-Сайн байна уу. Драмын театраар сонин юу байна?
-Манайхан одоогоор амралттай байна. Энэ сарын дундуур уран бүтээлдээ орно. Найруулагч Түвшингийн тавилтаар “Норовын намтар” жүжгээр намар цагийн үзвэрээ нээхээр төлөвлөсөн.
-Таныг гол дүрд нь тоглож байгаа гэж сонссон?
-Бараг хоёр жилийн өмнөөс энэхүү жүжгийг тавихаар төлөвлөсөн. Миний хувьд анхны гол дүр. Сэтгэл хангалуун байгаа. Манай театрын 30 гаруй уран бүтээлч хамтарч ажиллаж байна.
-Дүрийнхээ тухай яриач. Онцлог нь юу вэ?
-Жүжигт дэндүү сэргэлэн, сахилгагүй Норов хүүгийн тухай гардаг. Хүү тоглоомонд донтоод гэрийнхэндээ худал ярьж, хичээлдээ мууддаг. Үүнийг мэдсэн хичээлийн хэрэглэлүүд нь амилж буй тухай жүжиг. Норовын дүр бидний амьдарч байгаа нийгмийн хүүхдүүдийн төлөөлөл гэж бодож байна. Интернет, утас хөгжсөн энэ үед хүүхдүүд худал ярьж, хичээлээ тасдаад тоглоомын газар өнждөг болсон. Багачууддаа, тэдний эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг, сургамж болгох гэж энэ бүтээлийг амилуулж байна.
-Магадгүй Норовын дүр аль нэг талаараа таны бага настай төстэй юу?
-Тоглоомонд дурладаггүй хүүхэд гэж үгүй. Би ч ялгаагүй бусдын адил сега тоглож, дугуй унаж өссөн. Хөвгүүдэд байдаг томоогүй зан надад ч ялгаагүй байсан. Тэгэхээр ганцхан надтай биш, дэлхийн бүх хүүхдүүдтэй адилхан гэж ойлгож болно.
-Таны бүтээсэн дүрээс хүүхдүүд юуг ухаараасай гэж хүсч байна?
-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж үзээсэй. Хүүхдийн сэтгэлийг хэний ч гар хүрээгүй цав цагаан цаас гэдэг шүү дээ. Хэрхэн зөв амьдарч, ухаажих анхны суурийг нь эцэг эхчүүд тавьдаг. Өнөөдөр халаасанд нь мөнгө хийгээд, тансаг амьдруулахдаа гол нь биш, хүүхэдтэйгээ ярилцаж, цагийг хамтдаа өнгөрөөгөөсэй. Манай жүжиг эцэг эхчүүдэд олон зүйлийг ойлгуулна.
-Залуу уран бүтээлчтэй уулзаж байна, дараагийн төлөвлөгөөг нь асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Хорвоо уудам шүү дээ. Би театрынхаа менежерээр давхар ажилладаг. Уран бүтээл болон театрын арын албаны ажил зэрэг төлөвлөсөн зүйл олон бий. Хамгийн эхэнд бүтээж байгаа дүрдээ анхаарал хандуулж, хүмүүсийн, хүүхдүүдийн сэтгэлд үлдсэн сайхан дүр бүтээхсэн гэж хичээж байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин