
Нийслэл хот 170 гаруй цэцэрлэгтэй. Гэтэл цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 180 гаруй мянга гэсэн судалгаа гарчээ. Үүгээр бол нэг цэцэрлэгт мянга гаруй хүүхэд хүмүүжиж гэмээнэ сая гэрээр хүмүүжих хүүхдийн тоо буурна. Гэтэл нэг цэцэрлэг дунджаар 6-8 бүлэгт 300-400 хүүхэд хүлээн авдаг гэж тооцвол цэцэрлэгийн хүчин чадал хүүхдийнхээ тооны хаана ч хүрэлцэхгүй болох нь харагдана. Нийслэлийн 130 гаруй хорооноос өөрийн гэсэн цэцэрлэггүй хороо 30 шахам хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд л гэхэд Баянзүрх дүүрэгт 10, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр найм, Сүхбаатар дүүрэгт долоо, Чингэлтэйд тав, Хан-Уул дүүрэгт дөрөв, Налайх дүүрэгт хоёр, Багануур дүүргийн нэг хороо өөрийн гэсэн цэцэрлэггүй гэсэн судалгаа гарсан байсан. Харин энэ жил өөрчлөгдсөн эсэх талаар мэдээлэл авах гэж БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрынхан болон хэвлэл мэдээллийн албаныхны үүдийг сахиж, хэдэн өдөр утас цохиод ч мэдээлэл авч чадсангүй. Цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн эцэг эхчүүд урьд жилүүдийн нэгэн адил намартай уралдан цэцэрлэгийн багшийн эрэлд мордоод эхэлжээ. Энэ жилээс цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлээр далимдуулан цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарыг авлига авахыг хориглох үүднээс цэцэрлэгийн бүртгэлийг зун зургадугаар сард хийх санаачлагыг салбарын сайд гаргасан ч амжилт олсонгүй. Намар хаяанд ирж, наймдугаар сар хэдийнэ эхэлсэн байтал цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх, хэрхэн бүртгэх талаарх мэдээлэл өгөх хүн олдохгүй байна. БШУЯ, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албаныхан цэцэрлэгийн бүртгэлийн ажлыг эртхэн цэгцлэхгүй бол боловсролын салбарыг авлигаас ангид байлгах гэсэн салбарын сайдын санаа гүйцэлдэхгүй үлдэх нь.
Д.ЦЭЭНЭ