Ж.Энхбаяр: МАН ард түмнийхээ итгэлийг алдсан

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: МАН ард түмнийхээ итгэлийг алдсан

МАН-ын Бага хуралтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-ыг шинэчлэх, намын удирдлагуудыг огцруулах тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ Бага хурал улстөрийн мөчлөг өнгөрсний дараа цаг хугацаандаа болж буй хурал. Өнөөдрийн Бага хурлаар бид Их хурлаа зарлан товлоно. Анхан шатны төлөөлөл ирнэ, олон түмнээрээ алдаа оноогоо хэлэлцэнэ, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцэх, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, МАН-ын бодлого, алдаа оноог ярилцана.

-Өнөөдрийн хурлаар шинэчлэл, намын удирдлагыг шинэчлэх гэсэн хоёр үндсэн зорилготой байх шиг байна. Олон нийт ч тэгж хүлээж байгаа?

-Шинэчлэл бол хүн солих асуудал биш. Улстөрийн сонгууль болсон, үр дүн гарсан. Үүний дагуу нам Бага, Их хурлаа зарлаж байгаа.

-Бага хурлын ирц хүрэхгүй байгааг намын удирдлагуудын хийж байгаа үйлдэл гэж харах хүмүүс бас байна?

-Үгүй л дээ. Бид чинь их сайхан ард түмэн шүү дээ. Наадамлаж дуусаагүй байна. Гэхдээ хамгийн их санаа зовох зүйл бол Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдал. Болдог бол яаралтай Их хурлыг товлох, Улсын төсөвт тодотгол хийх хэрэгтэй байна. Эдийн засаг валютын нөөцийн хомсдолд орж байна, энэ мэт эдийн засгийн байдал ноцтой болоод байна. Намын Бага хурал зөвхөн дарга цэргээ солихоос илүүтэйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэлгээ өгч дүгнэх хэрэгтэй байна.  Эдийн засаг ноцтой байгаа нь л муу мэдээ байна.

-МАН шинэчлэгдэх ёстой гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Шинэчлэгчдийг дэмжиж байгаа юу?

-Шинэчлэл гэдэг бол тасралтгүй үйл явц. Энэ жамаараа л явж байна. МАН ч шинэчлэгдэнэ гэж бодож байна. Нам өнөөдөр нөхцөл байдлыг зөв үнэлээд түүнийгээ ард түмэндээ зөв илэрхийлээд, манлайлаад явах ёстой.

-МАН-ын шинэчлэгчид удирдлагыг солихоос илүүг хийж чадахгүй гэсэн байр суурьтай хүмүүс бас байна. МАН бодлогоор шинэчлэгдэж чадах уу?

-Их хурал бодлого гаргадаг. Улс орны хэмжээний бодлого, намын дотоод бодлого, бүтэц, зохион байгуулалтаа гаргадаг. Харин бодлогыг дараа нь хэн гэдэг, ямар баг авч явах гэдэг хамгийн сүүлчийн асуудал. Эхлээд бид бодлогоо, өөрчлөлт, дүгнэлтээ гаргаад ямар баг авч явах вэ гэдгээ шийдвэрлэнэ. Түүнээс өнөөдөр хэн нэгэнд тааруулж бодлого гаргахгүй.

-Их хурлын үр дүн, бодлого, зохион байгуулалтыг аваад явах баг МАН-д байгаа юу?

-МАН их давуу талтай. Бүх шатны сонгуульд ахмад үе, залуу үе сонгогдоод явдаг. Намын Бага хурлын гишүүн болохын тулд мөнгө төлдөггүй, УИХ-ын сонгуульд дэвшихийн тулд мөнгө төлдөггүй. Дотоод өрсөлдөөнөөр гаргадаг. Ахмад үе, залуу үеийн залгамж халаа,  хэлхээ холбоогоо бариад улс орны хэмжээний асуудлаа шийдээд явах бүрэн боломжтой. Асуудлыг залуучууд хөндөж тавьсан. Таван удаагийн сонгуульд ялагдсан учраас МАН-ыг ямар шинэчлэл хийх вэ гэдгийг бүгд харж байгаа. Залуучууд залуусын үүргээ биелүүлсэн. Хувь хүний хувьд хариулахад, бид өнгөрсөн таван удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Үүндээ дүгнэлт хийж, ард түмнээсээ итгэлийг алдсаны төлөө уучлалт гуйх ёстой. Итгэлийг алдсан ч эргэж олж авах ёстой.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж