ДЭМБ-ын ерөнхий захирал Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.08.03-нд нийтлэгдсэн

ДЭМБ-ын ерөнхий захирал Монголд айлчилна

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/-ын ерөнхий захирал, доктор Маргарет Чан наймдугаар сарын 11-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Түүний хувьд Монгол Улсад анх удаа айлчлах гэж буй юм.

Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 10-нд НҮБ-д нэгдэж, түүнээс хойш зургаан сарын дараа буюу 1962 оны дөрөвдүгээр сарын 18-нд ДЭМБ-д гишүүнээр элсчээ. Тэр цагаас эхлэн Монгол Улсын Засгийн газар тус байгууллагатай хамтран дэлхийн болон үндэсний хэмжээнд тулгамдсан эрүүл мэндийн чухал асуудлуудыг шийдэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон байна. Монгол Улс ДЭМБ-ын идэвхитэй гишүүн орнуудын нэг бөгөөд тус байгууллага 1971 онд төлөөлөгчийн газраа Монголд байгуулжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан нь БНХАУ-аас гаралтай бөгөөд Канадын Баруун Онтарио их сургуулиас анагаах ухааны цолоо авчээ. 1978 онд Хонгконгийн Эрүүл мэндийн газарт ажилд орсноор нийгмийн эрүүл мэндийн ажлын гараагаа эхлүүлсэн байдаг юм. Харин 1994 онд Хонгконгийн Эрүүл мэндийн захирлаар сонгогдож, есөн жилийн хугацаанд ажиллахдаа өвчний тархалтыг хянах, эрүүл мэндийн шинэ үйлчилгээнүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

Мөн халдварт өвчний танадалт, хариу арга хэмжээг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сургалтыг сайжруулах, орон нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулахад олон шинэ санаачлагуудыг гаргаж нэвтрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй шувууны хариад, SARS амьсгалын замын цочмог синдромын тархалтын хяналт, хариу арга хэмжээг үр дүнтэй удирдаж чадснаар богино хугацаанд олон мянган хүний амь насыг аварч чадсан юм.

Тэрээр 2003 онд ДЭМБ-д Хүний орчныг хамгаалах газрын дарга, 2005 оны зургадугаар сард Халдварт өвчний танадалт, хариу арга хэмжээний газрын захирал болон Ерөнхий захирлын Томуугийн цар тахал хариуцсан төлөөлөгч, 2005 оны есдүгээр сараас Ерөнхий захирлын Хадварт өвчин хариуцсан туслахаар тус тус сонгогдон ажиллаж байв.

Хатагтай ДР Маргарет Чаныг анх 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлаар томилсон бөгөөд Ассемблейгаас 2012 оны тавдугаар сард хоёр дахь удаагаа таван жилийн хугацаатайгаар дахин сонгожээ.

 А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж