад, хүмүүсийн чихэнд цэцэг ургуулаад, их зүйл хийж байгаа мэт сурталчилаад хүмүүст нөлөөлөөд байхад, тусгаар тогтнолоо алдсан дундад зууны хоцрогдсон Монголыг орчин үеийн шинэ Монгол болгож өөрчилсөн манай нам энэ тал дээр үнэхээр муу ажилладаг гэдэгт дүгнэлт хийх ёстой.
Журмын нөхөд өө,
МАН-ын өмнө тулгамдсан зорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар цэгцтэй бодлого дэвшүүлэхийн тулд энэ оны 10 дугаар сард МАН-ын ээлжит 27 дугаар Их хурлаа хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Өнөөдрийн Бага хурлаас энэ тухай шийдвэрийг гаргах байх аа. Энэ бол онцгой нөхцөлд хуралдах түүхэн Их хурал байх болно.
Монголын олон нийтийн хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргахын тулд Их хурлаа сайтар зохион байгуулах ёстой.
Иймд хүчээ нэгтгэн, хариуцлага зохион байгуулалтаа чамбайруулж, 27 дугаар Их хурлынхаа бэлтгэл ажилд шамдан орцгооё!
Бага хуралдаа өндөр амжилт хүсье.