
Байт харвааны Азийн гран при тэмцээний энэ оны хоёр дахь цуврал тэмцээн Улаанбаатар хотноо долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд болж өнгөрлөө. 1990-ээд оны сүүлчээс Азийн улс орнуудад жил бүр зохион байгуулж байсан тус тэмцээний нэр хүнд сүүлийн жилүүдэд өсч, дэлхийн чансааны тэмцээн болсон тул нээлттэй хийх болжээ. Тэмцээнд Азийн орнуудаас гадна бусад тивээс ч оролцдог байна.
Энэ жилийн Азийн гран при тэмцээнд БНСУ, БНХАУ, БНАСАУ, Тайвань, Энэтхэг, Казахстан, ОХУ зэрэг 10 орны 130 орчим тамирчид байт харвааны үндсэн төрөл болох рекурв /70 м/, компанд /50 м/ төрлүүдэд өрсөлдлөө.
Улаанбаатар хотноо болсон энэхүү томоохон тэмцээнийг Монголын байт харвааны холбоо, Ази тивийн байт харвааны холбоотой хамтран зохион байгуулав.
Тэмцээний зохион байгуулах хорооны даргаар ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, техникийн зөвлөхөөр Азийн байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ум Сан Хо, Ерөнхий шүүгчээр Сингапурын ОУ-ын шүүгч Хоонг Мау Жинг ажиллаж, Өмнөд Солонгос, Тайвань, Казахстан улсаас ОУ-ын шүүгчид урилгаар ажилласан юм.
Манай орны шүүгчдийн хувьд Тайланд улсад зохион байгуулагдсан ОУ-ын шүүгчийн сургалт семинарт хамрагдан шалгалт өгч албан ёсоор тивийн шүүгчийн эрхийг авсан гурван шүүгч ажилласан байна.
Тэмцээнийг ССАЖЯ, “Хас” банк, “Нийслэл өргөө” ХК, “ХАА бирж” ТӨХХК болон бусад 20 гаруй хэвлэл мэдээлэл болон бусад байгууллага ивээн тэтгэгчээр ажиллалаа.
Азид төдийгүй дэлхийд ноёрхож буй БНСУ-ын баг тус тэмцээнд хүчирхэг бүрэлдэхүүнтэй ирсэн. Бээжингийн олимпийн эрэгтэй багийн алтан медальт Лее Чанг Хван, Лондонгийн олимпийн эмэгтэй багийн алтан медальт Чой Хёон Жү гээд шилдэг тамирчид ирсэн. Тэд долоон алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж тэргүүлсэн. Европын болон дэлхийн залуучуудын аварга Балжинням Цэрэнпилаев тэргүүтэй ОХУ-ын баг нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол Энэтхэгийн баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр удаалсан.
Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай 24 тамирчин хоёр төрөлд өрсөлдсөнөөс рекурв төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нарын эрэгтэй баг алтан медаль, ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Б.Урантунгалаг нарын холимог баг мөнгөн медаль хүртлээ. Мөн компаунд эрэгтэй ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр байрыг Л.Мөнхөө хүртсэн юм.
Гадаадын уралдаан тэмцээнд төдийлөн оролцоод байдаггүй БНАСАУ-ын баг хоёр эмэгтэй, нэг эрэгтэй тамирчинтай ирж, рекуорв холимог багаас хүрэл медаль хүртлээ.
Зүүлт:
Монгол Улсад анхны дэлхийн аварга цолыг байт харвааны төрөлд Д.Дэмбэрэл агсан хүртсэн бол 2008 онд Д.Баатаржав паралимпийн алтан медалийг эх орондоо авчирсан. Түүнчлэн Лондонгийн олимптийн наадамд ОУХМ Б.Урантунгалаг медаль хүртэхэд ойрхон байсан гээд манай байт харвааны амжилт жилээс жилд өсч буй энэ үед Азийн гран при тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд таван өдрийн турш боллоо. Манай улс 2016 онд болох “Байт харвааны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг эх орондоо зохион байгуулах эрхийг аваад байна.
Лондонгийн олимпийн багийн алтан медальт БНСУ-ын тамирчин Чой Хёог Чутай цөөн хором ярилцлаа. Тэрбээр тус тэмцээний рекурв ганцаарчилсан болон багийн төрлөөс алтан медаль хүртсэн юм.
-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монголд би анх удаа ирлээ. Тэмцээнд оролцох зорилгоор ирсэн болохоор тэр бүр танилцаж амжаагүй байна. Мэдээж надад таалагдсан зүйл бол Монголын агаар, бас хөх тэнгэр. Монголчууд их тайван улс юм, бас их тусархуу.
-Та Лондонгийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн. Тэр дурсамжаа одоо монголын үзэгчдэд дэлгэвэл?
-Надад бүх тэмцээн адилхан. Манай улсад олимпийн наадамд оролцохын тулд их том шалгуурыг давж байж оролцоно. Тухайн үед улсаа төлөөлөн оролцсон учир мэдээж маш хүнд байсан. Олимпийн наадам бол Азийн аварга болон дэлхийн аваргын тэмцээнийг бодвол их нүсэр шүү дээ. Тэр утгаараа сэтгэл зүйн байдалдаа анхаарах ёстой. Лондонгийн олимпт оролцохын өмнө манай шигшээ багийнхан ууланд авирч, цэргийн армид очиж сургуулилалт хийсэн. Тиймээс бид маш тайван байж, хийх зүйлээ хийсэн учраас тэр алтан медаль их үнэтэй ирсэн. Маш их хөдөлмөр шаардсан.
-Та байт сурын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би 11 наснаасаа эхэлж байтын спортоор эхэлсэн. Дунд болон ахлах сургууль, их сургуульд орохдоо үргэлжлүүлж хичээллэсэн. БНСУ-д байт сурын спорт их өндөр түвшинд хөгжсөн. Тиймээс их олон тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж, улсаа төлөөлөх хэмжээнд хүрнэ гэдэг бол их олон жилийн хөдөлмөр юм даа. Байт харвааны олон клуб байдаг учир шигшээ багийн тамирчин болохын тулд ширүүн өрсөлдөөнийг давдаг.
-Монголын байт харвааны тамирчдын тухайд та юу хэлэх вэ. Тэмцээний талаар таны бодол?
-Монголын байт харваа Ази тивээс гадна дэлхийд хүчтэй. Б.Урантунгалаг гэдэг их хүчтэй тамирчин бий. Бас монголчууд байтын спортод сэтгэл гаргаж байгаад нь үнэхээр их талархаж байна. Монголчууд хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй улс юмаа. Надад их таалагдаж байна. Монголчуудыг харваачийн удамтай гэж сонссон. Чингис хаан хэмээх агуу хүний талаар би сонсч байсан. Тэгэхээр монголчуудад төрөлхийн авьяас бий. Хэдийгээр зориулалтын бус талбай дээр болсон ч энэхүү тэмцээн их өрсөлдөөнтэй боллоо. Монгол, Энэтхэг, Казахтан, ОХУ-ын багт хүчтэй тамирчид олон байлаа. Тэмцээний үеэр жаахан салхитай сэрүүвтэр байсан ч төдийлөн хүндрэл гарсангүй.
-Дараагийн тэмцээн уралдааны тухайд?
-Энэ сард Сөүлд тэмцээн байгаа. Буцаж очоод тэр тэмцээнд бэлтгэнэ.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №23
