Цохиулж ханахгүй “Сэм авга”

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Цохиулж ханахгүй “Сэм авга”

Зүүлт: АНУ-ын иргэний дайны жилүүдэд АНУ-ын Засгийн газраас гаргасан домгийн дүр болох Сэм Авга. Тухайн үедээ АНУ-ын холбооны армид мах бэлтгэн нийлүүлж, хүнсээр хангаж байсан түүнийг домгийн дүр болгон Ялалтын бэлгэдэл болгосон нь энэ. Түүнээс өмнө Колумбия эгч, Дүү Жонатан зэрэг домгийн дүрүүд байсан юм. Гэхдээ олонд хамгийн их түгсэн нь “Сэм авга”.

Сэм авга олон удаа “шанаа” хүртэж байсан. Иргэний дайны хүнд жилүүдэд, арьс өнгөний үзлийн хар гай, 1929 оны зах зээлийн хямралаар, дэлхийн нэг, хоёрдугаар дайны уршгаар, хожим нь Вьетнамын дайнаар гээд л явж өгнө. Вотергейтийн хэргээр ч бас л тиймэрхүү шанаа авсан. Харин 2001 онд болсон тэр аймшигт үйл явдал өөрөө өөртөө шанаа өгсөн үү, Аль-Кайдачууд шанаа өгсөн үү гэдэг эргэлзээтэй байсаар байгаа. 2001 оноос шанаа аваагүй явсан АНУ-чуудад хамгийн эхний шанааг Ассанж тэргүүтэй Викиликсийнхэн өгсөн. Цохиулсан хүн дуугүй байхгүй нь тодорхой. Улс орондоо авчраад ардчилсан аргаар шийтгэх гэж оролдсон ч тэр өөр улсад оршин байгаа. Түүний дараа гадаад өр нь асуудалтай байгаа тухайг зарлаж ОУВС шоконд оруулав. Шокноосоо гарах гэж хичээж байтал Сноуден дахин шанаа өглөө. Сноуден АНУ бол энгийн иргэний бүх л мэдээллийг сонсдог, хардаг, шалгадаг гэдгийг ил болгосон. Одоо тэрээр ОХУ-д орогнон буй. Цохилтын далайлт болоод хүч нь ямар байснаас шалтгаалан цохиулсан хүний хариу үйлдэл тодорхойлогдоно. АНУ-чууд одоо болтол Ассанж, Сноуден болон түүний нөхдийг ардчиллын хамгийн том дайсан хэмээн мэтгэсээр байгааг мартаж боломгүй.

Даацтай орсон “шанаа”

Нэг хэсэг дэлхий нийтийг терроризмын аймшигт аюулаас хамгаалагч баатрын дүрд тоглож, Ирак, Афганы дайныг өдөөсөн АНУ-д ухамсрын шанаа өгсөн хүн нь Ассанж. Түүнд мэдээллээ өгсөн зоригтой шүгэл үлээгчдийн буянаар тэр АНУ-ын муу болгоныг илчилж чадахуйц тэнхээтэй болсон. Тиймээс тэр Викиликс цахим хуудсыг ашиглан АНУ болоод дэлхий нийтэд ноцтой хэд, хэдэн баримтыг ил болгосон билээ. Ирак, Афганы дайны үеэр энгийн иргэд рүү шүршиж байгаа бичлэг, Гуантанамогийн хорих ангид болж буй бодит үнэн, зэвсгийн бизнес, улстөрчдийн цаад санаа гээд муу, муухайгаар илэрхийлж болох олон мэдээллийг ил болгосон. Террроризмтай тэмцэж байгаа гэх АНУ байдалд орлоо. Мэдээлэл цацагдсаны дараа нэлээд удаж байж, худлаа мэдээлэл гэж мэлзэх гэж хичээсэн ч сенатын танхимд Бушийн захиргаанд ажиллаж байсан хүмүүс уучлал хүлээсэн. Хэрвээ тэд уучлал хүлээгээгүй бол Обамагийн захиргаа байдалд орох байсан. Энэ бол гашуун үнэн. Удалгүй Обамагийн засаг, захиргааны зүгээс Ассанжийг АНУ-д ирүүлж, “ардчилсан” аргаар шийтгэхийг эрмэлзэж эхэлсэн. Улс орон бүрийг түүний эсрэг зогсохыг уриалж, ардчилсан улстай хамт мөр зэрэгцэн алхуулахыг хүссэн. Гэхдээ бүх улс тэдэнтэй адил бодолтой байгааг АНУ-чууд гадарласан биз.

Давхар цохилт

Ассанжийн өгсөн шанааны ул мөр бүдгэрч амжаагүй байхад АНУ дотооддоо бас нэгэн цохилтод өртлөө. ОУВС-аас АНУ-ыг гадаад өрөндөө баригдсан гэдгийг сануулав. Гэхдээ ОУВС зөвхөн алгадсан төдий. Угтаа АНУ-чууд өөрөө өөрсөддөө энэ шанаагаа өгчихсөн хэрэг. Яг л 2001 оны 9/11-ний үйл явдал шиг. Гагцхүү ялгаж болох нэг зүйл байгаа нь өөрсөддөө шанаагаа өгсөн гэдэг нь хэн хүнд тодорхой байгаа явдал. 18,9 тэрбум долларын энэ их өртэй холбоотойгоор энэ жилийн төсвийн гүйцэтгэлээ хийсэн. АНУ энэ өр асуудал биш гэж дэлхий нийтэд итгүүлэхийг зүтгэсэн ч үнэн мэдээлэл биш болох нь хэн хүнд ил байгаа. Үүнтэй холбоотой байж болох нэгэн үйл явдал тохиолдсон нь Детройт хотын дампуурал. 18-20 тэрбумын өртэй болсоноор энэ хот дампуурсан. Детройтэд үйл ажиллагаагаа явуулж байсан бүх компани, үйлчилгээний газрууд хаалгаа барьж, өөр хот руу шилжихийг хүсэх болсон. Нүүж ч байгаа. Детройтэд байгаа хамгийн том харшууд одоо 1-5 доллараар зарагдаж байгаа гэх мэдээлэл бий. Детройтын 5 сая хүнээс 2,5 сая хүн яг одоо өөр хот руу шилжин суурьшаад байгаа.

Угсраа цохилт

Давхар цохилтуудын дараачаар угсраа олон цохилтууд орж ирлээ. Энэ бол Сноудены өгсөн шанаа. Сноуден гэх энэ жижиг биетэй залуу Сем авгад төсөөлөөгүй цохилтыг өгсөн. Тэрээр PRISM программын тухай, жирийн иргэдийн утас, компьютер, цахим шуудан, цахим хуудас, төлбөрийн баримт зэрэг бүх л мэдээллийг өөрсдийн мэдэлд төвлөрүүлж байсныг ил болгосон. Сем авгын эх орон ч, дэлхий нийт ч энэ мэдээллийг нүд, чихээ томруулан хүлээж авсан нь тодорхой. Эхэндээ АНУ-ын засаг захиргаа мэлзэж байсан ч мөн л сүүлдээ бууж өгсөн. Иймэрхүү үйл ажиллагаа явуулж байснаа хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч хэдхэн долоо хоногийн өмнө Сенатын танхим үүнийг баталсан. Дараагийн таван жил АНУ ард, иргэдээ тагнан,чагнана. Сноуден олонд ил болсны дараа эх орноосоо дүрвэн зугатаж, Орос, Никарагуй, Болив, Экуадор, Хонг-Конг зэрэг улсуудын урилганд дарагдсан. Эцсийн бүлэгт ОХУ-ын нисэх онгоцны терминалд хэд хоноод Оросод  санаа амар суух боломжоор хангагдаад байна. Дараа нь түүнийг урисан улс цөөнгүй байгаа гэдгийг санахад илүүдэхгүй. Хаалттай Хятад хүртэл түүнд орогнол амласан юм шүү.

Жижиг чимхэлтүүд

Угсраа цохилтонд өртсөөр байгаа энэ улсад жижиг, жижиг чимхэлтүүд бага, сага бий. Ойрхи Дорнодын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулах гэж хичээсэн ч бүтэлгүйтээд байгаа. Сем авгын гар хөлөө тавих хүсэлтэй латин америкийн улсууд болох Болив, Венесуэль гэх мэт улсууд нэгдэн эдийн засгаа хөгжүүлэх бодлогыг баримтлаж байгаа. Эдийн засгаараа хэзээ мөдгүй урд гишгэх Хятадууд тэдэнтэй ямар нэгэн тохиролцоонд хүрэхгүй байгаа. АНУ-д Обамагийн засаг захиргааны нэр хүнд унаж байгаа. Афганы дайнд АНУ бараг 5 тэрбум гаруй долларын хохирол амссан. АНУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жилд алгуур байгаа. Энэ мэтчилэн жижиг шоглолтууд цөөнгүй бий.

Дэлхий нийтэд ардчилалыг түгээгч, эрх чөлөөг хамгаалагч, хүний эрхийг дээдлэгч, дэлхийн хүчирхэг гүрэн гэх имижийг бүрдүүлж, ийнхүү төсөөлөхийг тулгаж байсан улс дараалан шанаа авсаар байна. Шанаа авах тоолонд үнэн нүүр царай нь ил болсоор байгаа билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж