Аваргын хүндэтгэлийн наадамд Сэлэнгэ аймгийн харьяа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт болон тус аймгаас төрөн гарсан алдартнууд оролцсон юм.
Шинэ аваргын хүндэтгэлийн наадмын үеэр Г.Эрхэмбаяр аваргатай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Сэлэнгэчүүдийн анхны аварга боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайхан наадам боллоо. Анх барилдаж байхдаа улсын начин болох юмсан гэж бодож байсан. Үүний дараа заан цол хүртэж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваад арслан цол хүртсэн. Сэлэнгэ түмэн минь итгэл хүлээлгэж, Монгол Улсын аварга болох хүсэлтэй болгож өгсөн. Намайг дэмждэг олон хүмүүсийн итгэлээр аварга цол хүрсэндээ их баяртай байна. Үндэсний бөхийн спорт өөрөө хүнийг хүмүүжүүлж, аливаа зүйлд тууштай хандах хүмүүжүүлдэг юм байна гэж бэлэгшээж байна.
-Үзүүр түрүүнд гарахын өмнө ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Их сайхан зүйл бодогдсон. Би 16 жил хүчит бөхийн ногоон зүлгэн дээр барилдаж байгаа. Энэ спортоор явсны эцэст дотоод сэтгэлээ илэрхийлж, ногоон зүлгэндээ мөргөж, олон жилийн хөдөлмөрийн үр дүн гэж л бодож байсан даа. Надад зөвлөж байсан багш нар, ард түмний итгэл сэтгэлээр уран барилдаан үзүүлж, олон жил баярлуулж явна даа л гэж бодож байна.
Хүндэтгэлийн наадамд хүчит 128 бөх эр бяраа гайхуулж, Хөвсгөл аймгийн харьяат, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэсэн юм. Мөн шинэ аваргын хүндэтгэлийн наадамд их нас, соёолон, даага гэсэн гурван насны морь уралдуулж, аймаг, улсын цолтой 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм.
Г.Эрхэмбаяр аваргын хүндэтгэлийн наадмын үеэр түүний ээж Т.Даваадуламыг Сэлэнгэ аймгийн Хүндэт иргэнээр өргөмжилсөн. Аварга цолыг сэлэнгэчүүдэд авчирсан, 78 жил тасарсан арслан цолыг авчирсан аваргыг хүмүүжүүлсэн ээжийг нь сэлэнгэчүүд хүндэтгэж, ийнхүү нутгийнхаа хүндэт иргэнээр өргөмжилсөн юм.
Шинэ аваргаа хүндэтгэж, хүчит бөхчүүд нь эр бяраа сорьж, хурдан хүлгүүд нь уралдаж, харваачид нь цэц мэргэнээ сорьж шинэ аваргаа хүндэтгэлээ. Г.Эрхэмбаяр аваргыг төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан нь энэ сарын 9-нд мөн анхы аварга хүндэтгэж, наадамлах юм байна.