![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/8/a6d53b7201ac376a/257fa2a73210e96foriginal.jpg)
-Юуны өмнө танд баяр хүргэе. Өнөөдөр маш хүнд мэс засал хийж, амжилттай болсон гэсэн. Монголд ирсэн хүсэл зорилго, учир шалтгаанаа сонирхуулаач.
-Баярлалаа. Би энэ удаад өөрийн үйлчлүүлэгч Батхангалд хагалгаа хийх ажлаар ирсэн юм. Түүний гэр бүлийнхэн надад миний гэр бүл шиг л ойр, дотно санагддаг. Аав нь намайг хамгийн том хүү шигээ санаж, ханддаг учраас гэр бүлийнхэнтэй нь бас уулзахыг зорьсон. Монголд тээж ирсэн бас нэг зорилго бий. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө мэргэжлээр монгол эмч, эмнэлгийн ажилтнуудтай туршлага солилцох зорилго юм.
-Таны хагалгаа хийсэн өвчтөн Батхангал өмнө нь Өмнөд Солонгост танай эмнэлэгт бас эмчлүүлж байсан юм байна. Хагалгаа маш хүнд, хэд хэдэн үе шаттай хийгдэж байгаа гэж сонслоо?
-Өнөөдрийн хагалгаа есөн цаг орчим үргэлжилсэн. Өвчтөн маань хоёр долоо хоногийн өмнө хагалгаа хийлгээд амжилтгүй болсон байсан. Хавдрын тархац нэлээн хүнд, аюултай шатандаа очсон байсан учраас өнөөдөр дахин хагалгаа хийлгэх шаардлага гарсан юм. Тийм болохоор өнөөдрийн хагалгаа миний хувьд төлөвлөгдөөгүй хагалгаа байлаа.
-Есөн цаг үргэлжилсэн хагалгааны явцад та хамт ажилласан монгол эмч нарын талаар ямар бодол, үнэлгээтэй үлдэв. Тэдний ур чадвараас гадна Монголын нөхцөлд эмч нар яаж ажилладаг, ямар техник, технологийн шаардлагатай байгааг анзаарсан байх?
-Монгол эмч нартай монгол орчинд ажиллалаа. Эмч нар үнэхээр чавдарлаг мундаг байсан. Өмнө нь Монголд бамбай булчирхайн хавдрын хагалгаа хийгдэх тохиолдол цөөн байсан болов уу гэж бодогдсон. Гэхдээ эмч нарын чадвартай маргах зүйл байхгүй, монгол эмч үнэхээр мундаг юм байна.
-Эмч нар нь чадвартай ч тоног төхөөрөмж нь хоцрогдсон гэж олон хүн ярьдаг. Зарим тохиолдолд үүнээс болоод өвчтнийг буруу оношлох явдал ч Монголд цөөнгүй. Та энэ талаар юу ажиглав?
-Солонгос улс ч бас иймэрхүү бэрхшээлийг туулж, ямар ч асуудалгүй биш юм аа гэхэд үсрэнгүй хөгжлийн өнөөдрийн энэ түвшинд ирсэн. Миний хувьд Монголыг тун удахгүй хөгжинө гэж бодож байгаа. Эмч нарын чадвар мундаг, харин тенхикийн чанар муу байгаа гэж ажиглагдсан. Гэхдээ эмч нар илүү ихийг сурч мэдье, техникээ сайжруулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа учраас одоогийн бэрхшээл төдийлөн урт хугацааны асуудал биш болов уу.
-Тэгэхээр таны хувьд эмч нарыг мэргэшүүлж чадваржуулах, тоног төхөөрөмж дээр бэлтгэх гэхээс өмнө эмчилгээ, оношилгооны техник хэрэгслийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм уу?
-Монголын хувьд эмч нар чадварлаг юм. Гэхдээ эмчийн ур чадварыг байнга сайжруулж байх хэрэгтэй байдаг. Миний хувьд цаашид Монголын эмч нартай хамртан ажиллаж, тэдэнд чадлынхаа хэрээр туслах юмсан гэж зорьж байгаа.
-Тухайн мэргэжилтний насыг дагаж ур чадвар, туршлага нэмэгдэж байдаг цөөн хэдэн салбар байдаг. Анагаах ухаан тэдгээр салбаруудын нэг. Өөрөөр хэлбэл, настай, олон жил ажилласан эмч байх тусам чадварлаг байдаг гэж ойлгодог. Харин та их залуу хүн харагдаж байна. Яаж ийм мундаг болов оо. Төгссөн сургууль, боловсролоос гадна хувийн ямар нэг зан чанар үүнд нөлөөлсөн байх?
-Намайг маш залуу болгож харсанд баярлалаа. Яагаад гэхээр би одоо 51 настай. Миний мэргэжлийн хувьд маш сайн багшийн дор маш сайн шавь байж мундаг эмч болдог болов уу гэж боддог. Би үнэхээр азтай. Маш сайн багштай байсан учраас өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог.
-Хавдар бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн нийтэд маш чухал шийдвэрлэх асуудал болоод байна. Маш олон хүн хавдраар өвчилж байна. Амиа алдаж байна. Тэгээд эдийн шинжилгээ хийсэний дараагаар хавдар илүү хүндрээд байна, илүү хурдан үсэрхийлж тархаад байна гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг л даа. Энэ тал дээр та мэдээлэл өгөхгүй юу.
-Хавдрын эдийн шинжилгээний талаар хүмүүст нэлээн буруу ойлголт байдаг. Яагаад гэхээр шинжилгээ хийхийн тулд хавдрын тодорхой хэсгээс авчихдаг нь хавдрыг үсэрхийлүүлдэг, улам хүндрүүлдэг гэдэг нь шинжлэх ухааны хувьд ямар ч боломжгүй ор худлаа зүйл юм. Тэгэхээр биобси буюу эдийн шинжилгээ хийснээр маш богино хугацаанд өвчин ямар үе шаттай явж байгааг илрүүлж, ямар эмчилгээ хийхийг оновчтой шийдэхэд тусалдаг учраас тэрхүү өвчнийг маш хурдан эдгээх бас нэгэн боломжийг нээж байгаа л явдал юм. Түүнээс болоод хавдар илүү тархана гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ талаар хүмүүс зөв ойлголттой байгаасай гэж би хүсч байна.
-Нэг ийм асуудал яригддаг л даа. Хавдрыг оношилсны дараагаар хамгийн багадаа л гэхэд 21 хоногийн дараа хагалгаа хийдэг. Гэтэл хавдар гэдэг маш хурдан үсэрхийлдэг, хурдан хүндэрдэг өвчин учраас энэ хооронд явц нь оношлогдох үеийнхээсээ өөр болчихсон байдаг. Үүнээс болоод хагалгааны үр дүн буурдаг гэж хүмүүс ярих нь бий. Монголд үнэхээр ийм алдаа гардаг байж болох юм.
-Өвчин болгон адилгүй, хурдацтай тархаж өрөвсдөг өвчин байхад аажмаар үсэрхийлдэг өвчин гэж бас бий. Ямар өвчнөөсөө шалтгаалаад тархцын хурд өөр өөр, мэдээж өвчний хувьд хурдан тархах тусмаа муу хэрэг. Заавал 21 хоног гэхгүйгээр аль болох богино хугацаанд зохицуулах асуудлууд байдаг ч гэсэн яг яаж, хэрхэн тэр өвчнийг эмчлэх нарийн тодорхой аргыг олох нь хамгийн чухал. Оройтсон ч гэсэн хамгийн тодорхой аргыг олох нь юу юунаас чухал. Монголд ирээд мэдэрсэн зүйл гэвэл шинжилгээг яаж авах, ямар аргаар ямар эмчилгээг хийх вэ гэдэг гарцыг хайж олох хэцүү зүйл байж болох юм. Үүнд цаг хугацаа зарцуулдаг байж болно. Гэхдээ бүх нөхцөл нь бүрэлдсэн тохиолдолд ийм асуудалгүй болох байх аа.
-Монголд хавдар нэлээн хожуу үедээ оношлогдож байгаа учраас арга хэмжээ авахад амаргүй байдаг нь эмч нарын хувьд нэг бэрхшээл юм. Дэлхийн практикт хожуу үедээ оношлогдсон хавдрыг хэрхэн анагааж байна, энэ нь боломжтой юу?
-Хожуу үедээ оношлогдсон хавдрыг маш сайн эдгээж байгаа Япон, АНУ-ын тохиолдлуудыг би олон удаа харж байсан. Гэхдээ бусад эд эрхтэндээ тархсан тохиолдолд эдгээх хэцүү ч гэлээ арга туршлага мэдээж бий. Тухайлбал, бамбай булчирхайн хавдрыг хожуу үед илрүүлсэн ч гэлээ эдгээх боломжийг монгол эмч нарт чадах чинээгээрээ зааж, туршлагаа хуваалцахыг л би хүсч байгаа. Монголын хувьд ч гэсэн эмч нарын чадвар, техник улам сайжирж байгаа учраас хавдар эрт үедээ оношлогдож, эмчлэгддэг болно гэж найдаж байгаа.
-Хавдрын оношилгоотой холбоотой нэг зүйл асууя. Онош харилцан адилгүй гарах тохиолдол байх юм. Нэг эмч хавдар гэж оношилж байхаад нөгөө эмч нь хавдар биш байна гэх жишээтэй. Хавдар мөн гэж оношлогдлоо гэхэд нэг нь “мэс засал хийнэ, та эдгэнэ” гэж хэлдэг, нөгөөх нь “мэс засал хийх боломжгүй, хүнд шатандаа орсон байна” гэж үздэг. Тэгэхээр анагаах ухаан асуултын хариуг “тийм, үгүй” гэдэг байдлаар гаргах боломжгүй гэж ойлгоход хүрлээ. Тухайн эмчийн хандлага, ур чадвараас хамаарч өөр, өөр дүгнэлт гардаг бололтой?
-Энэ асуултад урт хариулт шаардлагатай. Шинжилгээ хийхийн тулд хүний биеэс тодорхой хэмжээний эд эс тасалж авдаг. Тухайн хэсгийг аюул багатай хэсгээс авсан байж болно, эсвэл аюултай үед ч авсан байж болно. Тэр хэсэг нь ямархуу өвчлөлтэй, хэр хурцадмал байгаагаас шалтгаалж ийнхүү өөр өөр хариу гарахад нөлөөлдөг. Миний хувьд баримталдаг нэг зарчим байдаг юм. Тэгэхээр шинжилгээний өөр өөр дүнгүүдээс хамгийн “аюултай” гэснийг нь дагуулж дахин нягталсан шинжилгээ хийх, тэрний дараа ямар эмчилгээ шаардлагатайг тодорхойлох нь хамгийн оновчтой арга болдог юм.
-Хавдрыг сэтгэлзүйгээр эмчилж болно гэж хүмүүс ярьдаг л даа. “Би гоё болж байна, би эрүүл болж байна” гээд бодоод байхаар эдгэрдэг ч гэх юм уу. Ер нь хавдар гэдэг зүйл хүний сэтгэлийг дагаж эдгэдэг өвчин мөн юм болов уу.
-Ер нь өвчин стрессийн нөлөөлөлгүй байна гэж байхгүй, гэхдээ хэчнээн тайван зүрх сэтгэлтэй, стрессгүй байлаа гээд эдгэхгүй тохиолдол байлгүй яахав. Хавдрын хувьд ч бас ялгаагүй. Гэхдээ тайван сэтгэлээр эдгэх юмсан гэж хандан эмчилгээндээ ч сэтгэл ханамжтай идэвхитэй хандах юм бол эдгэх боломжтой.
-Тэгэхээр нэг өвчтнөө гэж Монголыг зориод ирсэн энэ сайхан сэтгэл олон олон өвчтөнийг анагаах замыг таньд нээх байх гэж бодож байна. Та Монголд ирээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Монгол эмч нартай хамтран ажиллахад Монголын зүгээс, бидний зүгээс таньд ямар тусламж хэрэгтэй вэ?
-Миний ирсэн шалтгаан миний өвчтний тэрхүү гайхалтай нөхөрлөл, үнэн сэтгэл байсан юм. Нөхөрлөл үнэхээр чухал гэдгийг би эндээс дахин харж ойлгосон. Бас Монгол эмч нар сурахыг хүссэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг ч харлаа. Тиймээс ч хойч үеийнхээ мэргэжилтнүүдийг ч гэсэн энд ирээд энэхүү миний мэдэрсэн зүйлийг мэдэрч суралцаасай гэж хүсч байна. Бас монгол эмч нартай хамтран ажиллаж хойч үеэ хамтдаа бэлтгэхийг хүсч байна. Тиймээс Монгол эмч нар ч гэсэн идэвхи зүтгэл гаргаасай гэж хүсч байна.
-Баярлалаа. Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг асуух гэсэн юм. Таныг Монголтой холбодог өөр нэг сэжим байдаг гэж сонслоо. Энгийн гэж хэлмээргүй тэр холбоо их сонирхол татаж байна?
-Намайг Монголтой холбодог тэр түүхэн холбоо миний өвөг дээдэс юм. Арабаас хамгийн анх Хархорумд ирсэн хаан монгол гүнжтэй гэрлэсэн байна. Улмаар тэр гүнжийг хамгаалахын тулд Солонгос руу явуулсан ба ингэхдээ Солонгос Жаан гэж хүнийг томилсон гэдэг. Энэ хүнээс миний өвөг дээдэс гаралтай гэдэг түүхийг бид үе дамжуулан хадгалж ирсэн юм. Тийм болохоор би Өвөрхангай аймагт байх Хархорумд анх удаа зорьж очиж үзлээ. Тэр түүхэн газарт хөл тавьж байгаадаа үнэхээр сэтгэл хөдөлсөн. Миний өвөг дээдэс Арабаас хэзээ ямар шалтгаанаар Хархорумд ирснийг мэдэхгүй ч монгол гүнжээр дамжуулаад миний өвөг дээдэс яах аргагүй монгол гаралтай гэдгийг мэднэ. Би энэ газар нутагт өвөг дээдсээсээ хойш 737 жилийн дараа ирж байгаа гэж бодохоор сэтгэл их хөдөллөө. Сайхан газар юм.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/8/6a2e9dc84f233efe/2f10ee8deb5283e1original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/8/70d626ca984b68b4/25624239507fcb22original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/8/ffc4f2aa478f57e9/786700aee7be495boriginal.jpg)