Менежмент сайтай байхад авъяас ямар хамаатай юм бэ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Менежмент сайтай байхад авъяас ямар хамаатай юм бэ

Дээхнэ үед уран бүтээлчид амилуулсан дүр, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дуу хуураараа өрсөлдөж, үнэлэлт дүгнэлтийг олон түмэнд үлдээдэг байсан бол одоо цагт хэн илүү хүмүүсийн анхаарлыг татаж, “сэргэлэнтэж” чадсан нь олны танил болохоос эхлээд одон медаль зүүх нь тун амархан хэрэг болж. Энэ нь авъяастайнх гэхээсээ менежмент сайтайгийнх гэнэ.

Багш нараараа ном бичүүлж, Монголын урлагт хөрөнгө оруулав
“Явахгүй хоолойтой” хэмээн хангалттай гоочлуулдаг ч дуучин Ч.Бат-Эрдэнийг өнөөдөр танихгүй, мэдэхгүй хүн ховор. Түүнтэй хамтын амьдрал зохиосон дуучин Э.Оюумаа нэгэнтээ “Манай Ээнээ бие жижиг ч бэлчээр томтой залуу шүү” хэмээн ярьж байсан нь нүдээ олсон гэлтэй. Ямартай ч нийтийн дууныхан дундаа хамгийн менежмент сайтай гэгддэг Ч.Бат-Эрдэнэ өдгөө гавъяат зүүж, түүнийхээ хэрээр ихэрхэх болжээ. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Д.Батбаяр дуучин эхнэртээ гавъяат авч өгөхийн тулд түүнтэй нэгэн үе хамт дуулж гарч ирсэн уран бүтээлчдийг чирч, тэр нөмөргөнд Ч.Бат-Эрдэнэ гавъяат зүүснээс биш түүнд гавъяатын энтэй хоолой заяагаагүй нь хэн бүхэнд тодорхой зүйл.

Хоолойгоороо хол явахгүйгээ мэдсэн тэрээр соёл урлагийн менежмент хөөцөлдөж Удирдлагын академи дүүргэсэн төдийгүй Соёл урлагийн менежментийн тухай ном гаргаж, нүсэр нээлт хийсэн. Харин уг номыг нь Удирдлагын академийн хэдэн багш нар нь хамжиж, дэмжиж байж түүний нэр дээр гаргаж өгснийг хүмүүс тэр бүр мэдээгүй. Харин Ч.Бат-Эрдэнэ уг номоо Монголын урлагт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт хэмээн цээжээ дэлдэж яваа нь ичмээр.

Ам барьж азаартах, амьдаар дуулах гэж үйлээ үзэх нь энүүхэнд
Үнэндээ дуучин BX-ыг дуулаад эхлэхээр л үзэгчид өмнөөс нь санаа зовоод эхэлдэг гэдэг. Тэрээр өвөрмөц бүжиг, өөрийн гэсэн дүр төрхөөр үзэгчдийн анхаарлыг татан гарч ирсэн ч хоолой муутай гэдэг нь маргашгүй үнэн болохоор тэр. “New star” студиэс өрх тусгаарлахдаа чамгүй басуулсан тэрээр ганц дайчин ганцаардахгүйг үзүүлж, энд тэндхийн тоглолтон дээр ам барьж байгаад зөрж азаартах, амьдаар дуулах гэж үйлээ үзэхийн завсар явсаар ямар ч байсан олны танил болж чадсан. Мөн авъяаслаг залуу дуучин Эгшиглэнтэй хамтарч, хэд хэдэн дуу гаргасан нь хит болж, ёстой л аманд нь орсон шар тос болсон.
Студийн дуучин хэмээх тодотголтой тэрээр хоолойгоо бичүүлэхдээ нэлээд ажил уддаг төдийгүй овоо ч засвар хийлгэдэг гэдэг. Тиймээс ч тэрээр рок попын тогоонд өдий дайтай толгой хавчуулж яваа юм. 

Энгэр задгайлсаар олны танил болов
Нараг дуучин гэдгээс нь илүү гадаад байдал, хагас нүцгэн төрхөөр нь хүмүүс илүү мэддэг. Анхандаа дуучин хэмээн гарч ирсэн тэрээр кинонд тоглох гэж нэг үзээд, нэвтрүүлэг ч хөтлөх гэж нэг оролдсоор одоо бүр хэн ч биш болоод байгаа. Сүүлийн үед эмэгтэй уран бүтээлчид урлаг уран сайхан гэхээсээ хэн нь илүү нүцгэлснээрээ үзэгчдийг татаж, нэг нэгнийхээ дээр гарах гэж оролддог болсон. Дуучин Нара ч тэднийг манлайлагчдын нэг.

Тэрээр нэгэнтээ “Улсын их дэлгүүрийн өмнө хөхөө гаргаад бүжиглэхэд л Монголд од болно” хэмээн ярьж байсан удаатай. Өөрөө ч мөн энэ жишгээр энгэр цээжээ задгайлсаар хэн ч биш мөртлөө олны танил болж чадсан. Тийм ч болохоор түүний тухай элдэв таагүй яриа гарах нь их.
Сүүлийн үед дуучин бүсгүйн талаар “Хамт ууж наргисан залуус нь Нараг  ээлжлэн эдэлжээ” гэх мэдээлэл гарсан нь хэр баргийн яриаг тоодоггүй түүнийг чамгүй  бухимдуулж, шүүх цагдаа болж яваа сурагтай. 

Чинболорыг "жийх" шинэ менежмэнт
Нэг хэсэг нийтийн дуучид хос хосоороо улиг болтлоо дуулж, хоорондоо гэрлэх нь гэрлэж, салах нь салсаар овоо нэг цэгцэрсэн. Тэдний эгнээнд алхаж явсан дуучин Энхмэнд, Чинболор хоёр өөр өөрсдийн замыг хөөгөөд буй. Харин одоо тэдний тухай “Хоёулаа байхдаа хоёр талаасаа хамжиж, дэмжээд арай гайгүй дуулчихдаг байсан юм. Одоо ганц, ганцаараа яаж дуулах юм бол доо” хэмээн жиг жуг хийх болжээ. Учир нь Энхмэнд дэндүү дээд өнгөөр дуулдаг, гонгиносон хоолойтой. Харин Чинболор нь өргөлт гэж даанч байхгүй, Энхмэндийн хоолойг давж гардаггүй сул дуутай.
Тиймээс ч Энхмэнд тэртэй тэргүй роль муутай Чинболорыгоо жийж, ганцаараа дуулах шинэ менежментээ хэрэгжүүлж эхэлсэн аж.

"Өглөөний сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж