Үүнийг гэрчлэх мэт “Шинэчилье” хөдөлгөөнийг дэмжигч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, тус хөдөлгөөний гишүүн Б.Амарсанаа нарын Бага хуралтай холбоотойгоор өнөөгийн удирдлагыг өөрчлөх асуудал дээр байр сууриа тодорхойлсонгүй, бөөрөнхийлөв. Эндээс энэ удаагийн Бага хурлаас МАН удирдлагаа өөрчлөхгүй, харин Их хурлаа товлох өнгө харагдаж байгаа юм. Мөн Н.Энхбаяр суллагдсан нь У.Хүрэлсүхийн хувьд намаасаа зай барьж, улстөрөөс холхон алхах нь хамгийн зөв гарц болж бууж байгаа бололтой. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд МАН-ын лидерүүдээс одоогийн дарга Ө.Энхтүвшинтэй л илүү ойлголцож ажиллаж чадах магадлал өндөр. Бусадтай бол тун хэцүү гэх гаргалгаа ч явж байна. Тиймээс энэ удаагийн Бага хурлаас гишүүд Их хурлынхаа товыг гаргах, хоёр шатны сонгуульд ялагдсан шалтгаан юунд байна вэ гэдгийг тодорхойлж гаргах зэрэг ойр зуурын асуудлаа шийдвэрлэж мэдэх нь. Гэхдээ экс дарга С.Баяр энэхүү Бага хуралд ач холбогдол өгч оролцож байгаа нь тооцоолоогүй тоглолтыг гаргаад ирэхийг үгүйсгэх аргагүй байна.
Тэрээр Бага хурал болохоос хэд хоногийн өмнө Сү.Батболдтой биечлэн уулзаж, тус фракцийнхантай нэлээд ойрхон байж гишүүдийнхээ дунд гэнэтийн зочин болж орж ирсэн нь өнөөгийн удирдлагыг дэмжих талд ажиллахаар орж ирснийх үү, эсвэл удирдлагыг гартаа авахаар шийдэв үү гэдгийг тодорхойлоход эрт байгаа юм. Түүнийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин өнгөрсөн хугацаанд битүүхэндээ ирнэ гэж хүлээж Тусгаар тогтнолынхоо ордонд тусад нь өрөө бэлтгүүлж, намынхаа ажилд санаа тавьж байх хүсэлтийг илгээсэн ч нааштай хариу өгөөгүй гэх яриа дуулддаг. Харин одоо тэр ирлээ.