Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд олон улсын хөрөнгийн зах зээлээс анх удаа их наядаар тоологдох хөрөнгө босгож чадсанаа бахархалтайгаар мэдэгдэж байснаас хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Хоногийн 192 мянга, жилийн 72 сая ам.долларын хүүтэй Чингис бондын хөрөнгөөр олон жил дуншсан шинэ төмөр замыг тавих, Дарханд нефть боловсруулах үйлдвэр барих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг босгох, тавдугаар цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Цаашлаад авто зам шинээр тавих болон засварлах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхэд Чингис бондоос хөрөнгө гаргах болсноо Ерөнхий сайд Н.Алтанхуяг уламжлалт болсон хэвлэлийнхэнтэй хийх уулзалтынхаа үеэр нэг бус удаа мэдэгдэж байлаа. Тэгэхээр том, жижиг есөн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бондын хөрөнгөөс өнгөрсөн хугацаанд юунд хэдийг зарцуулсан талаар сонирхъё. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадал бүхий цахилгаан станц барихад бондын хөрөнгөөс 50 сая, Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг арилгах зорилготой “Гудамж” төсөлд 200 сая ам.долларыг зарцуулж байгаа.
Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийг хатуу хучилттай автозамаар холбоход 570 тэрбум төгрөг, ноолуурын салбарыг дэмжихэд 70 орчим сая ам.доллар, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулахад 27,7 сая ам.долларыг Чингис бондоос гаргаж байгаа юм. Мөн бондын хөрөнгөөс 114 сая ам.долларыг гаргаж, АНУ-ын “Боинг” компаниас “В-767-300ER” онгоцыг МИАТ-т худалдан авч өгсөн билээ.
Чингис бондоор санхүүжүүлсэн төлөвлөгөөт ажлуудаас хамгийн эрчтэй явагдаж байгаа нь одоогоор “Гудамж” төсөл болоод байна. “Гудамж” төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн түгжрэл 20-30 хувь буурах гэнэ лээ. Харин оёмол, сүлжмэл үйлдвэрлэлийг дэмжсэнээр 20 мянган ажлын байр бий болно гэсэн тооцоо гаргажээ. Гэтэл хөрөнгө хаяж босгох томоохон хөтөлбөрүүд нь эхлээгүй байгаа шалтгаан нь Чингис бондын хөрөнгийг эдийн засагт үүсээд байгаа хямралын галыг намжаах хэрэгсэл болгон ашиглах болсонтой холбоотой бололтой. Өмнөх Засгийн газраас хэрэгжүүлсэн алдаатай бодлогын уршгаар өнөөдөр ч эдийн засаг сайнгүй байна. Эдийн засгаа тавиад туучихгүйн тулд Засгийн газар томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бондын хөрөнгийг ар хормойгоо авч, урд хормойгоо нөхөхөд зарцуулж эхэлжээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого багасч, валютын нөөц хумигдсаар байгаа энэ үеийн гал намжаах ганц зүйл нь бондын хөрөнгө болоод байгаа нь үнэн. Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд ч Чингис бондын хөрөнгөөс болж өөр хоорондоо санал зөрөлдөх нь ихэссэн гэнэ. Бондын хөрөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажил урагш муутай яваа нь сайдуудыг бухимдуулах болсон гэх. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бондын хөрөнгө хуваарилах асуудалд хойрго хандаж байгаад танхимынх нь нөхдүүд, ялангуяа Шадар сайд Д.Тэрбишдагва сэтгэл дундуур байгаагаа нуухгүй байгаа. Түүнчлэн Я.Санжмятав сайд бондын хөрөнгөөс 500 сая ам.долларыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлээр өгөх сонирхолтой байгаа нь зарим сайдуудад таалагдаагүй бололтой. Засгийн газар ТЭЗҮ-гүй төсөлд бондын хөрөнгийг хаях боллоо гэсэн шүүмжлэл ч эдийн засагчдын зүгээс гарах болсон. Н.Дашзэвэг гавьяат бондын хөрөнгийг сэтгэлийн хийрхэлээр зарцуулж байгаад бухимдаад авч. Бондын хөрөнгийг сайдууд хэрхэн зарцуулж буйд хяналт тавих үүрэгтэй сөрөг хүчнийхэн намынхаа дотоод асуудлаасаа ангижирч чадахгүй байгаа юм. Гэтэл таван жилийн дараагаас төлөгдөөд эхлэх бондын зарцуулалтын талаар Засгийн газар амаа ангайхаа больжээ. Дэд бүтцээ сайжруулж, томоохон боловсруулах үйлдвэрүүдийг барина гэсэн гоё мөрөөдөл нь замхарсан уу, аль эсвэл нөхцөл байдал өөрөөр эргэсэн үү, энэ янзаараа Монгол Улсын олон жилийн мөрөөдөл болсон томоохон төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд нэг цэг ч хатгаагүй байтал Чингис бондын хөрөнгө аар шаархан асуудалд зарцуулагдаад дуусах бололтой дог.