Сурагчийн дүрэмт хувцсыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Сурагчийн дүрэмт хувцсыг танилцууллаа

Засгийн газрын долоо хоног тутмын “Бүтээн байгуулалтын цаг”-ийн өнөөдрийн онцлох танилцуулга нь сурагчдын дүрэмт хувцасны тухай байв. Бүтээн байгуулалт гэдэг нь зөвхөн байшин, барилга, зам гүүрийн ажил биш бөгөөд хөнгөн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг ч үүнд хамруулан ойлгох ёстойг Ерөнхий сайд мэдээллийн эхэнд онцолсон бөгөөд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажил ямар явцтай байгаа талаар албаныхнаас мэдээлэл сонссон байна.

Энэ жилээс Оёдлын нэгдсэн холбоо нь сурагчийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийг хариуцан ажиллахаар болсон бөгөөд гадаадаас бэлдэц авчран чанар муутай хувцас нийлүүлдэг явдлыг зогсоохоор оёдлын компаниуд нэгдэн бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэх үеэс эхлэн эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх дамжлагыг үндэсний компанийн оролцоотойгоор шийдэхийг чухалчихсан аж.

Оёдлын 139 компани энэ ажилд оролцож байгаа бөгөөд 3551 ажилчин ажлын байраар хангагдан ажиллаж буй гэнэ. Засгийн газраас дүрэмт хувцсанд зориулж 23 тэрбум төгрөгийг шийдсэн бөгөөд үйлдвэрлэгчид эхний ээлжинд ашгийн төлөө хөөцөлдөлгүйгээр чанартай, хямд үнэтэй хувцас нийлүүлэхийг зорьж байгаа гэнэ.
Ямартаа  ч есдүгээр сарын 1-нд бага ангийнхны хувцас хэрэглэгчдийнхээ гар дээр хүрсэн байх бол дунд ангийнхны хувцас есдүгээр сарын 20-нд, ахлах ангийнхны хувцас аравдугаар сарын 30 гэхэд бэлэн болсон байхаар төлөвлөжээ.

Үнийн хувьд бага ангийн эмэгтэй хүүхдийн хослол өмнө нь 31 мянган төгрөг байсан бол одоо өмд, костьюмны хослол 37 мянган төгрөг. Бага ангийн эрэгтэй хүүхдийн хослол 42 мянган төгрөг байсан бол одоо 57 мянган төгрөг. Дунд ангийн эмэгтэй хүүхдийн хослол 65-аас 69 мянган төгрөг.  Дунд ангийн эрэгтэй хүүхдийн хослол 71 мянгаас  72 мянга, ахлах ангийн эмэгтэй хүүхдийн хослол 80 мянган төгрөг байсан бол 90 мянга, харин эрэгтэй хүүхдийн хослол 85 мянган төгрөг байсан бол 99 мянган төгрөг болж буй аж. Онцлоход, энэхүү үнэнд Нэмэгдсэн өртгийн татвар тусгагдаагүй байгаа тул тус бүрийн үнийн 10 хувийн нэмэгдэлтэйгээр хэрэглэгчдийн гарт очих аж. Түүнчлэн хэрэв өмд болон пиджакан дээрээ ноосон майк, зангиа гэх нэмэгдэл захиалах бол 13-19 мянган төгрөг нэмэгдэх гэнэ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж