
Улсын баяр наадмын өмнөөс л дөрөвхөн настай Б.Танан охинд туслах аян эхэлж, хүмүүс өөр өөрийн чадлаар хандив өргөж эхэлсэн.
Сонгуулийн үеэр иргэд саналаа өгснийхөө “шагналд” авсан 1000 нэгжийг түүний сайн сайхны төлөө хандивлаж байв. Монголчууд нэгнийхээ төлөө яаж санаа зовж, эвлэлдэн нэгдэж чаддаг болохын бас нэг жишээ энэ. Өөр олон олон жишээ байгаа.
Тэр бүхнийг дурьдвал барагдахгүй. Гэхдээ тэр олон жишээнээс ганцхан харамсмаар дүр зураг харагддаг нь мөнгө хөрөнгөтэй, баян хүмүүс зовж зүдэрсэн, өвдөж зовсон нэгэндээ тус болохдоо жаахан татгануур байдаг.
Эсвэл хүмүүст, хэвлэлийнхэнд мэдэгдэлгүйгээр олон сая төгрөг өгчихдөггүй л юм бол шүү дээ. Энэ бүхэн Монголд нийгмийн хариуцлага гэж огт байдаггүй болохыг харуулаад байгаа юм. Монголоор дүүрэн тэрбумтан, хөрөнгөтөн, дэлхийд алдаршсан тамирчид, Монголдоо л нэртэй дуучин, мисс, улс төрийн зүтгэлтнүүд байх.
Мэдээж улс орон болгонд ийм хүмүүс байгаа. Манайхан бусад ихэнх орны алдартнуудаас нийгмийн хариуцлага гэдгийг бараг л мэддэггүй гэдгээрээ ялгаатай юм. Мэдээж дэлхийн хэмжээний “од” хүмүүсийн мөнгө, хөрөнгө манайхантай харьцуулшгүй л дээ.
Гэхдээ л манай баячууд, олны танил нөхдүүд ганц хоёр сая төгрөг гаргах чадал бол байгаа. Энд сэтгэлийн асуудал ч давхар яригдана. Харин өнгөрсөн долоо хоногт Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар өөрсдийн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөө Б.Танан охины эмчилгээний зардалд хандивлалаа.
Тиймээс хоёр аваргыг өнгөрсөн “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм. Хэдийгээр хоёр аваргын хөлс хүч, баяр жаргал шингэсэн жүдогийн өмсгөл 8.7 сая төгрөг хүрсэн ч гэсэн энэ мөнгө багадахгүй. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бяцхан охинд тусалж байгаа болохоор 8.7 сая биш 870 мянган төгрөг байсан ч их байгаа юм.
Тиймээс Монголын төдийгүй дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулж чадсан алдартай тамирчиддаа баярлалаа гэж хэлмээр байна. Жинхэнэ сэтгэл зүрхтэй, өвдөж зовж, ялж, ялагдаж явсан хүмүүс бусдын зовлонг ойлгодог юм гэдгийг тэд харуулж чадлаа. Гэтэл өнөөдөр Монголд том том групптэй, мөнгийг зүгээр л цаас шиг хэрэглэж байгаа хүмүүс олон байна. Тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бусдын төлөө 100 төгрөг гаргасан нь хэд билээ.
Магадгүй хэнд ч мэдэгдэлгүйгээр өгдөг байж болох. Гэхдээ нийгмийн хариуцлага гэдэг хэнд ч мэдэгдэлгүйгээр өгдөг зүйл биш байх ёстой. Харин ч бусдад мэдэгдэж, уриалж өгвөл сайн. Тийм сэтгэл манай хөрөнгөтнүүдэд алга. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар хоёр өмсгөлөө дуудлага худалдаанд оруулахад хүртэл худалдаж авах том бизнесмэн, хөрөнгөтөн гарч ирсэнгүй. Уг нь Монголын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаярыг хүндлээд, дээрээс нь Б.Танан охинд туслах сэтгэл өвөрлөөд, 10 сая төгрөгөөр худалдаад авчихъя гэвэл тийм чадалтай, хөрөнгөтэй хүмүүс олон байгаа.
Х.Цагаанбаатарт медаль авч үзээгүй тэмцээн гэж байхгүй. Дэлхийн аварга цолтой бөх. Түүний өмсгөл ч гэсэн дутахааргүй үнэ хүрэх учиртай. Гэтэл хоёр “жиргээч” залуу худалдаж авч байгаа байхгүй юу. Тэр хүмүүс хэдийгээр жүдо бөхөд, Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа хоёр тамирчнаа хүндэлж явдаг ч гэсэн цаанаа Б.Танан охинд туслах сэтгэл өвөрлөн 8.7 сая төгрөгөө өгч байгаа юм.
Энэ бүхний цаана ганц адгуусны төлөө тэрбум төгрөг үрэх нь холгүй байдаг хөрөнгөтнүүд үлдлээ. Гэхдээ тэд ичиж байгаа байх. Хоёр аварга ч гэсэн ичээж чадсан байх. “Өгье гэвэл ганцаасаа” гэдэг шиг аваргууд өмсгөлөө хүртэл дуудлага худалдаанд оруулж, Монголын ирээдүй болсон бяцхан охины төлөө санаа зовж, нийгмийн хариуцлагаа ухамсарлалаа.
Хүнд туслах сэтгэл байвал болдог юм гэдгийг ч харууллаа. Мөн олны танил хүмүүсийг ч уриалсан. Тиймээс олон хүн өөрөөсөө ичсэн биз. Тиймдээ ч нийгмийн хариуцлагаа ухамсарлана гэж найдаж байна. Монголын төлөө хөлсөө урсгаж, хүчээ гарган тэмцсэн залуус ирээдүйн эзэн болсон бяцхан охины төлөө сэтгэлээ чилээн тэмцэж байна. Энэ л жинхэнэ нийгмийн хариуцлага.
Тэд хэчнээн төгрөг өгсөн бэ гэдэг нь гол биш. Бусдыг нийгмийн хариуцлагаа ухамсарлаач гэж уриалж байгаа нь л үнэт зүйл. Тэд аргагүй дэлхийн хүн юм.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
