Дифлимпээс гурван медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Дифлимпээс гурван медаль хүртлээ

Дифлимпид оролцож буй манай тамирчдаас жүдогийн эмэгтэй 57 кг-д Г.Лхагвасүрэн, эрэгтэй 66 кг-д Б.Мөнх-Оргил, 73 кг-д Б.Наваанжамц нар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү ХXII дахь Дифлимпээс монголын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. 2009 онд Тайваньд болсон ХXI наадмаас Б.Мөнх-Оргил, Б.Наваанжамц нар тус тус хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Дифлимпийн хос медальтан боллоо.

Жүдогийн 66 кг-д барилдсан Б.Мөнх-Оргилын хувьд эхний тойрогт ОХУ-ын бөхөд ялагдсан ч Оросын бөх цааш ялалт байгуулснаар манай бөх дагах барилдаан хийх болсон. Тэрбээр Унгар, Украйн, Недарландын бөхчүүдийг ялж, хүрэл медаль хүртлээ.

73 кг-д барилдсан Б.Наваажамц эхний тойрогтоо Украйны бөхийг ялж, шигшээ наймд БНСУ-ын бөхтэй таарч, ялагдал хүлээсэн. Гэсэн ч тэрбээр Иран, ОХУ-ын бөхчүүдийг ялж, хүрэл медаль хүртлээ.

Чөлөөтийн эрэгтэйчүүдийн 96 кг-д Д.Баасандорж мөнгөн медаль хүртэж, багийнхаа медалийн тоог ахиулсан.

Болгарын Софи хотноо долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 04-ны хооронд зуны ХXII дахь Дифлимп боллоо. Deaf Olymp буюу Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпд Монгол улсыг төлөөлж 32 тамирчин, дасгалжуулагч, албаны хүний хамт оролцож, тэмцээнийг амжилттай өндөрлүүлж байна.

Спортын 20 төрлөөр болсон тус наадамд 67 орноос 49 орон ямар нэгэн медаль хүртэж, ОХУ 67 алт, 52 мөнгө, 58 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Украйн /21+30+37/, Өмнөд Солонгос /19+11+12/ улсууд удаалжээ. Манай тамирчид жүдо, чөлөөт, сонгомол бөх, хөнгөнатлетик, буудлага болон ширээний теннисний төрлүүдэд оролцсоноос сүүлийн өдрүүдэд чөлөөт, жүдогийн тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж 39-р байр эзлэв.

ЗҮҮЛТ: “Чимээгүй олимп” буюу “Дифлимп” нэрээр танигдсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпийн наадамд медалийн буухиа ийнхүү тасарсангүй. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимп 1924 оноос, өвлийн олимп нь 1949 оноос эхэлсэн түүхтэй. Дифлимпд манай тамирчид 1997 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд оролцох бүрдээ медаль хүртэж байжээ. Тодруулбал, 1997 он, 2001 онуудад чөлөөт бөхөөр Б.Отгонбаяр хошой хүрэл медаль,  2001 онд Ганбат мөнгөн медаль, 2001 он, 2005 онуудад Ш.Батбаатар тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Харин 2009 онд Тайваньд болсон олимпод манай 16 тамирчин байт харваа, сонгомол бөх, чөлөөт бөх, жүдогийн төрлөөр хүч сорьсноос жүдогийн 81 кг-д Д.Очбадрал алтан медаль хүртэж, Дифлимпийн анхны аваргыг эх орондоо авчирсан. Мөн энэ наадмаас жүдогийн 73 кг-д Б.Мөнх-Оргил, 60 кг-д Б.Наваанжамц нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Дифлимпийн наадмаас гадна ийнхүү нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байна. Өнгөрсөн жил чөлөөт бөхийн ДАШТ-нд анх удаа оролцож, гурван хүрэл медаль хүртэж байжээ.

Болгарт болж буй ХXII наадмаас өмнөх дифлимпийн медалийн буухиаг таслаагүй чөлөөт, жүдогийн шилдэг тамирчид төрийн далбааг Софигийн тэнгэр мандуулав.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж