-МАН-ын удирдлагын зүгээс ирц бүрдүүлэхгүй байна гэсэн яриа гараад байна л даа. Яагаад ирц хүрэхгүй байна вэ?
-Ирц хүрээгүйг намын удирдлагуудын буруу гэж болохгүй. Гэхдээ өнөөдрийн Бага хурал зайлшгүй хийх ёстой, намын удирдлагууд зохион байгуулах нь зүйтэй. Таван удаагийн сонгуульд дараалан ялагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Бага хурлын гишүүд ирцээ бүрдүүлэхгүй байна гэдэгт итгэхгүй байна. Ирц бүрдүүлэхийг намын удирдлагууд хийх ёстой.
-Бага хурлын товыг 15.00 цагт зарласан. Ирц хүрэх болов уу?
-Ирц хүрэх байх гэж найдаж байна. Яг одоогийн байдлаар 40, 50 хүн дутуу байна. Ирцийг бүрдүүлэх байх гэж л найдаж байна даа.
-Бага хурлын тов гараад багагүй хугацаа өнгөрсөн. Санаатайгаар ирц хүргэхгүй байна гэсэн хардлага маш их байгаад байна. Дээрээс нь “Шинэчилье” хөдөлгөөнөөс Бага хурлыг яаралтай зарласантай холбоотой юу?
-Хардалт мэдээж явна л даа. Гэхдээ баталгаажаагүй байхад тэглээ, ингэлээ гэж ярихад эрт байна. Өнөөдөр ямар ч гэсэн Бага хурлаа хуралдуулах зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурийг манай хөдөлгөөн илэрхийлж байгаа. Ер нь Бага хурлын ирцийг бүрдүүлж, яаралтай Их хурлыг хуралдуулах нь зүйтэй.
-“Шинэчилье” хөдөлгөөн дотроо олон хуваагдсан. С.Баяр, У.Хүрэлсүх нарын явуулга гэсэн байр суурийг илэрхийлж буй хүмүүс олон байх шиг байна?
-Намд орж ирсэн залуусыг анх орж ирсэн цагаас нь эхлэн хуваадаг. Мэдээж энэ хөдөлгөөнд, энэ харьяанд явж байсан хүмүүс олон бий. Гэхдээ энэ хөдөлгөөн анх байгуулагдахдаа нэг зорилго тавьсан. Энэ намын залуу үе бол бид. Тиймээс энэ үед нэг сэтгэлээр шинэчлэх ёстой гэж шийдсэн. Харамсалтай нь, энэ хөдөлгөөнийг хуваах гэсэн санаархал байхыг үгүйсгэхгүй.