6, 11 дүгээр ангийн сурах бичгийг шинээр хэвлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

6, 11 дүгээр ангийн сурах бичгийг шинээр хэвлэнэ

Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцасны асуудал сөхөгддөг. Энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид улс орон даяар нэг ижил дүрэмт хувцсаар жигдрэхийн дээр нэг хувилбарт сурах бичиг хэрэглэх эхлэл тавигдах ажээ. Суурь боловсрол эзэмшигч хүүхдүүдийн өмнө тулагамддаг зарим нэг асуудлын талаар бид БШУЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Энэ 12 дугаар ангид 160 хүүхэд  л суралцана

Хүүхдийг анх сургуульд орохоос эхлээд бага ангиа төгстөл нь хэрэглэх  сурах бичгийг нь төр даадаг ажээ. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд эцэг эхийн ажил эрхлэлт, амьдралын боломж бололцоог үл харгалзан ийн төр сурах бичгийн үнийг хариуцдаг болсоор удаж байна. Тэгвэл 8-10 дугаар ангийнхны хувьд 40 хувийг төр даадаг аж. Өөрөөр хэлбэл нийт хүүхдийн 40 хувь буюу хөгжлийн бэрхшээлтэй болон амжиргааны төвшнөөс догуур орлоготой, эмзэг бүлгийн айл өрхийн, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс олгодог байх юм. Одоогийн байдлаар бага ангийн сурагчдын сурах бичгийг зуун хувь хэвлэж, сургуулиудад хуваарилж дуусчээ. Харин 8-10 дугаар ангийн сурах бичиг хэвлэлтийн шатандаа яваа бол 6,11 дүгээр ангийн сурах бичгийн шинэ хувилбарыг боловсруулж хэвлүүлэхээр болсон байна. Долдугаар ангийн 20 гаруй мянган сурагчдын хувьд хувилбарт сурах бичгийг хэрэглэх бол энэ жил 12 дугаар ангид улсын хэмжээнд ердөө 160 хүүхэд л суралцах  юм. Эдгээр хүүхдүүд нь олон улсын сургалттай Шинэ эрин, Шинэ Монгол зэрэг хувийн сургуулийн сурагчид ажээ. Тиймээс хувийн хэвшлийн дээрх сургуулиуд сурах бичгээ хариуцах юм байна.

Бидний багад сурах бичиг нэг хэв загвараар олонтаа хэвлэгддэг байсан болохоор ах эгчийнхээ хэрэглэсэн номыг  дүү нар нь залгуулан ашигладаг байсан. Харин сүүлийн үед жил бүр өөр өөр сурах бичиг хэвлэгдэх болсноос ном, сурах бичгийн үнэ  тэнгэрт гарлаа гэж эцэг эхчүүд шүүмжилдэг нь үнэний ортой. Иймд салбарын яамны зүгээс нэг хувилбарт сурах бичиг хэрэглэх шинэ журмыг хэрэгжүүлэхээр санаа зориг нэгджээ. Энэ ажил 2009 оноос эхэлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийтдээ 160 гаруй төрлийн сурах бичиг хэрэглэдэг ажээ. Тиймээс эдгээрийг нэг жилийн дотор шинээр боловсруулан бэлтгэж ч амждаггүй юм байна. Жил тутамд 2-3 сурах бичгийг шинэчилсээр нэг хувилбарт сурах бичигт шилжиж дуусна гэдгийг албаны хүн хэлж байлаа.

Энэ жил шинээр хэвлэж буй 6,11 дүгээр ангийн сурах бичгийг хэвлэх үеэс зохиогч, редактороос гадна Боловсролын хүрээлэнд мэргэжил аргазүйн зөвлөлийн баг нэмж ажиллажээ. Зохиох явцдаа ч маш олон удаагийн хэлэлцүүлгийг багш, сурагчдын дунд явуулсан байна. Сурах бичгийн эхийг хөндлөнгийн зөвлөх багаар шалгуулж байж сая хэвлэх эрх нь нээгджээ. Бас нэгэн онцлог гэвэл багш сурагч хоёр нэг ижил ном хэрэглэдэг байсныг болиулж, багшийн гарын авлага номыг тусад нь хэвлүүлжээ. Тэрхүү багшийн номд сургах аргазүйн шийдлүүдийг багтаасны дээр хичээлд хэрэглэх материалууд, DVD, CD зэрэг хэвлэмэл бус хэрэглэглэхүүнийг багтааж өгчээ.DVD, CD-г гадаад хэлний болон хөгжмийн хичээлд голчлон ашиглах гэнэ.

Сонгон, гүнзгийрүүлсэн сургалтын номын үнэ ханшийг яам тогтоохгүй гэв

8-10 дугаар ангийн сурагчдын хэрэглэх номны 40 хувийг төрөөс даадаг бол үлдсэн 60 хувийг худалдан авах уу гэж асуух нь мэдээж. Тэгвэл энэ жилийн хувьд төрийн батлан даалтаас үлдсэн 60 хувийг нь сурагчдад түрээслэх маягаар хүрэлуээг хангахаар төлөвлөсөн байна. 8,9,10 дугаар ангид энэ жил орж буй сурагчид сурах бичгээ худалдан авах гэж яаралгүй сургуулиасаа түрээслэн ашиглах боломжтой ажээ. Сурах бичгийн үнэ ханшийн хувьд ч төдий л өндөргүй гэдгийг яамныхан онцоллоо. Хамгийн үнэтэй сурах бичиг 4000 төгрөгөөс хэтрэхгүй гэнэ. Харин сургуулиасаа түрээслэхийн тулд тодорхой хэмжээний үнэ хөлс төлөх юм байна. Зарим нэгэн сурах бичиг олдоц муутай, үнэ өндөртэй байгааг олон хувилбарт сурах бичиг хэрэглэж байсантай холбон тайлбарлаж байна. Энэ жилээс улс орон даяар нэг хувилбарт сурах бичигт шилжиж буй болохоор олдохгүй гэх зовлон арилах нь бололтой. Бага ангийн багш нар “Өгсүүр өөд”, Баясахын ном ав гэдэг бол дунд ангийнханд монгол бичгийн сурах бичиг байнга дутмаг байдаг. Яамны зүгээс дээрх сонгоны болон гүнзгийрүүлсэн сургалтын  нэмэлт номын үнэ ханшийг “Бид зохиуулах боломжгүй” гэсэн хариу өгч байна.

Манийн үеийнхэн “Норовын намтар” гэсэн зохиолыг андахгүй. Ном дэвтрээ гамгүй эдэлж, Норовын түүхийг давтчихгүй юмсан гэж хүмүүжиж ирсэн бидний хувьд номыг дээдлэх үзэл суусан байдаг. Гэтэл орчин цагийн багачууд номоо ариглахгүйн дээр сурах бичгийн чанар тун маруухан байх нь бий. Хямд төсрийг нь бодоод сурах бичгийг урд хөршид хэвлэдэг гэсэн хар дагуулсан яриа ч бий. Харин энэ жилийн хувьд тийм бусармаг зүйл гараагүй гэдэгт итгэлтэй байгаагаа БШУЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа өгүүлж байна. Тендерт шалгарсан компаниуд сурах бичиг хэвлэх стандартын дагуу хэвлэж байгаа бөгөөд зуун хувь дотоодод хэвлэж байгаа юм байна.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж